Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
УИХ-ын гишүүн хуулийн дагуу юу хийж болох хийгээд болохгүй вэ?
5 жил өмнө   2116
УИХ-ын гишүүний тангараг
 
“Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая”
 
7 дугаар зүйл. Гишүүний бүрэн эрх
 
7.1. Гишүүн дараахь бүрэн эрхтэй:
 
7.1.1.үйл ажиллагаандаа нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах;
 
7.1.2.Байнгын хороонд заавал харьяалагдах;
 
7.1.3.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах;
 
7.1.4.санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг өөрийн саналаар татаж авах;
 
7.1.5.нэгдсэн болон өөрийн харьяалагддаг Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох;
 
7.1.6.Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх;
 
7.1.7.Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүнд орох, нэг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарч өөр Байнгын хорооны бүрэлдэхүүнд орох;
 
7.1.8.Улсын Их Хурал, Байнгын, дэд, түр хорооны ажлын хэсэгт хүсэлтээрээ орж ажиллах;
 
7.1.9.хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах;
 
7.1.10.зарчмын зөрүүтэй саналаа нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, санал хураалгах;
 
7.1.11.Улсын Их Хурлын шийдвэрээр байгуулагддаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, сонгогдох буюу томилогдох албан тушаалтны талаар үг хэлж байр сууриа илэрхийлэх, санал, дүгнэлт гаргах;
 
7.1.12.Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. Ерөнхий сайдыг огцруулах саналыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны адил Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь хамтарч гаргана;
 
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
 
/Энэ хэсгийн Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах...” гэсний “...томилогдсон...огцруулах...” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
 
7.1.13. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга, асуулт тавьж хариуг нь хуульд заасан хугацаанд авах, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл санаачилж хэлэлцүүлэх;
 
7.1.14. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг судлан үзэж, шаардлагатай гэж үзвэл төсөл санаачлах, шаардлагагүй бол энэ тухай хариуг бичгээр өгөх;
 
7.1.15. иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэж хариуг нь шууд өгөх, эсхүл хариуцан шийдвэрлэх эрх, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж энэ тухай хариу мэдэгдэх;
 
7.1.16. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаатай танилцах;
 
7.1.17. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах;
 
7.1.18. бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч хүлээгдэлгүй уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар авах;
 
7.1.19. онцгой чуулган зарласан бол дуудлага хүлээлгүйгээр нэн даруй хүрэлцэн ирэх;
 
7.1.20. төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг чанд хадгалж задруулахгүй байх бүх арга хэмжээ авах;
 
7.1.21. өвчтэй, чөлөөтэй байх, гадаад, дотоодод томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох;
 
/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
 
7.1.22. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг сахиж ажиллах; 7.1.23. хууль, гишүүний ёс зүйг чанд сахих;
 
7.1.24. чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх;
 
7.1.25. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах;
 
7.1.26. хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах.
 
 7.1.27.Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу нийтийн сонсголыг явуулах хүсэлт гаргах.
 
/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
 
7.2. Энэ хуулийн 7.1.15-д заасны дагуу гишүүнээс шилжүүлсэн өргөдөл, гомдол болон хууль тогтоомжийн хэрэгжилт, бусад асуудлаар ирүүлсэн албан бичгийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь 30 хоногийн хугацаанд асуудлыг шийдвэрлэж хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй.
 
34 дүгээр зүйл. Гишүүний бүрэн эрхийн баталгаа
 
34.1. Гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтан бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
 
34.2. Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Улсын Их Хурлын Тамгын газраас мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, техник, зохион байгуулалтын бүх талын нөхцөлөөр хангана.
 
 
 
34.3. Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй.
 
34.4. Гишүүн гадаадад зорчих, байх хугацаандаа дипломат эрх, ямба, дархан эрх эдэлнэ.
 
34.5. Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд үнэмлэх, энгэрийн тэмдэг, албаны хэвлэмэл хуудас, “Монгол Улсын Их Хурлын гишүүн” гэсэн тэмдэг, нэрийн хуудас хэрэглэх бөгөөд тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг Улсын Их Хурлын даргын захирамжаар батална.
 
34.6. Гишүүний харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон шуудан, захидал харилцааны болон мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно.
 
34.7. Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.
 
34.8./Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
 
34.9. Гишүүнээр ажилласан хугацааг нь мэргэжлээрээ ажилласан хугацаанд оруулан тооцно.
 
34.10. Гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бол түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн ажиллуулах, тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх 12 сарын хугацаанд гишүүний цалин, нэмэгдэлтэй тэнцэх нэг удаагийн, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний замын зардал, ачаа, тээшийн хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно.
 
34.11. Гишүүнийг хууль зөрчсөний улмаас эгүүлэн татсан бол түүнд энэ хуулийн 34.10-т заасан тэтгэмж бусад хангамж олгохыг хориглоно.
 
34.12. Онцгой чуулган зарласан тохиолдолд гишүүнийг чуулганд хүрэлцэн ирэх боломжийг Ерөнхийлөгч хангаж шаардлагатай бол төрийн тусгай хамгаалалтад авна.
 
