УИХ дахь “Эмэгтэй гишүүдийн бүлэг”-ээс зохион байгуулж буй “Хүүхдийн эрх, гэр бүлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц шийдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны “Чингис хаан” танхимд боллоо.
Хүүхэд, гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг боловсронгуй болгох, хэлэлцүүлгээс гарсан саналуудыг холбогдох хууль тогтоомжид тусгах зорилгоор гэр бүлийн чиглэлээр ажилладаг эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан санал авах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа аж.
Уг хэлэлцүүлэгт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын эмэгтэй гишүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Үндэсний статистикийн хороо, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцлоо.
Хурлын нээж УИХ-ын гишүүн, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол үг хэлээд “ХАЛАМЖААС ХӨГЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ РҮҮ ХАЛАМЖЛАХААС ДЭМЖЛЭГ РҮҮ” сэдвээр үндсэн илтгэлийг тавьсан юм.
Тэрээр гэр бүл цуцлалтын гол шалтгаан нь залуус гэр бүлд бэлтгэгдээгүй, гэр бүлийн боловсрол хангалтгүй, гэр бүл дэхь хүчирхийлэл, удаан хугацаагаар тусдаа амьдрах, архидалт, гэр бүлээс гадуурх харилцаа зэрэг асуудлууд нөлөөлсөөр байна.
Өнөөгийн байдлаар өрх гэр бүлийн амьдралыг дэмжихэд чиглэсэн төрийн үйлчилгээ нь Нийгмийн халамжийн багц хуулиудын хүрээнд үзүүлж буй нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтөөр хязгаарлагдаж байна. Энэхүү үйлчилгээ нь иргэдэд бэлэн мөнгө шууд тараах байдлаар зонхилон хэрэгжиж байгаагаас шалтгаалан гэр бүлийн амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлж чадахгүй байна гэв.
Мөн нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд эрс шинэчлэл хийж, нийгмийн хамгааллын зардлыг үр ашигтай зарцуулах, гэр бүлд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гэр бүлийн гишүүдийг бэлэнчлэх бус өөрсдийн нөөц чадавхад нь тулгуурлан хөгжүүлэх шинэлэг үйлчилгээний загварыг бий болгох хэрэгтэй. Гэр бүлийн бат тогтвортой байдлыг дэмжих төрийн бодлого, үйлчилгээ хэрэгцээтэй байна. Өнөөдөр гэр бүлийн хөгжлийн асуудлыг Монгол хүн бүрийн сайн сайхан амьдралын нийтлэг эрх ашгийн тухай асуудал болгон тавих ёстой гэдгийг онцоллоо.
А.ЦЭЛМЭН
Д.Оюунхорол: Халамжийн бодлогоос Хөгжлийн бодлого руу |
|