Улаанбаатар хотод гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, илрүүлэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор морьт эргүүл ажиллаж байна. Морьт эргүүлийн албаны адуун сүргийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн "Мал бордох" гэх газар жүчээ байгуулан байрлуулжээ.
Морьт эргүүл ажиллуулахаар 112 сая төгрөгийн төсвийг НИТХ-аар шийдүүлж, ОХУ-аас “Будейн” үүлдрийн 20 адуу худалдан авчээ.
Тус ажлын зохион байгуулалтын талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэгээс тодруулахад, "Одоогоор нийслэлийн Баянзүрх дүүргийн “Хар усан тохой”-гоос Хан-Уул дүүргийн Биокомбинат хүртэл Туулын голын эрэг, ай сав газар, төвийн зургаа, алслагдсан нэг дүүргийн нутаг дэвсгэрт гудамж талбай, гэр хороолол, аялал зугаалгын бүсийн 15 чиглэлд 30 алба хаагчтайгаар морьт эргүүлийг зохион байгуулж байна.
Мөн Тэрэлжийн чиглэлд дөрвөн морьт эргүүл ажиллаж байгаа аж.
Урьдчилсан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа учраас бусад цагдаагийн алба хаагчид шиг дуудлага хүлээн авахгүй. Ерөнхийдөө тээврийн хэрэгсэл болон явган явах боломжгүй гудамж талбай, голын ай сав газарт хүрч ажиллах, хойшлуулшгүй ажиллагаа явуулах гэх зэрэг зохицуулалтаар ажиллаж байна. Мөн гол, устай ойр байгаа иргэдэд зөвлөмж хүргүүлэх гэх мэт урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү ажиллаж байна. Морьт эргүүлийн алба аравдугаар сарын 1-нийг хүртэл ажиллахаар төлөвлөсөн. Гэхдээ тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдлаас хамааран, хугацааны хувьд урагшлах, хойшлох асуудал гарч магадгүй" гэв.
15 чиглэлд морьт эргүүл ажиллаж байна |
|