34.13. Гишүүний бүрэн эрхийн хугацаанд түүний амь насны даатгалыг төр хариуцаж даатгалын хураамжийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
 
34.14. Гишүүн албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд дараахь баталгаагаар хангагдана:
 
34.14.1 хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, авч байсан цалингийн зөрүүг олгох;
 
34.14.2. тахир дутуу болсон тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу тахир дутуугийн тэтгэвэр авч байсан цалингийн зөрүүг олгох;
 
З4.14.3. хиймэл эрхтэн хийлгэх бол түүний зардал, түүнчлэн гишүүнд тусламж, үйлчилгээ үзүүлэх ажилтны хөлс олгох;
 
З4.14.4. гишүүн магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан бол зардлынх нь 70-аас доошгүй хувийг төр хариуцах.
 
34.15. Энэ хуулийн 34.14.2, 34.14.3-т заасан цалингийн зөрүү, хөлсийг гишүүний бүрэн эрхийн хугацаатай адил хугацаагаар олгоно.
 
34.16. Гишүүн албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд нь 24 сарын, өвчний улмаас нас барсан бол 18 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж ар гэрт нь олгоно.
 
34.17. Эмнэлгийн мэргэжилтэн албан үүргээ гүйцэтгэх явцдаа мэдсэн гишүүний эрүүл мэндийн нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.
 
34.18. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар өөрийн төсөвтөө тусгах үндсэн дээр гишүүн, түүний бие төлөөлөгч-туслахыг албан өрөө, тавилга, техник хэрэгслээр хангаж шаардлагатай бусад дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
 
35 дугаар зүйл. Гишүүний төсөв, цалин, бусад хангамж
 
35.1. Гишүүний цалин, нэмэгдэл, унаа, албан томилолт, бичиг хэрэг, холбооны зардлыг Улсын Их Хурлын жилийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
 
35.2. Энэ хуулийн 35.1-д заасан зардлын хэмжээг гишүүн тус бүрээр тооцож төсөвт тусгах бөгөөд ингэхдээ тойргийн онцлогийг харгалзаж Улсын Их Хурлаас харилцан адилгүй тогтоож болно.
 
35.3. Гишүүний сонгогдсон тойрогтоо ажиллахтай холбогдсон зардлын хэмжээг Улсын Их Хурал тогтоох бөгөөд Улс төрийн намын тухай хуулийн дагуу хуваарилагдах хөрөнгийг энэхүү зардалд үл тооцно.
 
35.4. Гишүүний цалин, түүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын зардал, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бусад хангамжийг Улсын Их Хурал тогтооно.
 
/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
 
35.5. Гишүүн үйл ажиллагааныхаа талаар тойргийнхоо сонгогчдод мэдээлэх, сурталчлах зардал болон хэвлэл захиалгын зарим төлбөрийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
 
35.6. Гишүүний төсвийг Улсын Их Хурлаас баталсан журмын дагуу Тамгын газар тухайн гишүүний зөвшөөрөлтэйгээр зарцуулах бөгөөд зарцуулалтад Төрийн байгуулалтын байнгын хороо хяналт тавина.
 
35.7. Гишүүн төсвийнхөө цалингийн сангаас бусад зардлыг хооронд нь шилжүүлэн зарцуулж болно.
 
35.8. Гишүүн төсвийнхөө зарцуулалтын мэдээг Тамгын газраас хүссэн цагтаа авах эрхтэй.35.9. Гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол Засгийн газрын гишүүний цалин хангамжийг авах бөгөөд Улсын Их Хурлын гишүүний төсөвт туссан бусад зардлыг захиран зарцуулах эрхтэй.
 
35.10. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бол түүний төсвийн зардлын санхүүжилтийг зогсоох бөгөөд сэргээсэн бол түдгэлзүүлсэн өдрөөс эхлэн тооцож гишүүн, түүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын санхүүжилтийг нөхөн олгоно.
 
/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
 
37 дугаар зүйл. Гишүүнд хориглох үйл ажиллагаа
 
37.1. Гишүүнд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
 
 37.1.1. ногдсон төсвийг хэтрүүлэх, зориулалтын бусаар зарцуулах;
 
 37.1.2. бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулж бусдаас шан харамж авах;
 
 37.1.3. гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах;
 
 37.1.4. гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах;
 
 37.1.5. Улсын Их Хурлын даргын зөвшөөрөлгүйгээр Засгийн газар, түүний байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэний зардлаар гадаадад зорчих;
 
 37.1.6. бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан олгосон санхүүгийн эх үүсвэр, холбоо, мэдээлэл, тээврийн хэрэгсэл, төрийн өмчийн бусад эд зүйлийг ашиг хонжоо олох зорилгоор, эсхүл сонгуулийн компанит ажилд ашиглах;
 
 37.1.7. хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх;
 
 37.1.8. гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэх;
 
 37.1.9. аливаа байгууллага, иргэнээс нэг сарын цалингийн хэмжээнээс дээш төгрөгийн үнэтэй бэлгийн зүйлсийг хувиараа авах;
 
 37.1.10. бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуй эрхлэх, аж ахуй эрхлэгчдийн холбоонд элсэх, аж ахуйн нэгжийн төлөөлөх болон хяналтын зөвлөлд сонгогдох.
 
А.ЦЭЛМЭН
УИХ-ын гишүүн хуулийн дагуу юу хийж болох хийгээд болохгүй вэ?
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0