Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
"УИХ-ыг тараах саналыг гишүүд ДЭМЖИХГҮЙ"
5 жил өмнө   517

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах асуудлаар зөвшилцөхөөр УИХ-ын дарга М.Энхболдод албан хүсэлт хүргүүлээд байгаа. УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу ажлын тав хоногт багтаан Ерөнхийлөгчөөс ирсэн саналыг хэлэлцэх хуультай. Тиймээс энэ асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо. 

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "УИХ-ыг тараах санал гаргах эрх Ерөнхийлөгчид бий. Харин шийдвэр гаргах эрх нь УИХ-д бий. Энэ асуудлыг УИХ-ын даргаас асуух хэрэгтэй. Тэр ЖДҮ-ийг тойрсон асуудал дээр хууль хяналтын байгууллагынхан ажиллаж эхэлсэн юм билээ. Шалгаж дуусаад, үр дүнгээ ярих байх" 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Нэгэнт УИХ-ыг тараах асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан учраас УИХ хэлэлцэнэ. Гэхдээ хувь гишүүнийхээ хувьд Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй. Бид дээрээсээ эхлээд доошоогоо хүртэл бүгд хуулиа баримталдаг систем рүү орох ёстой"

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ыг тараах асуудлаар УИХ-ын даргатай зөвшилцөж болно. Гэхдээ УИХ-ыг тараах асуудлаар АН өнөөдөр ямар нэгэн мэдээлэл аваагүй байгаа. Мэдээж үүнийг судлах шаардлага үүсэх байх. Гэхдээ үүнийг УИХ-д орж ирж байгаа асуудал гэж бодохгүй байна. Эхлээд УИХ-ын даргатай зөвшилцөх байх гэж бодож байна. Зөвшилцсөний дараа УИХ руу энэ асуудал орох уу, үгүй юу гэдэгт АН ярьж байгаад шийдлээ гаргана"

УИХ-ын гишүүн, ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн "УИХ-ыг тараах асуудлыг дэмжихгүй. Энэ бол ард түмний сонголт. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал УИХ-ыг тараах хэмжээнд хүрсэн асуудал гэж бодохгүй байна. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудал яригдаад байгаа юм байна. Бид нэг л зүйлийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ Хөвсгөл дээр байгаа бүх объектуудыг над дээр тавьчихаад байгаа бол энэ хэдэн тэрбум болох нь тодорхой. Тэгэж л харагдаад байна. Өмнө нь 1 тэрбумыг өгчихөөд, янз бүрээр хуваарилдаг байсан нь үнэн. Гэхдээ энэ бол өөр. Ихэнх хөрөнгө оруулалтаар одоо сургууль цэцэрлэг л барьж байгаа. Энд хүний боловсролын асуудал яригдаж байна. Угаасаа л ямар ч аймагт хөрөнгө оруулалт хийгдсээр ирсэн. Жил бүрийн төсөвт сургууль, цэцэрлэг байсан. Хараад байхад төрийн системд хариуцлагын тогтолцоо гэдэг юм үнэхээр суларчихсан байна. Тэр талаасаа Ерөнхийлөгч бухимдсан юм байна гэж харсан. Янз бүрийн асуудалд холбогдсон хүмүүс хэд хоног шалгагдаад л гараад ирчихэж байгаа. Тиймээс хүчний байгууллагынхантай хүртэл уулзсан юм байна гэж ойлгосон. Гэхдээ УИХ тарах хэмжээний нөхцөл байдал үүсчихлээ гэж харахгүй байна. Энэ чинь төр шүү дээ. Хэн нэгэн гарч ирчихээд төрөө тараана, дахиад шинэ төр эмхлэн байгуулна гээд байж болохгүй" 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Төрийн бодлого хэдий чинээ тогтвортой тэр хэрээрээ эерэг үзүүлэлтүүд гарч эхэлдэг. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санал гаргалаа. Хэрвээ улс орны ирээдэй хойч, хэтийн төлвийн төлөө үнэхээр тарах ёстой бол тэгье, бүгд тарцгаая. Ерөнхийлөгч өөрөө ч үлдэх зүй тогтол байхгүй. УИХ-ыг тараах эрх УИХ-д байгаа. Алс ирээдүйгээ бодож байвал УИХ ч тэр, Ерөнхийлөгч ч тэр тарах ёстой. Харин тарахынхаа өмнө ирээдүй хойчийнхоо төлөө Засаглалын хэлбэрээ тодорхой болгох, Засаглал руу шилжих Үндсэн хуулийн зөвшилцлийг хийгээд он гараад тарчихаж болно. Түүнээс би УИХ-ыг тараалаа. Тарахгүй бол гадаа гарч өлсгөлөн зарлалаа гэвэл энэ нь жинхэнэ төлөөллийн ардчиллын зарчмыг хөндөж байгаа асуудал" 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Ерөнхийлөгч УИХ-ыг саналаараа тарах бичгийг УИХ-д даргад өргөн барьсан байна лээ. Албан бичигтээ хоёр үндэслэл дурдсан байна. Нэгдүгээрт, Улсын төсөвтэй холбоотой. Төсөв хэлэлцэж байх үед гишүүд хэтэрхий их тойргийн асуудал тусгасан байна гэдэг агуулга харагдаж байна лээ. УИХ-ын онцгой бүрэн эрх улсын төсөв батлах. Улсын төсвийн тухай хууль. Тэр агуулгаараа УИХ-ын гишүүд ажлаа хийж байна. Хууль батлаж байна. Аль ч хуулийг батлахад бүх талаас нь ярьдаг. Өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлдэг. Мандатаар сонгогдсон гишүүд өөр өөрсдийнхөө тойргийн асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө энэ асуудлыг хөндөж гаргадаг. Тиймээс гишүүд хууль зөрчсөн гэж бодохгүй байна" 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "УИХ бол 2016 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн. Маш хүн байдалтай байсан улс орны эдийн засгийг өөд нь татаад явж байгаа. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналуудыг УИХ аль болох дэмжээд явдаг. Оруулсан санал бүрийг нь унагаад байгаа асуудал байхгүй. Хууль бусаар засгийн эрхийг авах асуудал огт байж болохгүй. Үүний цаана монголын ард түмний амьдрал бий. Монгол улсын хувь заяа, эдийн засгийн хөгжлийн асуудал бий.  Тиймээс Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй" гэлээ. 

А.ЦЭЛМЭН

"УИХ-ыг тараах саналыг гишүүд ДЭМЖИХГҮЙ"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0