Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, түүнийг энэ сарын 17-нд шүүхээр болов
6 жил өмнө   647

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр буюу наймдугаар сарын 3-ны баасан гаригт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. Тус хэлэлцүүлэгт нийслэлийн прокурор Н.Амарсанаа, яллагдагч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, хохирогчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нар оролцжээ. Хохирогч Ч.Наранзаяа дээрх урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн оролцоогүй байна.

Яллагдагч Д.Гантулга хүсэлт гаргах эрхээ эдэлнэ гэснээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг баасан гаригт 11:00-15:00 цаг хүртэл үргэлжилжээ.

Хохирогч Ч.Наранзаяагийн хувьд Д.Гантулгын үйлдсэн гэх гэмт хэргийн улмаас сэтгэцэд нь өөрчлөлт орсон гэж гомдол гарган, улмаар шүүх хуралдаанд сэтгэл мэдрэлийн эмч оролцуулах, дахин хоёр өмгөөлөгч нэмэх, өөрийн төрсөн эгч Ч.Саранзаяагаа гэрчээр оролцуулах зэрэг хүсэлтэй байгаа ажээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллагдагч Д.Гантулгын хүсэлтийг шууд шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүсэж байх тул гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлаар түүний хүсэлтийг шийдвэрлэх захирамж гарсан байна. Улмаар Д.Гантулгыг шүүгдэгчээр татаж, түүнд холбогдох хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлыг энэ сарын 17-ны өдрийн 10:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр шийдвэрлэжээ. Шүүх хурлыг шүүгч Б.Ариунхишиг даргалан явуулах юм байна.

Өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулга гэм буруутай нь тогтоогдвол таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлнэ хэмээн мэдээлсэн билээ.

Ч.Наранзаяа гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж буй Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Үүнд:

12.1 дүгээр зүйл. Хүчиндэх

1. “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.

 

Ц.ОРГИЛ

 

Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, түүнийг энэ сарын 17-нд шүүхээр болов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0