Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хөшигний араас гар У.Хүрэлсүх ээ. ЖДҮ хэмээх бэлээхэн баримт нь байна
5 жил өмнө   787
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт шаардлага хүргүүлж буйгаа онцлов. Цаг үеийн шаардлага, агуулга талаасаа Бүлгийн даргын байр суурийг дэмжмээр. Учир нь, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудалд холбогдсон Засгийн газрын болон УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг тэрээр албан тушаалынхаа эрэмбээр бус хувь парламентчийн хувиар шаардав. Ингэхдээ нэр холбогдсон бүх хүнийг албан тушаалаас нь чөлөөлж, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстойг УИХ-ын дарга, Ерөнхий сайдад уламжилсан албан бичгээрээ тэрээр уламжилжээ.
 
Сонирхолтой нь, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн мэдээллийн дараа хуралдсан эрх баригч намын Удирдах зөвлөлийн хурлын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболд, Бүлгийн дарга Д.Хаянхярваа, хотын дарга С.Батболд нарт хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулах саналыг оруулсан бололтой. Энэ тухай бор шувуу Төрийн ордон, сошиал орчноор тарах нь тэр. Угтаа бол Д.Хаянхярваа даргын хийсэн мэдэгдлийг М.Энхболд, У.Хүрэлсүх нар хүлээн авч, “биеллээ” олсон бол МАН-ын удирдах албан тушаалтнуудаас эхлээд УИХ-ын нэр бүхий 10 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, хууль хяналтын байгууллагаар буруутай эсэхийг нь дэнслүүлэх байв.
 
Байв гэдэг нь салбарын сайдаар ажиллаж байхдаа ЖДҮ-тэй холбоотой хоёр ч шийдвэр гаргаж, тэр хэрээрээ улстөрчдийн хамаарал бүхий компанийг шалгаруулсан, өөрөө ч хоёр удаа зээл авсан нь илэрч албан тушаалаа өгсөн Б.Батзориг гишүүний асуудал. Улсын ерөнхий прокуророос түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах хүсэлтийг парламентад өргөн барьсан ч М.Энх-Амгаланг чиглэсэн захирах, захирагдах эрхийн тухай яриа хөндөгдсөнөөр сайд асан Б.Батзориг бүрэн эрхтэйгээ үлдсэн.
 
Ямар ч байсан Их Эзэн Чингис хааны мэндэлсэн, мэлмий гийсэн өдрийг тохиолдуулж ажлын хоёр, амралтын хоёр нийт дөрөв хоног дарааллан амарсан монголчууд ЖДҮ-тэй холбоотой асуудлыг мартагнана гэж эрх баригчид тооцсон нь энэ удаад БАЙГАА оносонгүй. Бөхийн барилдаанд хэн түрүүлэхээс үл хамаарч хариуцлага тооцох эзэн нь нэр устайгаа олны өмнө ил болсон ЖДҮ-тэй нэр холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас шаардсан давалгаа буурсангүй, түүнийг тойрсон шүүмжлэл намдсангүй. Үүнтэй зэрэгцэн УИХ дахь “Бүдүүн бүлэг”-ийн дарга Д.Хаянхярваа хувь улстөрчийнхөө үүднээс мэдэгдэл хийсэн ч бай, Дархан-Уул аймгаас сонгогдсон Төрийн түшээгийнхээ байр суурийг илэрхийсэн ч байсан ЖДҮ тойрсон асуудалд улам хүч нэмчихлээ.
 
Хамгийн хачирхалтай нь, энэ мэдэгдлийн дараа МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга, Бүлгийн дарга, хотын дарга гуравт хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх санал оруулсан нь сонин бөгөөд эргэлзээ төрүүлэм биш гэж үү.
 
Том зургаар нь харвал зөвхөн хуульд захирагдахаа чуулганы индэрээс илэрхийлж асан Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн хариуцлага тооцож буй мэт харагдавч зөвхөн “60 тэрбум”-ын асуудалд нэр холбогдсон хүмүүсийг дурдсан нь энэ. Намын дарга, Ерөнхий сайдын тамга атгасан өдрөөсөө “60 тэрбумын хэрэг” гэх эргэлзээ, хардлага төрүүлсэн энэ хэргийн үнэн, худлын дэнслүүлэх хангалттай хугацаа У.Хүрэлсүхэд байсан уу гэвэл мэдээж тийм. Тэр байтугай Бүлгийнхээ хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболдыг хариуцлагаа хүлээж, огцрох тухай ярьсан хаалттай байр суурь нь нээлттэйгээр задарч баннер, постер болтлоо сошиалыг чимсэн нь саяхан биш билүү. УИХ-ын даргыг огцорч, хуулийн байгууллагаар шалгуултал нь чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэдгээ бардам бөгөөд бахархалтайгаар зарлаж явсан Л.Оюун-Эрдэнэ гишүүн хүртэл өдгөө хууль тогтоох ажилдаа оролцож, байр сууриа илэрхийлээд л явж байна.
 
Эсвэл ЖДҮ-т нэр холбогдсон гишүүд, сайд нарт хариуцлага тооц гэж хэлснийхээ төлөө Бүлгийн дарга намынхаа нэр хүндийг доош чирж, эсрэг ажилласан болчихов уу. Тийм бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Та ч өөрөө хариуцлага хүлээх ёстой болов уу. Уг учрын шалтгаан, ингэж бичсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Тантай холбоотой МАН-ын эсрэг ажилласан тухай яриа хөөрөө нэг биш нэлээд олон явсан. Ялангуяа сошиалаар. Үнэхээр тийм бол Танд ч улс төрийн хариуцлагыг МАН тооцох учиртай. Гэхдээ энэ сонин биш. Сөхөөд, сэвээд байх ч асуудал биш. Харин ЖДҮ-ээс зээл авсан асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгийг Тань асуумаар байна. Нэр холбогдсон нэг сайдад нь хариуцлага тооцож болсон юм бол хоёр дахь, бүр гурав дөрвөөр нь илрүүлээд хариуцлагаа тооц. Албан тушаалаас нь чөлөөл. Үнэхээр хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг байдалд орчихсон бол тэрийгээ хэл, Ерөнхийлөгчөөс биш хуулийн байгууллагаасаа, Ц.Нямдорж сайдаасаа тусламж гуй. Болохгүй бол салбар эрхэлсэн сайддаа үүрэг үг. Үүрэг өгөх, биелүүлэхгүй бол хариуцлага тооцож огцруулах хүртэл саналыг оруулах эрх нь Танд байна. Бүр болохгүй бол ард түмнээсээ тусламж гуй. Битгий чуулганы нэгдсэн хуралдааны индэрийг ашиглаж байр сууриа илэрхийл. Хаалттай хөшигний цаана ярьснаа ил тодоор зарлаж, битгий баннер постер хийлгэж түгээ. Б.Батзоригоор туг тахиад зогсохгүй ЖДҮ-т нэр холбогдсон бүх хүнд хариуцлага тооцохыг ард түмэн Таниас шаардаж байна. Түүнээс биш “60 тэрбумын хэрэг”-ын хэрэг хоёрдугаар асуудал. Хөшигний араас гар У.Хүрэлсэх ээ. ЖДҮ хэмээх бэлэн шипи байна, ширээн дээр Тань.
 
ЭХ СУРВАЛЖ:NEWSPRESS
Хөшигний араас гар У.Хүрэлсүх ээ. ЖДҮ хэмээх бэлээхэн баримт нь байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0