Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ардчилсан нам: Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, УИХ тарах хэрэгтэй
6 жил өмнө   828

Өнөөдөр Ардчилсан Намын Улс төрийн зөвлөл хуралдсаны дараа УИХ-ын намын бүлэг нь ээлжит бусаар хуралдлаа. Уг хуралдаануудын дараа УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Арбитрын шүүх дээр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал унаснаас үүдэж их хэмжээний төлбөр нэхэгдсэнээс гадна үйлдвэрийн удирдлагууд гадаадад зорчих эрхийг хүртэл цуцалсан байна. Засгийн газар энэ асуудалд анхаарах ёстой байтал өнөөдрийг хүртэл дорвитой алхам огт хийхгүй байгаа нь харамсалтай.

Түүнчлэн эрх барьж байгаа намын дотоод зөрчлийн асуудлаас үүдэн, эрдэнэт хүний амь нас эрсэдлээ. Цаашлаад улс орны ирээдүй болсон хүүхдийн амь нас, эрүүл мэнд ноцтойгоор хохирсоор байна. Зөвхөн хүүхэд гэлтгүй иргэдийн амь нас хохирсоор байгааг анхаарах хэрэгтэй. Манай улсад вагоны осол гарсан түүх ховор. Гэтэл вагоны осол гарсны улмаас 88 хүнд эмнэлэгт хандаж, хоёр хүний биеийн байдал хүнд байна.

АН энэ бүхнийг сөхөж ярихаар  байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан ослыг улстөржүүллээ гэж байгаа юм. Төмөр замын байгууллага бол хагас цэрэгжсэн, маш сайн зохион байгуулалттай ажиллаж ирсэн түүхтэй газар. Энэ сахилга бат, ажиллах арга барил хаачив. Энэ асуудал дээр Засгийн газрын нэг сайд, дэд сайдыг огцруулаад яах юм. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, хариуцлага хүлээх ёстой. Цаашлаад Засгийн газраа бүрдүүлсэн УИХ энэ асуудалд анхаарал хандуулж чадахгүй бол тарах ёстой гэсэн байр суурьтай байна” гэж тодотгов.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “АН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдсан. Монгол Улс бол Ардчилсан улс. Тиймээс ч бид гаднаас хүн хулгайлдаггүй. Өөрийн орноос хүн хулгайлуулдаггүй. Гэтэл Тагнуулын байгууллага хүн хулгайлах хэрэгт оролцож, Засгийн газар уг асуудлаар ганц дорвитой байр суурь илэрхийлээгүй явдалд АН шүүмжлэлтэй хандаж байна.

Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш “Эрдэнэт” үйлдвэр дээр дорвитой алхам хийхгүй байгаа нь буруу. Одоо энэ асуудлаа шийдэх хэрэгтэй. Саяхан эрдэнэт хүний амь нас намын зөрчлөөс болж эрсэдлээ. Ганцхан сайдыг огцруулаад асуудлаас бултана гэж байхгүй. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, УИХ-ыг тарахыг АН шаардаж байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх санаачилга гаргасан боловч дэмжигдсэнгүй. Одоо 60 тэрбумын хэргийг нэг тийш нь болгох хэрэгтэй. АН шударга ёсыг ярьж байгаа гишүүн бүртэй хамтарч ажиллана” гэв.

Түүнчлэн З.Нарантуяа гишүүн “Эдийн засгийн өсөлтүүд сайжирсаар байгаа энэ үед Засгийн газар санаачилгатай ажиллаж чадахгүй байна. Зоригтой, сайн шийдвэрүүдийг гаргадаг Засгийн газар ажиллах хэрэгтэй байна. Тиймээс АН Засгийн газрыг огцорч, чадвартай шинэ бүрэлдэхүүн үүсгэхийг УИХ-аас шаардаж байна. УИХ сайн Засгийн газар байгуулж чадахгүй бол огцрох хэрэгтэй” гэсэн юм.

АН-ын дарга С.Эрдэнэ “Манай нам “Монголоо сонсъё” аяны хүрээнд Чингис, Самурай бондын зарцуулалтыг ард түмэндээ тайлагнасан. Одоо эрх баригчид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тавьсан гадаад зээлүүдийг хэрхэн зарцуулсныг ард түмэнд тайлагнах хэрэгтэй" гэлээ.

Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Танай намын бүлгийн есөн гишүүн санал нэгтэйгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдыг огцрох нь зүйтэй гэж үзэж байгаа юм уу?

-Бүлэг дээр асуудлыг хэлэлцээд, олонхиор энэ асуудлыг дэмжсэн.

-Чуулган завсарласан учраас Засгийн газрыг огцруулах асуудлыг хэрхэн хэлэлцэх боломжтой гэж харж байна?

-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах асуудлыг АН-ын бүлгийн зүгээс дэмжинэ. Ээлжит бус чуулган зарлагдана гэдэгт бид итгэлтэй байгаа. Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх асуудлыг шийдэхэд УИХ-ын дэгийн тухай хуулиар хэлэлцэх заалттай. Засгийн газар дангаараа шийдчихгүй. Тиймээс хуулийн дагуу асуудал яригдана гэж харж байгаа. Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд дэд сайд, ТНБД, газрын дарга нарыг чөлөөлөх асуудлыг шийдэх боломжтой. Харин сайдын асуудлыг УИХ-аар оруулах учиртай юм.

-“Эрдэнэт” үйлдвэрийн асуудал дээр Арбитрын шийдвэр эцэслэн гарч, 98 сая ам.доллар төлөх шийдвэр гарсан юм байна. Энэ асуудлыг АН-ын зүгээс хэрхэн харж байна?

-“Эрдэнэт”  үйлдвэр дээр 51, 49 хувь гэсэн асуудлууд ярьж байгаа. Эрх баригч нам үүн дээр янз бүрийн тайлбар хийж, ард түмний тархийг  угааж байгаа. Ажлын хэсэг байгуулагдаад ажиллахаар манай намд яамд мэдээллээ гаргаж өгдөггүй. Манай Я.Санжмятав гишүүнд “Эрдэнэт” үйлдвэрээс ирсэн мэдээллээс харахад манай улс холбогдох төлбөрийг хийхээс өөр аргагүй юм билээ. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд тодорхой улсуудад зорчих эрхгүй нөхцөл байдал үүсчихээд байна.У.Хүрэлсүхийн Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал дээр нэг ч тодорхой байр суурь илэрхийлээгүй байгаа. Үүнийгээ цэгцлэх хэрэгтэй.

 

А.ЦЭЛМЭН

Ардчилсан нам: Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, УИХ тарах хэрэгтэй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0