Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Намууд боловсролтой, нэр цэвэр эмэгтэйчүүдээр хүрээгээ тэлж байна
8 сар өмнө   227
Улс төрийн намын нийгэмд гүйцэтгэж буй чухал үүрэг бол иргэдийг төлөөлөх юм. Тэр дундаа нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангах явдал билээ. Дэлхийн улс төрийн намын хөгжил энэ чиглэл рүү илүүтэй хөгжиж буй бөгөөд намын удирдах, гүйцэтгэх түвшинд хүйсийн харьцаа ижил, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуусыг мөн намын удирдах албан тушаалуудад томилон ажиллуулж байна. Үүний томоохон жишээ нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын парламентад аж үйлдвэрийн менежер мэргэжилтэй 44 настай Хайке Хейбах гэх хөгжлийн бэрхшээлтэй иргэн сонгогдон ажиллаж буй явдал юм.
 
УИХ-ын 2020 оны сонгуулиар эмэгтэйчүүд парламентэд 13 суудал авсан. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боловч эмэгтэйчүүдийн хүн амд эзлэх байр суурьтай харьцуулан үзвэл хангалтгүй тоо юм.
 
Намын дотоод ардчиллын эерэг төлөвшил нь эргээд парламентэд тодоор илэрч, үр дүнгээ өгнө.
 
Одоогоос яг жилийн өмнө 2023.04.10-нд улс төрийн 10 намын удирдлагууд “Шийдвэр гаргах түвшин дэх тэгш төлөөллийг хангана” хэмээн амлалт өгсөн. Зэрэгцэн зогсч байгаад намын дарга нар ядуурал, авлига, орчны бохирдол болон нийгмийн асуудлын суурь шалтгааныг эмэгтэйчүүдийн оролцоог хумьж, эрчүүд давамгайлсан засаглалтай явж ирснээс үүдэлтэйг зөвшөөрч, ирэх сонгуулиар эмэгтэйчүүдийн төлөөллийг 40 хувиас багагүй байлгана хэмээн амлаж, гарын үсэг зурсан.
 
Энэхүү амлалтынхаа хүрээнд УИХ-д суудал бүхий гурван нам тодорхой алхамууд хийж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний өдөр ХҮН нам Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэхдээ сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг 50:50 байлгах бөгөөд нам нэр дэвшигчдээсээ ямар нэгэн байдлаар дэнчин авдаг жишгийг өөрчилнө хэмээн мэдэгдсэн. Харин МАН Хяналтын ерөнхий хорооныхоо дэргэд Жендэрийн хороо байгуулснаа зарлав. Намын жагсаалтыг хүйсээр сөөлжлөх болсон жишгийг тойрогт хэрэгжүүлнэ гэдгээ ч мэдэгдсэн. АН-ын хувьд жендэрийн тэгш байдлыг хангах бодлогоо зарлаж, намын дотоод бүтэцдээ аль нэг хүйсийн төлөөлийг 40 хувиас доошгүй байхаар тусгасан бөгөөд нэр дэвшүүлэхдээ хүйсийн квотыг доод хязгаар гэдгийг ухамсарлаж, 40 хувиар хязгаарлахгүй гэдгээ мэдэгдээд байна. Эдгээрээс энэ жилийн сонгуулийн өнгийг эерэгээр таамаглаж болохуйц харагдаж байна.  
 
Мөн зарим улс төрийн намууд иэрх жилийн сонгуульд шинэ соёл түгээж оролцохоор  боловсролтой, нэр цэвэр, залуу эмэгтэйчүүдээр эгнээгээ тэлсээр байна. МАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллага болох Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Нийслэлийн салбар холбооны ээлжит бус хурал 2024 оны 04-р сарын 05-ны өдөр болж, Холбооны тэргүүнээр Батмөнхийн Ану-Үжинг сонгогджээ.
 
Б.Ану-Үжин нь 1994 онд төрсөн, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, АНУ-ын Линколн Их Сургуульд Бизнес удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан боловсролтой, шинэ үеийн төлөөлөл юм. Мөн тэр Монголын анхны үнэртэй усны брэндийг үүсгэн байгуулагч, ҮХХ-ийн менежментийн компаний гүйцэтгэх захлаар ажилладаг ажээ.  
 
Өмнө нь тус холбоог УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэг 17 жил удирджээ. Ийнхүү урт хугацааны дараа залуу үеийн төлөөлөлд итгэл хүлээлгэсэн нь сайшаалтай. АН нам ч бас залуу үеийн төлөөллийг намын удирдах түвшиндээ томилсон талаар бид мэднэ.
 
Улс төрийн намд итгэдэггүй, сонирхдоггүй нийгмийн бүлгийг залуус тэргүүлдэг. “Залуусын санал бодлын судалгаа”-аар намд итгэдэггүй шалтгааныг улс төрийн нам залуусын төлөөллийг дотоод бүтэцдээ оруулдаггүй, залуусын асуудлыг бодлого, мөрийн хөтөлбөртөө тусгадаггүй хэмээн хариулсан байна. Нийт сонгогчдын 50%-ийг залуус эзэлдэг бөгөөд тэдний төлөөллийг хангах нь улс төрийн намуудад томоохон дэмжлэг болохоос гадна хамгийн таагүй институт болтлоо унасан нэр хүндээ аврах боломж байхыг ч үгүйсгэхгүй.
 
Намууд ийн дотоод бүтэцдээ нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангахын тулд бодитой алхамуудыг хийж байгаа нь харагдаж байгаа ч нэр дэвшигчдийн нэрс тодрох хүртэл сар гаруйн хугацаа байна. Үг, үйлдэл нь зөрөхгүй, улс төрийн хуучин соёлыг халж илүү олон “өнгийн” сонголттой солонгорсон сонгууль болно гэх итгэл тасраагүй л байна.
 
Хэдэн тэрбумаар яригдсан сонгуулийн зардлыг бууруулах нь ч улс төрийн намын манлайллаас шалтгаална. Залуус, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд бүхий л эрх мэдэл, шийдвэр гаргалтаас хол үлдсэн бүлгүүдийн төлөөллийг хангах нь магадгүй сонгуулийн зардлыг бууруулах, мөнгөнөөс ангид байх намд шинэ зам, мөрийг нээх ч юм билүү. Хэн мэдлээ.
Намууд боловсролтой, нэр цэвэр эмэгтэйчүүдээр хүрээгээ тэлж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0