Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Баялгийн тэгш хуваарилалтад эрх зүйн орчин чухал гэв
6 жил өмнө   1114

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Хөгжил ардчилал” ТББ болон Конрад-Аденауэр сан хамтран өнөөдөр /2018.02.26/ Иргэний танхимд “Баялгийн засаглал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсэн өдөр /2017.10.02/ Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс байгалийн баялгаа ашиглахын хэрээр ард түмэн нь өрөнд орж байгааг засаж, залруулах ёстой. Байгалийнхаа баялгийн засаглалыг зөв болгохын төлөө хамтраад ажиллах ажиллах шаардлага байна” гэж хэлсэн аж. Иймээс эхний хэлэлцүүлгийг “Байгалийн засаглал” сэдвээр зохион байгуулж буй бөгөөд цаашид энэ арга хэмжээ үргэлжилнэ гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг тодотголоо.

Мөн тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Өнөөдрийг хүртэл бид баялгийн засаглал буюу ард түмэн баялгийнхаа эзэн нь болох боломж, нөхцөл хараахан бүрэлдэж чадаагүй байна гэж үзэж байгаа. Бид цөөнгүй улсын Үндсэн хуулийг судалж үзсэн. Тэдгээр Үндсэн хуульд “Байгалийн баялгийг хэн нэг компани бүтээгээгүй. Энэ бол байгалийн баялаг юм. Харин хэн нэг хүн эсвэл компанийн бүтээсэн хувийн өмч, хувийн баялаг руу төр өөр хэн нэгэн халдах эрхгүй” гэсэн утга байдаг. Бид ч ийм Үндсэн хуулийн зарчимтай. Гэвч, сүүлийн үед бид энэ санааг санаатай болон санамсаргүйгээр хооронд нь хольж, хутгадаг болсон. Ингэснээр монголчуудын байгалийн баялаг бол гурван сая хүнийх бус маш цөөхөн хүний эрх мэдлээрээ олж авдаг арга хэрэгсэл болж байгаа нь нууц биш болсон. Тэр арга хэрэгсэл, үе, үеийн Засгийн газрын засах гэж оролдож байгаа тэр алдаа бол лицензийн асуудал. Сүүлдээ баялгийг ашиглах гэдэг нь баялгийг өмчлөх асуудал болж хувирч байгаа. Энэ асуудал дээр тогтож, Монголчууд болон гадна дотнын судлаачдыг авчирч ойлголтоо нэгтгэх шаардлагатай болж байгаа. Лиценз гэдэг нэрээр баялгийг ашиглаад байгаа юм уу аль эсвэл өмчлөөд байгаа юм уу гэдгийг сайн ярилцах цаг болсон. Хаана хүрч энэ эрх мэдэл дуусах ёстой талаар бидэнд нэгдсэн ойлголт байхгүй байна. Иймээс үүнийгээ нэг мөр болгох.

Дараагийн асуудал бол баялгийг ашиглах асуудал. Энэ асуудал дээр бид улсаараа хангалтгүй дүн авч байгаа. Хэдхэн том ордыг ашиглах асуудлыг ярьж байгаа ч түүнээс гарах үр өгөөж, тэр үр өгөөжөө хуваарилах, шингээх, хүртээх асуудалд бид мэдэхгүйн болон хэт мэдэхийн зовлонд унасан. Тиймээс бид байгалийн баялгийн салбарын үндэсний стратегийг маш хурдан бий болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Баялгийн зөв засаглалын хүчинд монголчууд бид богино хугацаанд боломжийн улс болж хөгжинө. Байгалийн баялгийн зөв засаглал эсвэл байгалийн баялгийн зөв хуваарилалт гэхээр бэлэн мөнгө тараадаг асуудлыг бүрэн зогсоох хэрэгтэй. Ялангуяа сонгуулийн өмнө янз бүрийн сангаар дамжуулан бэлэн мөнгө тараадаг. Үүнийг бид зогсоох ёстой. Зогсоох хууль эрхзүйн хөшүүргийг гаргах ёстой. Жишээ нь, бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг гаргаж байсан ч хууль нь Төсвийн тогтворгүй байдлын тухай хууль болсон байдаг. ДНБ-нд эзлэх өрийн таазыг 40 гэсэн ч 60, 80 гээд л улстөрчид дур зоргоороо өөрчилж байдаг. Энэ бүх асуудлыг бид зайлшгүй засах ёстой” гэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид “Монгол Улсын экспортын орлогын 80-90 хувь нь дан ганц уул уурхайн баялгаас бүрддэг. Гэвч түүнийгээ үзэн яддаг. Дээр нь эрх зүйн орчин нь тогтвортой бус. Байсхийгээд өөрчлөгддөг. Татвар нь аж ахуйн нэгж бүр дээр өөр, өөр, зөрчилтэй” зэрэг асуудал байгааг эргэн харах шаардлагатайг санууллаа.

Тухайлбал, Монголын геологи, уул уурхайн мэргэшсэн институцийн ерөнхийлөгч М.Дагва “Уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа гол 10 хуулийг судалж үзэхэд 150 зөрчил, 267 давхардал, 150 хийдэл, 2006 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа 250 өөрчлөлт оруулсан зэргээр бодлогын тодорхойгүй байдал энэ салбарын хөгжилд, баялгийн засаглалд тулгамдаж байгаа удаах асуудал болж хувирсан” гэлээ. Иймээс цаашид Засгийн газрын түвшинд уул уурхайн үндэсний хөтөлбөр боловсруулж эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг улс төр, сонгуулийн мөчлөгөөс үл хамаарах тогтвортой стратеги боловсруулах шаардлага байна” гэдгийг тодотгосон юм.

Баялгийн тэгш хуваарилалтад эрх зүйн орчин чухал гэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0