Цагдаагийн байгууллагаас үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг "Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй" аяныг зохион байгуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн талаар ЦЕГ-ын УСГ-ын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Батцоожтой ярилцлаа.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Урилгыг хүлээн авч ярилцаж байгаад баярлалаа.
Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хүргэхгүй юу?
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний улирлалд насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн 594 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 86 хэргээр буюу 16.9 хувь өссөн. Гэмт хэргийн улмаас 613 хүүхэд хохирч, үүнээс 38 хүүхэд нас барж, 186 хүүхэд гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, хохирсон хүүхэд 96 буюу 18.6 хувь, нас барсан хүн 16 буюу 72.7 хувь, гэмтсэн хүүхэд 17 буюу 10.1 хувиар тус тус өссөн байна
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг бууруулах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ ?
Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулсан. Тухайлбал:
- Хуулийн хэрэгжилтийг хагах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, цагдаагийн байгууллагын судалгаа хяналтын санд бүртгэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид тавих нэг бүрчилсэн хяналтыг сайжруулах чиглэлээр “Хүүхэд хамгаалал-2024” арга хэмжээг энэ оны 03 дугаар сарын 01-нээс 29-ний өдрүүдэд зохион байгуулсан. Улмаар эрсдэлт нөхцөлд байгаа 384 хүүхдийг илрүүлж, 309 хүүхдийн ар гэрт нөхцөл байдлын үнэлгээ хийж, орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтанд 196, асрамж халамжийн байгууллагад 30 хүүхдийг тус тус холбон зуучилсан. Түүнчлэн
-"Лантуун дохио" төрийн бус байгууллагатай "Ub cab" компанийн 2000 жолоочид “Хүүхэд хамгаалагч жолооч” сургалт зохион байгуулж, хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын чиглэлээр жолооч нартай хамтран ажиллаж байна.
-Насанд хүрээгүй хүнээс үйлдсэн тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийн хувьд хоорондын таарамжгүй харилцаа, үе тэнгийн дээрэлхлээс үүдэлтэй байдаг тул Цагдаагийн байгууллага, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1 сарын хугацаатай үе тэнгийн дээрэлхлээс урьдчилан сэргийлэх “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” мэдээлэл сурталчилгааны аяныг зохион байгуулж байна.
Сая хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн 1 сард батлагдсан. Шинэчилсэн найруулгаар хүүхдийг хамгаалах, цаашлаад хохирогчид тусламж үйлчилгээг үзүүлэх тухай хэд хэдэн зохицуулалт орсон гэж харсан. Энэ тухайд.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “хүүхэд хамгааллын үйлчилгээ” гэж хүүхэд хамгааллын тогтолцооны оролцогч талуудаас хүүхдийн хамгаалуулах эрхийг хангах зорилгоор үзүүлж байгаа шуурхай тусламжийн, хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх хэлбэрээр үзүүлж байгаа үйлчилгээг хэлнэ гэж тодорхойлсон. Уг үйлчилгээг шуурхай тусламжийн,хамгаалах, нөхөн сэргээх,урьдчилан сэргийлэх үйлчилгээ гэсэн 3 төрлөөр хүүхдэд үзүүлж, зөвхөн хүүхдэд чиглэх биш хүүхдийн амьжиргааны нөхцөлийг сайжруулах зорилгоор гэр бүлд тусламж, дэмжлэг үзүүлэх, ажлын байранд холбон зуучлахаар хуульчилсан. Шуурхай тусламжийн үйлчилгээний хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, эмнэлгийн яаралтай тусламж, сэтгэл зүйн болон хууль зүйн анхан шатны зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээнд нэн даруй холбон зуучилна. Шаардлагатай тохиолдолд хүүхдийг хамгаалах аюулгүйн төлөвлөгөөг боловсруулж хамтран ажиллахаар болсон байгаа. Уг хууль энэ оны 09 дүгээр сарын 01-ний дөрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх бөгөөд дээрхи бүх үйлчилгээг төрийн байгууллагууд өөрсдийн чиг үүргийг дагуу хийж гүйцэтгэхийг тодорхой хуульчилсан байгаа.
Энэ хуулиар хүүхдийг үл хайхрах хүчирхийллийн хэлбэрийг тодорхойлж хуульчилсан байсан. Ингэснээр эцэг эхийн үүрэг хариуцлагыг улам нэмэгдүүлж байна гэж харсан.
