Монголоос Казахстан улс руу хууль бусаар машин оруулдаг бүлэглэл дуулиан тариад байна. Тодруулбал, хуурамч бичиг баримтаар хил давуулсан машинууд Казахстан, ОХУ-ын гаалийн шалгалтын үр дүнд илэрчээ. Автомашинуудын ихэнх нь 2001-2010 онд үйлдвэрлэгдсэн Өмнөд Солонгосын Хюндай, Киа маркийн машинууд байгаа аж.
Казахстаны Санхүүгийн сайд Бахыт Султанов сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө яаж Монголоос ирсэн машин ямар ч гаалийн шалгалт, татваргүйгээр хил нэвтрээд Казахстаны дугаар аваад байгааг ойлгохгүй байгаагаа хэлжээ. Иймд Казахстанд машин оруулдаг монгол мафийг тэд ОХУ-ын гааль, Цагдаагийн газартай хамтран шалгаж эхэлсэн байна.
Энэ талаар Бахыт Султанов хэлэхдээ “Хаанаас энэ машинууд гараад ирэв, яаж бүртгүүлээд дугаар авав, яагаад татвар төлөөгүй байгаа вэ гэдгийг ОХУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж, орж ирсэн маршрутыг судлаж байна. Гурван жилийн өмнөөс эхэлсэн бололтой. Одоогийн байдлаар Монголоос ямар ч бүртгэлгүй 800 машин орж ирсэн нь тогтоогдоод байна. Тоо улам өсөх байх. Манай замын цагдаагийн газраас ийм машинуудыг шалгаж, хурааж байгаа. Машины эзэд хууль ёсоор авсанаа батлаж чадахгүй бол бид бүх машиныг дуудлага худалдаагаар зарж, улсын орлого болгох болно” гэжээ.
Хууль бусаар машин оруулдаг монгол мафийг шалгаж эхэллээ |