Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгийг 19.2 сая төгрөгөөр торголоо
6 жил өмнө   542

УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван өдрийн турш үргэлжилж, шийдвэрээ өнөөдөр гаргасан билээ.

Шүүхээс Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ төрийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 19.200.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн  юм.

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ шүүх хурлын үеэр “З.Баянсэлэнгэ миний бие төр захиргааны байгууллагад 10 гаруй жил ажилласан. 2012-2015 оны хооронд УИХ-ын гишүүн, НББСШУ-ы байнгын хорооны дарга, 2015-2016 оны долдугаар сарын хооронд Барилга хот байгуулалтын сайдаар ажилласан  болно. Сайдаар ажиллах хугацаандаа энэ салбарт тулгамдаж байсан асуудлыг шийдвэрлэх юм сан.

Ард иргэдэд хэрэгтэй бага ч гэсэн ажлыг эхлүүлэх юм сан гэж хичээж, зогссон байсан ипотекийн асуудал, газрын үнийг шинэчлэн тогтоох зэрэг олон ажлуудыг мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар явуулсан. Улсын төсвөөр хийж хэрэгжүүлэх 20-иод тэрбумын төсөвтэй ажлуудыг өөрийн яамнаас Худалдан авах ажиллагааны газар луу шилжүүлсэн. Энэ нь өөрийгөө болон яамны ажилтнуудаа эрх ашгийн зөрчил үүсгэх, авлигын шинжтэй үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой байв. Миний бие энэ мэтээр сайдын албыг нэр төртэй хаших үзэл бодлыг эрхэмлэдэг байсан.

Төрийн ажил хийснийхээ төлөө тухайн  үедээ 1.6 сая төгрөгийн цалин авч байв. Түүгээрээ цалингийнхаа зээлийг төлж, хоёр идэхгүй, хоосон хонохгүй болоод явсан. Өнөөдөр намайг Төрийн орон сууц хөтөлбөрийн төслийг албан тушаалын байдлаа урвуулан, Засгийн газраар батлуулж, улсад 900-аад сая төгрөгийн хохирол учруулсан гэх асуудлаар шүүж байна.

Хөрөнгө мөнгө гаргах асуудлыг Сангийн яам мэддэг гэдгийг гэрч Ч.Сайханбилэг, Б.Болор нар тодорхой хэлсэн. Уг асуудлыг шалгахдаа зөвхөн МАХН-ын гишүүдийг ялган  шалгасан нь Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчсөн, хүний эрхэнд халдсан үйлдэл болсон гэдгийг хэлмээр байна.

Цаашлаад шүүх Загсийн газрын шийдвэр гаргах бүрэн эрхэд ноцтойгоор халдаж байна” гэв.

 

А.ЦЭЛМЭН

БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгийг 19.2 сая төгрөгөөр торголоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0