Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
ТҮЦ эрхлэгчдийн холбооны гишүүд МАН-ын байрны гадаа хагас нүцгэн жагсав
7 жил өмнө   1769

МАН-ын байрны гадна өнөөдөр хэсэг бүсгүйчүүд хагас нүцгэн жагслаа. Тэдний тэмцэл 20 гаруй минут үргэлжлэв.

''Иргэдийн шударга шүүх'' ТББ-ын дэргэдэх ''Ээжүүдийн холбоо''-ноос энэхүү тэмцлийг зохион байгуулжээ.

Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл, ТҮЦ эрхлэгчдийн холбооны гишүүд гэж өөрсдийгөө танилцуулсан эдгээр эмэгтэйчүүд МАН-ын байрны гадна эсэргүүцэл илэрхийлэх болсон шалтгаанаа ''Амьдралаа залгуулдаг бизнесийг нь улсаас албадан устгаж байгааг эсэргүүцэж байгаа'' гэж тайлбарлав.

Өнөөдөр Улаанбаатарт -23 хэмийн хүйтэн байна. Жагсагч эмэгтэйчүүд ''Оффшорчдыг зайлуул'' гэх мэтчилэн үг бичсэн лоозон барьж, 20 гаруй минут гадаа зогссон ба Монгол Ардын намын хуулийн зөвлөх гарч ирэн, тэдэнтэй ярилцахаар дотогш авч орсон юм.

Эдгээр эмэгтэйчүүд 2017 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлжээ. Одоог хүртэл тэдэнд шаардлагын хариу өгөөгүй тул өнөөдрийн тэмцлээрээ мөн төр засагт хүргүүлсэн шаардлагын хариугаа нэхэн, сануулж байгаа аж. Тэрхүү шаардлагыг дор бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 - ШААРДЛАГА -

Монголын худалдаачдын өмнө тулгамдсан асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байх тул зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Үүнд:

Худалдаачдыг хоршоо, нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулах, тэднийг дэмжих аажим, аажмаар үйлдвэрлэгч болгох арга хэмжээнүүдийг шат дараалалтайгаар хэрэгжүүлж дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах.

 Худалдаачдын өмнө тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, тэднийг дэмжих ажлыг зохион байгуулахыг шаардаж байна.

 Өөртөө ажлын байр бий болгон, хүнд хэцүү нөхцөлийг үл харгалзан амьдрах эрхийнхээ төлөө тэмцэж байгаа худалдаачин иргэдээ хориглож, торгож, үйл ажиллагаанд нь саад учруулах замаар амьжиргаанаас нь салгаж, өр зээлийн дарамтад оруулж байгаа зүй зохисгүй аливаа шийдвэр, үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байна.

 

Өр зээл, түрээсийн дарамтад орж аргагүйн эрхэнд гудамж талбайд худалдаа наймаа эрхлэн амьдарч буй иргэдээ бүртгэлцүүлж, ажлын байр, эдийн засгийн баталгаагаар шат дараалалтайгаар хангах бодлогыг дэмжиж хамтран ажиллахыг шаардаж байна.

 Ажлын байрны онцлог, эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас хамаарч банкнаас зээл авах боломжгүй болсон, өмнө нь авсан зээлээ төлөх чадваргүй болж дампуурсан, хэт өндөр хүүтэй зээл авч улмаар хууль хяналтын байгууллага, мөнгө хүүлэгчдийн дарамтад орсон худалдаачдын эрх, эрх чөлөөг хамгаалах арга хэмжээг зохион байгуулахыг шаардаж байна.

 Худалдаа наймаа эрхэлж байгаа хэт өндөр хүүтэй зээлийн уршгаар орон байр, амьдрах эх үүсвэрээ алдсан худалдаачдын хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр тогтоолуудыг дахиж хянах, худалдаачдын гомдлыг барагдуулах ажлын хэсэг зохион байгуулах.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очсон шийдвэрүүдийг биелүүлэх ажлыг Монгол улсын Үндсэн хуульд нийцүүлэн хүнлэг энэрэнгүй байх зарчмаар хангахыг тус тус шаардаж байгааг хүлээн авч нэн яаралтай арга хэмжээ авна уу?

ТҮЦ эрхлэгчдийн холбооны гишүүд МАН-ын байрны гадаа хагас нүцгэн жагсав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0