Сэлэнгэ аймгийн цагдаагийн албан хаагч бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 /Бага насны хүүхэд хүчиндэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Уг алба хаагчийн гэм бурууг шүүх хурал Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр/2024.07.25/ болсон байна.
Шийдвэрийн талаар тус шүүхээс дараах мэдээллийг өглөө.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаа жолооч асан шүүгдэгч нь 26 настай, тэрбээр өөрийн гэртээ болон тээврийн хэрэгсэл дотор үргэлжилсэн үйлдлээр 13 нас, 2 сар, 26 хоногтой бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Бага насны хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед “шүүгдэгчтэй 4-5 удаа бэлгийн харилцаанд орсон” талаараа тогтвортой мэдүүлж ирсэн боловч шүүх хуралдаанд “шүүгдэгчтэй бэлгийн харилцаанд ороогүй” гэж мэдүүлдэг.
Харин шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, хохирогч охиныг мэдэж байгаа, дуугүй байх эрхээ эдэлж байгаа талаар тайлбарласан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс: “...хохирогч охин бие бялдрын хувьд өндөр, биерхүү тул 13 настай гэж мэдээгүй, 16 настай гэж бодсон учраас 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэсэн зүйлчлэлээр хөнгөрүүлж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.
Бага насны хохирогч ...нь гэрээсээ 8 удаа сураггүй алга болж, Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, тухай бүр нь ар гэрт нь хүлээлгэн өгч байсан баримт хавтаст хэрэгт авагджээ. Бага насны хохирогчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулахдаа түүний талаарх бүхий л хувийн мэдээллийг фото зургийн хамт цагдаагийн бие бүрэлдэхүүнд дотоод цахим сангаар мэдээллийн дагуу шүүгдэгч нь 2024 онд бага насны хохирогчийг алга болох үед олж ар гэрт нь хүлээлгэн өгч байсан тул түүнийг 13 настай гэдгийг мэдээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Энэхүү гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь бага насны хохирогчийн хойд эцэг, ар гэрийн хараа хяналтгүй байдлын улмаас өмнө нь хүчингийн гэмт хэргийн хохирогч болж, улмаар өөрөөсөө ах, эгч нартай харилцдаг, насанд хүрсэн хүмүүсийн хийдэг бүхнийг хийхийг хүсдэг, тэдний нөлөөнд автан архидан согтуурдаг, гэр орноосоо олон хоногоор, удаа дараа алга болж, гадуур тэнэдэгтэй шууд холбоотой гэж үзэхээр байна.
Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл
Эх сурвалж: Шүүхийн Ерөнхий Зөвлөл
13 настай хүүхдийг хүчиндсэн цагдаад 12 жилийн хорих ял оноожээ |
|