Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хуучин даргаа огцруулсан шинэ Засаг даргын ах дүү нарт давуу байдал олгожээ
6 жил өмнө   1106

АТГ-аас өнгөрсөн сард хийсэн шалгалтаар Дорнод аймгийн албан тушаалтнууд Гурванзагал суманд хэрэгжүүлэх “Мах сүү, сүүний чиглэлийн үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч олгох” төслийг сонгон шалгаруулалтгүйгээр сумын Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчийн ах дүүст давуу байдал бий болгон олгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн талаар бид мэдээлсэн.

Чухам хэн гээч албан тушаалтнуудад давуу байдал бий болгосныг судалж үзвэл тус сумын Засаг дарга Ч.Батдэлгэр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дамдинсүрэн нарын төрсөн дүү, ах дүү нар болох Ч.Дамдиндорж, Ч.Батчадраа нарт давуу байдал бий болгож, төслийг шууд олгожээ. Өөрөөр хэлбэл дээрх нэр бүхий хүмүүс төрсөн ах дүүс бололтой.

Ч.Батдэлгэр гэгчийг Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны Б36 тоот захирамжийн дагуу 2017 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Гурванзагал сумын Засаг даргаар томилсон тушаал гаргажээ. Тэрбээр тушаал гарснаас хойш хоёрхон хоногийн дараа буюу аравдугаар сарын 13-наас ажлаа хүлээж авчээ.

Тэрбээр сумын засаг дарга болохоосоо өмнө Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахад санхүүгийн хяналт тавих иргэдийн Хурлын дэргэдэх таван хүний бүрэлдэхүүнтэй Хяналтын зөвлөлийн хэсгийн ахлагчаар ажиллаж байсан аж.

Уг Хяналтын зөвлөл нь тухайн сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бүх ажил дээр хяналт шалгалт хийх эрхтэй субъект юм. Тиймээс Хяналтын зөвлөлийн гишүүд тус сумын 2017 онд хийгдсэн ажлуудтай танилцаж, хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтын явцад тухайн үед Гурванзагал сумын Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батмөнх нь ашиг сонирхлын зөрчил гаргаж, хуулийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж, таван гишүүн гарын үсэг зурж, Засаг даргаа огцруулахаар аймгийнхаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөн мэдүүлсэн байна. Улмаар ИТХ-ын гишүүдийн олонхийн саналаар Ж.Батмөнхийг сумын Засаг даргаас огцруулжээ.

Ч.Батдэлгэр нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахад санхүүгийн хяналт тавих иргэдийн Хурлын дэргэдэх таван хүний бүрэлдэхүүнтэй хяналтын зөвлөлийн хэсгийн ахлагчаар ажиллаж байсан үеэ таг мартсан бололтой. Ах дүү, хамаатан садандаа сонгон шалгаруулалтгүйгээр төсөл, тендер давуу байдал бий болгон өгсөн нь АТГ-ын шалгалтаар ийн тодорхой болсон байна.

Дашрамд дурдахад, ажлаас халагдсан, хуучин засаг дарга Ж.Батмөнхийн хувьд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэх асуудлаар шүүхэд хандсан бөгөөд өдгөө анхан болон давж заалдах шатны шүүхэд ялалт байгуулаад байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, Ж.Батмөнхийг хууль бусаар ажлаас халагдсан хэмээн хоёр шатны шүүхээс үзээд байна. Хэрвээ хяналтын шатны шүүхээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг баталгаажуулвал Ж.Батмөнх Засаг даргын албан тушаалдаа эргүүлэн томилогдох юм.

 

 

Ц.ОРГИЛ

Хуучин даргаа огцруулсан шинэ Засаг даргын ах дүү нарт давуу байдал олгожээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0