Сар шинийн баяр, амралтын өдрүүдийн аюулгүй байдлын сэрэмжлүүлэг, “Дөрвөн асуудал-Нэг шийдэл” аяны талаар НОБГ, Нийтийн тээврийн бодлогын газар, БОГ, УБХЗАА-ны Сайжруулсан шахмал түлшний хяналтын хэлтэс НОБГ-т мэдээлэл хийлээ.
Нийслэлийн онцгой байдлын газрын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар" Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гал түймрийн улмаас 124 хүн амь насаа алджээ. Тэдний 72.6 хувь нь шөнийн цагаар, 27.4 хувь нь өдрийн цагаар амь эрсэджээ. Мэдээллээс харахад, иргэд ихэвчлэн шөнийн цагаар анхаарал болгоомжгүйн улмаас амь насаа алдаж байна. Мөн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гал түймрийн улмаас төр, хувийн өмчид 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүний 90 орчим хувь нь иргэдийн өмч хөрөнгөнд учирсан хохирол эзэлж байгаа юм. Түүнчлэн хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан бид нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ой хээрийн буюу шар өвсний түймрийн 406 удаагийн дуудлага бүртгэгдэж 114 га талбай шатлаа.
Үүнээс гадна нийтийн тээвэр болон автомашин шатсан гэх дуудлагууд бүртгэгдэх болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 502 удаагийн дуудлага бүртгэгдсэнээс нийтийн тээврийн 30, суудлын автомашин 390, ачааны автомашин шатсан гэх нийт 50 дуудлага бүртгэгджээ. Үүний улмаас нэг тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Иймд эдгээр эрсдэлийг бууруулахын тулд Онцгой байдлын газраас "Дөрвөн асуудал нэг шийдэл" аяныг зохион байгуулж, иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргэнэ" гэв.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гал түймрийн улмаас 124 хүн амь насаа алджээ |
|