Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
С.Эрдэнэ: У.Хүрэлсүхэд цаасан дээрхи нэр нь л үлдэнэ
5 жил өмнө   551
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
 
-“Засаг унана” хэмээн бооцоо тавьсан хүмүүс мөрийгөө алдлаа. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
 
-Ардчилсан нам хэн нэгэн дээр бооцоо тавьж мөрийтэй тоглоогүй. Тийм учраас алдсан, хожсон зүйл байхгүй. Харин улс төрийн том зургаа харж, сөрөг хүчний стратегиа л хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, бид хийх ёстойгоо л хийсэн. Үүнээс гадна У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох бодит үндэслэл хангалттай бүрдсэн. Бид энэ байр сууриасаа одоо ч ухрахгүй. 
 
-Бодит үндэслэл гэдгээ тодруулахгүй юу?
 
-У.Хүрэлсүх УИХ-д 64 суудалтай эрх баригч намын дарга, Ерөнхий сайд хүн. Түүнд бүх эрх мэдэл нь байна. Гэтэл өөрийгөө “Шүдгүй арслан” гэж цоллочихоод юм бүхнээс хойш сууж байна. Жишээ нь, ам.долларын ханш өнөөдөр түүхэндээ байгаагүй өндөр буюу 2600 гарчихаад байна. Гэтэл “Засгийн газар валютын ханшийн өсөлтөд буруугүй” гэж яриад явж байна. Бензин, шатахууны үнэ хэд дахин өсөв. Мөн л 2000 давчихаад явж байхад “Шатахууны үнийг бид зохицуулахгүй ээ. Удахгүй дахиад ч өснө” гэж зарлах жишээний. Өчигдөрхөн л “Гадаад зах зээлээс шалтгаалж шатахууны үнэ өслөө” гэж ярьж байсан хүн өнөөдөр чуулганы танхимд намынхаа гишүүн рүү “Чи бензиний үнэ өсгөсөн буулгаарай” ч гэх шиг. Энэ хүнд нөхцөл байдлыг эрүүлээр бодож тунгаах ухаан байна уу, үгүй юу гэдэгт эргэлзэж эхэллээ.
 
-Ерөнхий  сайд “Удахгүй амьдрал сайхан болно. Нефтийн үйлдвэр барина, хотыг өмхийнөөс нь салгана” л гээд байгаа.
 
-Сүүлийн үед нэрийг нь маань мэгзэм шиг давтаж, нэрийг нь өмнөө барьдаг болсон Монголын ард түмэн жил зургаан сар хүлээлээ. Дахиад хэдэн жил хүлээлгэх гээд байгаа юм бол. Үндсэндээ Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш энэ хүн юу хийж бүтээв. Нефтийн үйлдвэр, Цэвэрлэх байгууламжийн асуудал чинь аль 2012-2016 онд Ардчилсан нам засаг барьж байхдаа шийдчихсэн зүйл. Ганц У.Хүрэлсүх ч гэлтгүй МАН-ынхан 2016 онд засаг авснаасаа хойш Ардчилсан намыг л муулах ажил хийсэн. Тэгсэн атлаа хийсэн ажил, байгуулсан гэрээ хэлэлцээр дээр нь очиж бэлэн гарын үсэг зурчихаад ажил хийсэн хүн болж шоудаад байх юм. Яасан шоучин улс вэ. Яасан их ярьдаг ам бэ. Яасан хөдөлдөггүй гар, хөл, сэтгэдэггүй тархи толгой вэ.Нэг л их хоосон эдийн засгийн өсөлт ярина. Нүүрсний экспортоос хамаарч байгаа эдийн засгийн өсөлтийг өөрсөд дээрээ наах гэж Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр нь амаа уралдуулна. Зургаан хувийн эдийн засгийн өсөлтийг чинь найман хувийн инфляц залгичихлаа. Ард түмэн чинь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нэрвэгдэж байна. Өдрөөс өдөрт төгрөгийн худалдан авах чадвар суларч байна. Иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч байхад эрх барьж хариуцлага үүрсэн хүмүүс нь хоорондоо албан тушаал булаалдаж хэрэлдэхээс өөр юм хийхгүй байна шүү дээ.  
 
