Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналаа өнөөдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Мөн Ерөнхий прокуророос түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналаа УИХ-ын даргад ирүүлээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг үдээс хойш хуралдлаа. Ингэхдээ зөвхөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас чөлөөлөх асуудлыг нь хэлэлцжээ. Тус бүлгийн дарга Д.Хаянхярваа энэ талаар хэлэхдээ "УИХ-ын гишүүн Б.Батзоригийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас чөлөөлөгдөх хүсэлтийг бүлэг хэлэлцэж дэмжлээ. Иймээс маргааш холбогдох Байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Харин прокурорын байгууллагаас ирүүлсэн УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг нь маргааш бүлгийн хурлаар хэлэлцэхээр боллоо" гэв.
Ц.ОРГИЛ
Д.Хаянхярваа: Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг маргааш хэлэлцэнэ |