Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Д.Эрдэнэбат: Сөрөг улс төр явж байгаа нь ойлгомжтой байна
5 жил өмнө   480
УИХ дахь намын бүлэг долоо хоног бүрийн даваа гаригт хуралдаж, тухайн долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэдэг. Энэ дагуу УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдах байсан ч түр хойшлуулсан байна.
 
Харин тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат ЖДҮХС-гаас олгосон зээлийн асуудлаар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ. Д.Эрдэнэбат гишүүн  өмнөх парламентын үед  Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа яамныхаа харъяанд байсан ЖДҮХС-гаас  сайдын давуу эрхээ ашиглан, хэд хэдэн зээлийг олгуулсан гэх мэдээлэл  түгээд байгаа юм.
 
Тэрээр энэ талаар “Ардчилсан нам ЖДҮХС-гийн асуудлаар  мэдээлэл хийсэнтэй холбогдуулан сөрөг улс төр явж байгаа гэдэг нь ойлгомжтой байна. Хэвлэл мэдээлэл ч гэсэн аль аль талын мэдээллийг тэнцвэртэй хүргэх ёстой. Аж үйлдвэрийн сайд байх хугацаанд ДЖҮ-ийг эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зээл олгох нь сайдын үүрэг байсан. Энэ үүргээ биелүүлэхэд надад ямар нэгэн хувийн ашиг сонирхол байгаагүй. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд энэ бузар улс төрийн үйл ажиллагаандаа миний гэр бүлийг битгий татан оролцуулаарай.
 
Сүүлийн үед хэвлэлээр гарсан мэдээллүүд дутуу дулимаг гарч байна. Улс төрийн захиалгаар, нэг өнцгийг барьсан мэдээлэл түгээж байгаа нь нийгэмд буруу ойлголт өгөөд байх шиг байна. Би сайд байхдаа болон өмнө нь өөрийн болон гэр бүлийнхээ эзэмшдэг компани дээр нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй. Энэ нь өөрөө ёс зүйгүй үйлдэл гэдгийг би сайн мэднэ. Аливаа нэгэн зээл олгогдоход тухайн салбарын сайдын гарын үсэг зурах нь зайлшгүй үйлдэл. Гэхдээ асуудлыг аль өнцгөөс тайлбарлах вэ гэдэг нь өөрөө асуудал. Зарим хэвлэлээр миний гаргасан бүх шийдвэрүүд гаргаж тавьсан байна. Бүх зээл олгосон жагсаалт миний гар дээр одоо ч байна. Энэ зээлийн 60-70 хувь нь жирийн иргэдийн зээл байгаа.
 
2016 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 200 тэрбум төгрөгийн зээл олгох байсан ч Засгийн газар мөнгөгүй байсан учраас зээл олгогдоогүй. Энэ хооронд хүлээгдэж байсан бодлогын зээлүүд олгогдож байсан бөгөөд бүх жагсаалт нь ил байгаа. Засгийн газрын 2015 оны 26-р тогтоол гарч, ДЖҮ-д зориулж есөн хувийн хүүтэй зээл, зөвхөн арилжааны банкаар дамжиж олгогдсон.  Энэ үед бүх зүйл сонгон шалгаруулалтаар явсан. Ер нь бол өнөөдрийн энэ улс төрчдийн үйлдэлтэй өмнө нь авсан жирийн иргэдийн зээлтэй холбож тайлбарлах нь зохимжгүй гэж бодож байна.
 
Өнөөдрийн олгогдож байгаа зээл нь зохион байгуулалттай, бодлогоор олгосон байж болзошгүй нөхцөл байдал үүссэн нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэдгийг АН хэлж байгаа юм. Цаашид төрийн тусгай сангуудын үйл ажиллагааг түр зогсоож, эргэж нягтлах цаг болсон байна гэж бодож байгаа” гэсэн  байр суурийг илэрхийллээ.
Д.Эрдэнэбат: Сөрөг улс төр явж байгаа нь ойлгомжтой байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0