"Оюутан цэрэг" хөтөлбөрт бүртгүүлэх хүсэлтийг өнөөдөр 09:00 цагаас цахимаар авч эхэлнэ. Бүртгэл гуравдугаар сарын 11-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Хүсэлтийг гар утасны "E-Mongolia" аппликэйшн, www.e-mongolia.mn болон Төрийн үйлчилгээний "Хурдан" төвийн оператораар дамжуулан илгээх боломжтой.
Их, дээд сургуульд суралцагсад "Оюутан цэрэг" хөтөлбөрт бүртгүүлэхэд
-
Нийслэл Улаанбаатар хот болон орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын нэгдүгээр дамжааны оюутан байх
-
Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх
-
2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 хүрэх насных байх
-
Эрүүл мэндийн даатгал төлсөн байх шаардлага тавигджээ.
Өмнөх жилүүдэд зөвхөн нийслэл дэх дээд сургуулийн оюутнуудыг цахимаар бүртгэдэг байсан бол энэ удаад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудыг цахимаар бүртгэхээр болсон байна.
Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагчид заавал аймаг, дүүргийнхээ Засаг Даргын Тамгын Газрын Цэргийн штабт очиж бүртгүүлнэ.
"Шаардлага хангаж, бүртгэгдсэн оюутнуудыг эрүүл мэнд, биеийн тамирын шалгаруулалтад оруулна.
Шалгаруулалтад тэнцсэн оюутнууд онолын бэлтгэл сургалтад хамрагдаж, нийтдээ 98 цагийн буюу дөрвөн кредит бүхий хууль эрх зүй, цэргийн тактик, тусгай бэлтгэл гэсэн хичээлүүдийг судална.
Хичээл бүрийн шүүлэгт 60-аас дээш оноо авсан оюутнууд эрүүл мэндийн хяналтын үзлэгт хамрагдсанаар зургаадугаар сарын 15-наас хээрийн сургалтын бэлтгэлд гарна" хэмээн Батлан Хамгаалах Яамны СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж хэлж байв.
Оюутан цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж байна |
|