МУ-ийн тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн ажлуудын нэг нь Засгийн газраас хэрэгжүүлсэн гэр хорооллын шөнийн цахилгааныг тэглэсэн явдал юм. Нийт 114’512 хэрэглэгч хамрагдсан бөгөөд үүнд 3.5 тэрбум төгрөгийг БОАЖ-ын сайдын багцаас зарцуулжээ. Хөнгөлөлтийн хугацаанд шөнийн ачаалал 17 хувь өссөн нь нийт хөнгөлөлт үзүүлсэн айл өрхийн 15 хувь нь цахилгаан халаагуур ашигласан гэсэн тооцоо гараад байна.
Тэгвэл НИТХ-ын 13-р хуралдаанаар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явцыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.
Хэрэгжилтийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах А/17 дугаар захирамж гаргаж орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны нэгдүгээр сарын 1 хүртэл зогсоосон. Ингэснээр Улаанбаатар хотод шилжин ирэх иргэдийн тоо эрс цөөрч орон нутагруу шилжсэн иргэдийн тоо өссөн байна гэв. 2016 онд нийслэл хотруу 25196 шилжин ирсэн бол өнгөрсөн онд 9949 иргэн шилжин ирсэн гэсэн судалгаа байна. Харин орон нутагруу 11256 иргэн шилжсэн гэсэн бүртгэл байгаа юм байна.
Мөн цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэхийн тулд Улаанбаатар хотын 6 дүүрэгт 63 агаарын дэд станц шинээр барьж суурилуулан, 6,363 шинэ хэрэглэгчийг цахилгааны эх үүсвэрт холбосон байна. 2018 онд гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 39.5 тэрбум төгрөг Улсын төсвөөс зарцуулна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг тэлэх, цахилгааны шөнийн үнийн тарифыг өвөл, хаврын улиралд хөнгөлөх арга хэмжээнд илүү олон өрх хамруулах зорилгоор шөнийн цахилгааны үнийн урамшуулалд Улаанбаатар хотын гэр хорооллын 110 мянган өрхийг хамруулах аж.
2016 онд нийслэл хотруу 25196 шилжин ирсэн бол өнгөрсөн онд 9949 иргэн шилжин ирсэн |