Сүүлийн жилүүдэд архинаас болж хордох, улмаар амь насаа алдах хүмүүсийн тоо ихэссэн. Дан ганц насанд хүрэгчид бус хүүхэд ч гэсэн багтсан байгаа. ЕБС-ийн 12-17 насны 7000 хүүхдийн дунд явуулсан судалгаагаар 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэх буюу тасартлаа ууж үзсэн гэсэн харамсалтай дүн гарчээ. Бас багагүй хувь нь “11 насандаа согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж үзсэн” гэжээ.
Гэнэн цайлган, цагаан цаас шиг гэцгээдэг хүүхэд өөрсдөө аливаа зүйлийг шохоорхож, даган дууриах нь олонтаа. Тэгвэл тэдэнд үлгэрлэгч нь хэн бэ гэсэн асуулт гарч ирнэ. Хүүхэд архи, согтууруулах ундааны талаар анхны ойлголтыг гэр бүл ойр дотны хүмүүсээсээ авдаг нь ойлгомжтой. Гэхдээ ихэвчлэн эцэг эх нь савны амсарт толгойгоо мэдүүлчихсэн, сархадын ааганд хөлчүүрхсэн үед хүүхдэд анхны төсөөлөл төрдөг нь харамсалтай. Дэргэд нь хүмүүжин төлөвшиж эцэг эхийнхээ тольны тусгал болж байдаг үр хүүхдээ огоорсон эцэг эхчүүдэд гэм бий.
Өнөөдрийн байдлаар архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 12500 аж ахуйн нэгж бий. Бизнесийн байгууллагууд учраас бүгд л ашгийн төлөө ажиллана. Тэгэхээр ашгаа бодох уу, эсвэл хүний хүүхдийг бодох уу? гэсэн асуулт гарч ирнэ. Цагдаагийн байгууллага шалгалт хийх явцад 1700 аж ахуй нэгжид зөрчил илэрсэн тул 160 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ноогдуулсан байна. Энэ мэтчилэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг хэдий ч зарим аж ахуй нэгж байгууллагын эзэд нэг удаагийн торгуульд хотойхоор хүмүүс биш бололтой. Өөрсдөө хүүхэдгүй ч ирээдүйд хүүхэдтэй болно гэдгээ үгүйсгээд байн уу.
Өнгөрсөн онд 32000 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 4000 нь согтуугаар үйлдэгдсэн. Хүүхдүүд согтуугаар 550 гэмт хэрэг үйлдсэн гэсэн харамсалтай тоо баримт байна. Насанд хүрэгчдээс илүүтэйгээр ахлах ангийн сурагчид архины нөлөөлөлд хэт автаж, мөн архины далд хэрэглээ, худалдаа байсаар байна. Аливаа бизнес хүний нүднээс далд байх тусмаа хор хөнөөл ихтэй.
Өнгөрсөн онд архинаас болж 18 хүүхэд хорвоог орхисон гашуун түүх бий. Цагдаагийн байгууллага дан ганц архидан согтуурахтай бус 240 гаруй нэр төрлийн гэмт хэрэгтэй тэмцдэг учир иргэд аж ахуй нэгжүүдээс гар хүрэх газраа гараа сунгах хэрэгтэй байгааг холбогдох мэргэжилтнүүд хэлсээр байгаа. Ер нь бол хаана хаанаа хяналттай байвал энэ гашуун дарснаас хойч ирээдүйгээ хамгаалж чадна.
Ц.Энх-Оргил
Өнгөрсөн онд архинаас болж 18 хүүхэд хорвоог орхисон |