Тиймээ, уг хуулиар “Хүүхдийг үл хайхрах” гэж хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, үүрэг хүлээсэн бусад этгээд хүүхдийн аюулгүй байдал, бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаа, боловсрол, хөгжлийн хэрэгцээг гачигдуулсан, асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсныг хэлнэ гэж хуульчилсан нь эрх бүхий албан тушаалтнууд хүүхдийг үл хайхарсан хүний үйлдлийг тодорхойлох, хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд илүү дөхөм болсон гэж харсан. Мөн хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулж, энэ байдлаас нь болж хүүхэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болсон тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болсон.
Хүүхдүүд эрхээ хэрхэн хамгаалах тал дээр хэрхэн мэдээлэлтэй байдаг вэ? Сүүлийн үед үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудал яригдах боллоо. Ийм нөхцөл байдалд орсон хүүхэд хаана хэнд хандах ёстой вэ? Эцэг эхийн зүгээс ямар арга хэмжээ авах нь хамгийн тохиромжтой вэ?
Хууль тогтоомжид зааснаар эцэг эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийг аюулгүй байдлыг ханган, нийгмийн бүхий л орчинд хүүхдийн эрхийг хангах нь зөвхөн хувь хүн биш төр , нийгмийн үүрэг болсон. Иймд насанд хүрэгчид түүнчлэн эцэг эхчүүд хүүхдээ ямар нэгэн хүчирхйилэл, дарамтанд байна гэж мэдвэл холбогдох байгууллагад заавал мэдээллэх үүргийг дээр хэлсэн Хүүхэд хамгааллын шинэчилсэн хуулиар баталгаажуулсан байгаа.
Хүүхдүүд маань нэг үеэ бодвол өөрийн эрх, хэрэв эрх нь зөрчигдвөл хаана, хэнд хандах, наад зах нь 108 тусламжийн утас, 102 цагдаагийн байгууллагаын утсанд мэдээллэж болно гэдгийг, насанд хүрэгчдээстусламж гуйх нь хамгийн зөв гэдгийг мэддэг болсон. Зарим тохиолдолд хүүхэд бусдын дарамт шахалтанд орсны улмаас магадгүй хаана хандахаа мэдэхгүйгээс гэмт хэргийн үйлдэл үргэлжлэх, илрэхгүй удаашрах нөхцлийг үүсгэдэг байж болох юм. Бид энэ байдлыг таслахын тулд цагдаагийн байгууллагаас хүүхдүүд, ялангуяа ЕБС-н сурагчдад сургналтыг тогтмол зохион байгуулдаг.
Дээрэлхэж байгаа хүүхдүүдэд хуулийн ямар хариуцлага оногдуулдаг юм бэ?
Үе тэнгийн дээрэлхэл нь зан үйлийн гажуудал юм, түүнийг засах боломжтой.
Дээрэлхэх үйлдэл удаа дараа давтагдан бусдын биед хохирол учруулж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл болбол Эрүүгийн хуульд зааснаар хариуцлагын асуудал яригдана. Тодруулбал нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн л бол эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Харин тодорхой төрлийн гэмт хэрэгт 14-16 насны хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байгаа.
Сургуулийн орчинд сэтгэл зүйч, нийгмийн ажилтан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн хамтардаг вэ?
Нутаг дэвсгэр харуицсан цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан 100 гаруй алба хаагчид сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтантай хамтран эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх,хариу үйлчилгээнд холбон зуучлах, ар гэрийн нөхцөл байдлыг судлах, тухайн хүүхдийг хяналтандаа авах зэрэг өдөр тутмын ажлыг хийж гүйцэтгэдэг.
Цаашид энэ төрлийн гэмт хэргийг бууруулах урьдчилан сэргийлэхийн тулд бид юун дээр анхаарах вэ?
Хүүхдийн эсрэг гэмт хэргийг бууруулах насанд хүрэгчид эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага асар өндөр нөлөөтэй. Үүн дээр хүүхдийн насны онцлогт тохирсон эрх зүйн мэдлэг, өөрөрө хэлбэл би аюулгүй байдалд байна уу, хэн нэгэн миний эрхийг зөрчиж байна уу, хэрэв зөрчиж байгаа бол би хэнд хэлэх вэ гэдгээ мэддэг байх ёстой. Мөн хүүхэд, гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийлэлд өртсөн байж болох сэжиг таамаг байгаа тохиолдолд мэдээллэх үүргээ хуулиар үүрэг хүлээсэн албан тушаалтан төдийгүй иргэд маань биелүүлдэг байхад хүүхэзд хохирох гэмт хэрэгтодорхой хэмжээгээр буурна гэдэгт итгэлтэй байна.
Ярилцсанд баярлалаа.
Б.Батцоож: Үе тэнгийн дээрэлхэл нь зан үйлийн гажуудал юм, түүнийг засах боломжтой |
|