-Хэвлэл, сошиалаар бол У.Хүрэлсүх “Үндэсний баатар” гэгдэж байна шүү дээ?
 
-У.Хүрэлсүх цэргийн хүн, хурандаа хүн юм гэнэ лээ. Тэгсэн баахан хуурамч хаяг, хөлсний троллчдийн хурандаа нь болтой юм. Фэйсбүүк, хэвлэлээр нэг өөрийгөө магтуулсан хүн. Олон нийтийг хахаж цацтал, бялууртал өөрийгөө магтуулах юм. Яасан ч их хөрөнгө мөнгө цацдаг юм. Хаанаас ч тэрийгээ олдог юм. Манай хурандаад “Цэргүүддээ” үүрэг өгч өөрийгөө магтуулаад түүнийгээ хараад сууж байх сайхан санагддаг юм байлгүй. Уучлаарай, наад сошиал сүлжээнээсээ сал, бодит хөрсөн дээрээ буу. Юун У.Хүрэлсүхийг магтахтай манатай хоногийн хоол, өдрийн талхаа тасалчихгүй юмсан гэсэн хүмүүс л байна шүү дээ. 
 
-Үнэхээр магтаалыг бол сошиалыг халтал явуулсан л даа. Одоо ч энэ “хөөс” хагараагүй байна.
 
-Үнэндээ эдийн засгийн уналт, шатахууны үнийн өсөлт, валютын ханшийн өсөлттэй тэмцэж чадахгүй болохоор өөртөө бодитой нэг “дайсан”, хий хоосон өөр нэг “дайсан” бий болгочихоод түүнтэйгээ тэмцэгчийн дүрд тоглож яваа хүн. Бодитой дайсан нь “60 тэрбум”-ын гэгдэх М.Энхболд, хий хоосон “дайсан” нь өөрийг нь алах гээд яваад байгаа “Нэг юм”. Сүүлдээ бүр хий хоосон хардах параной өвчтэй болчихсон юм болов уу гэж бодох боллоо.
 
Үнэхээр л М.Энхболдтойгоо хариуцлага тооцох байсан юм бол жил гаруй юугаа хийж явсан юм. Яг өөрийнх нь ажил албан тушаал дээр тулаад ирэхээр, “ЖДҮ”-ийн хулгай нь илрэхээр “60 тэрбумтан”-уудаа санаад сэлэм эргүүлээд унах юм. Сүүлдээ бүр ард түмнийг бослого үймээнд турхирч ч байх шиг. Тэр намынхаа хэрүүлийг намынхаа байранд очиж хийхгүй, төрийн хэрүүл болгож, чуулганы хуралдааныг “Хошин шог”-ын тайз болгох эрх У.Хүрэлсүхэд байхгүй. Намынхаа гишүүдийг чуулганы индэр дээрээс сүрдүүлж, гүтгэж байхыг нь хараад гайхаж байлаа. Одоо энэ жүжгээ болио У.Хүрэлсүхээ. Сошиал, хэвлэлээр өөрийгөө магтуулж, эх орончийн дүрд тоглохоо боль. Хийх ёстой ажлаа хий, үгүй бол цаасан дээрх хоосон нэр чинь л үлдэнэ. Сүржин лоозон өлгөж, “Ура” хашгирснаар удирдагч болдоггүй юм. Хийсэн бүтээсэн зүйлээр чинь олон нийт чамайг үнэлдэг юм гэдгийг ухаар.
 
ЭХ СУРВАЛЖ: WWW.MEDEE.MN
С.Эрдэнэ: У.Хүрэлсүхэд цаасан дээрхи нэр нь л үлдэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0