Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Сангийн яам шатахуун импортлогчдоос айчихаж. Харин татвар төлөгч иргэдээс…
7 жил өмнө   828
Олон улсын валютын сангийн төлөөлөгчид энэ сарын 25-нд буюу маргааш Улаанбаатарт ирж, дараагийн шатны хэлэлцээрийн ширээнд суухтай зэрэгцэн олон нийтэд нэг бодлын итгэл, нөгөө бодлын эсэргүүцэл төрж байгаа нь нууц биш. Учир нь, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сүүлийн өдрүүдэд “Хувь хүний орлогын албан татварын шатлалыг эргэж харах нь зөв” гэдэг байр суурь олноор илэрхийлж “Би ч дэмжээгүй. Би ч анхнаасаа эсэргүүцсэн” хэмээн тайлбарлах боллоо. Энэ нь хөндлөнгөөс нь харахад гэмт хүн гэлбэлзэнэ гэдгийн үлгэр гэлтэй. Харин Засгийн газрын гишүүдийн зүгээс “Энэ асуудлыг сайтар бодож үзэх хэрэгтэй” гэдэг байр суурь илэрхийлэх нь олон байгаа. 
 
Гэсэн ч өчигдөр Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Одоо бол бид ОУВС-тай зарим асуудлыг эргэж ярихаар төлөвлөж байна. “Улирлын чанартай буюу зуны хэдхэн сар хүнд нөхцөлд ажиллаад гайгүй өндөр цалин авахаар их хэмжээний татвар авахаар байна” гэсэн бухимдал барилга, уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсээс их гарч байгаа. Тиймээс энэ салбарыг тусгайлан авч үзээч гэсэн саналыг ОУВС-д тавьж байна. Мөн шатахууны онцгой албан татварыг эргэж харах саналаа хүргүүлсэн. Шатахууны онцгой албан татварыг багасгана гэхээр дизель түлшний гол хэрэглэгчид болох уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт татаас өгч байгаагаас ялгаагүй. Тиймээс иргэдийнхээ нуруун дээр ачаалал өгөхгүй байх механизмыг олох ёстой гэдгийг ОУВС зөвлөсөн. Монгол Улс шатахуунаа 100 хувь импортоос авдаг учраас дэлхийн зах зээлээс хамаарч байгаа үнийг байнга тогтоон барьж чадахгүй”. Энэ бол харьцангуй гэгээтэй мэдээлэл. 
 
Гэхдээ хувь хүний орлогын албан татварын шатлалтайгаа хамт шатахуун импортлогчдод татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг хамт тавих нь хэр зохистой юм бэ хэмээн асуумаар. Саяхан л Сангийн яамнаас “Энэ татварын шатлал ажил эрхэлдэг хүн амын ердөө найман хувьд л нөлөөлнө. Энэ бол байх л нөлөөлөл. Бага цалинтай иргэд нь тайван байж болно” хэмээн сурталчилж байсан. Гэсэн ч Монголын үйлдвэрчний нэгдсэн эвлэл болон салбар хоорондын үйлдвэрчний эвлэлийнхэн нэгдэж, Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулснаар бага ч атугай чих нь онгойж, асуудлыг бодитой харах чигтэй болсон байх талтай. Дээр нь, УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороонд 1,416 иргэн татварын шатлалыг эсэргүүцэж, өргөдөл гаргасан байгаа. Бүхэл бүтэн ганц сэдвээр нэг дор 1,416 хүний өргөдөл УИХ-д очино гэдэг бол яах аргагүй дохио, сануулга.
 
Түүнчлэн “Оюутолгой” компанийн ажилчид ч уурхай дээрээ эсэргүүцлийн лоозон барьж зогссон. Харамсалтай нь, уг хууль батлагдсан цагаас хойш хийсэн тэдний эсэргүүцлийг үл тоож “Дэлхийн жишгээ дагаж, татвар нэмнэ” гэж хэлсэн хэрнээ яагаад асуудлыг нь тавих болохоороо шатахуун импортлогчтой хольж хутгана вэ. Тэд ердөө л долоо хоног шатахуунаа өгөх үү, байх уу гэж хаалгаа хааж нэг, онгойлгож нэг үзээс Сангийн яамыг айлгачихдаг. Харин жинхэнэ утгаараа ар гэрээсээ алс хол, жилийн 365 хоногийн 250 хоногийг нь гэрээсээ хол, үр хүүхэд, хайртай хүмүүсийнхээ дууг утасны цаанаас сонссон болж өнгөрүүлдэг жирийн ажилтан, ажиллагсад болохоор хагас жил учирлаад ч зовлонгоо ойлгуулж дөнгөсөнгүй. 
 
Уг нь, татварын шатлалд хамрагдаж байгаа 11.1 хувийнхны 1.5 сая төгрөгийн цалингаас дээш 15, 20, 25 хувийн татвар оноохоор энэ нь цалингийн шатлалаасаа хамаараад 75-400 мянган төгрөгийг татвар төлнө. Дээр нь, өнөөдрийн бодит инфляцийн өсөлтийг 10 хувь гэж үзэх юм бол мөн л цалингийнх нь арван хувь үнийн өсөлтөд тавиад тууж байгаа гэсэн үг.
 
Мөн Дэлхийн банкны ахлах эдийн засагч Самуэль Фрейже “2014-2016 оны хооронд өрхийн бодит орлого ихэнх буюу 15 хувиар буурсан нь Монгол Улсын ядуурлын чиг хандлагад нөлөөлсөн” хэмээн мэдээллэж байсан. Яг үүнтэй адил амьдралаа төрөөс мөнгө гуйхгүй, цалин нэмээч гэж шаардахгүй өөрийнхөө төвшинд авч яваа хүмүүсээ ингэж татварын аргаар дарамтлахаар тэдний орлого ч бодитой буух нь ойлгомжтой.
 
Харамсалтай нь, Засгийн газар татвараас 51 тэрбум төгрөгийн орлого олно. Эдийн засгийг сэргээхэд энэ мөнгө хэрэгтэй хэмээн зарлаад байгаа атлаа эргээд 55 тэрбумыг төрийн албан хаагчдын нэг удаагийн 300 мянгын тэтгэмжид тарааж, 2018 оны төсвийн зарлагаа тодорхой нэг тайлбаргүйгээр 497 тэрбум төгрөгөөр нэмсэн. Ийм байхад тэгээд татвар төлөгчид дуугүй хараад л суух уу. Олон улсын валютын сангийнхантай хамт хэлэлцээрт орохыг нь чимээгүй хараад суух уу. Энэ дундаас нь арай шатахуун импортлогчид хожоод, иргэд хохирох юм биш байгаа. “Шатахуун байгаа цагт уул уурхай, барилгын салбар ажиллаж, тэр хэрээр та нар ажилтай байна шүү дээ” гээд арай хуурчихгүй юм биш биз. Энэ бол иргэдийн бодит айдас, бас хардлага.
 
Шатахуун импортлогчдоос долоо хоногийн дотор айдаг төрд татвар төлөгч иргэд нь өнгөрсөн хагас жилийн хугацаанд айлгаж бус аядуу тайвнаар хэчнээн ч удаа үгээ хэлсэн билээ дээ. Тэр болгонд нь тоож хараагүй л юм даа… Сангийн яамаа гэж. 
 
 
 
Эх сурвалж: Д.Намхай /Ipost.mn/
Сангийн яам шатахуун импортлогчдоос айчихаж. Харин татвар төлөгч иргэдээс…
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0