Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
МАН-ын бага хурал дээр У.Хүрэлсүх, М.Энхболд нарын хэлсэн үг
5 жил өмнө   2488
МАН-ын Бага хурал 66.7 хувийн ирцтэйгээр Тусгаар тогтнолын ордонд эхэлж хурлыг Шадар сайд Ө.Энхтүвшин даргалж байгаа билээ. Хуралдааны эхэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхандаа хандаж үг хэлсэн.
 
Тэрээр хэлсэн үгэндээ:
 “Ардын нам ардын нам байх ёстой, олигархуудын биш. Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсч байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс намын намын толгойд гарч хууль бус зүйл хийж байна. МАНАН бий болсон байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Өнгө мөнгөнд автсан, газрын хэвлийн баялгаар баяжсан хүмүүс намд байна. Ийм байж болохгүй. Энэ миний хүслээс гадна ард түмний маань хүсэл. Манай нам хуурамч эв нэгдэлтэй байна, энэ бол хойч ирээдүйд маань хортой. Үүнийг таслан зогсооно. 2016 онд мордохын хазгай болсон. Намын дарга Ерөнхий сайд болох байсан, болоогүй. Дараа нь 2017 оны сонгуульд ялагдсан.
М.Энхболд дарга 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Төрийн албыг зарж борлуулахаар завдсан. Зарсан үгүйг нь мэдэхгүй, гэвч завдсан нь үнэн. Би нөхдөө бодож болно, зүрх сэтгэлд нөхрөө гэсэн зүйл байна. Гэвч би шударга зөвийн төлөө, улсынхаа төлөө, төрийнхөө төлөө байхаас аргагүй. Гурван хүнийг хариуцлагаа хүлээ гэсний төлөө Засгийн газрыг огцруулах гэсэн. 27 хүн бүгд муу хүмүүс биш ээ, шалтгаан байсан өөрсдөө хэлсэн. Гэвч Засгийг огцруулах гээд явдаг нь зөв үү. Энэ бол амин хувиа бодсон арчаагүй үйлдэл
Д.Хаянхярваа дарга бүлгээ 2 хуваасан, сая дахиад хуваалаа. Монгол төр гацаанд орчихоод байна. М.Энхболд хийж бүтээсэн юмтай, гэхдээ би өнөөдөр зарчим ярьж байна, энэ зарчмыг одоо ярихгүй бол хэзээ ч ярихгүй. Ахмадууд, гишүүд маань шударга ёс сахилга хариуцлагыг нэхэж байна. Хуулийн байгууллага хуулийн байгууллага биш болсон, улс төрийн зорилготой хүн хэлмэгдүүлдэг болсон. Энэ янзаараа бол 1937 оны до яам шиг болно. Хүмүүс айдаг болсон. сүүлийн 10 жил үгээ хэлж чадахаа больсон. Ерөнхий сайдаар сонгогдоод одоо энэ хонгилыг яс махаараа мэдэрч байна. Хэн дуртай нь манай намыг худалдаж авахыг хүсдэг болж. Хувийн компани манай намын томилгоог оффистоо суугаад зурж байна. Дарга нар нь ажилчдаа удирдаж чадахаа больсон, газрын дарга нар нь сайдынхаа үгэнд ордоггүй, яагаад гэвэл төрийн бодлогыг биш компанийн бодлогыг хийж байна. Боловсон хүчний бодлого алдагдсан. Ийм байдлаар цаашдаа явах уу засаж залруулах уу? Эмээл хазаарын бүтэн дээр ярьж, хариуцлага тооцож цаашаа явах уу эсвэл 30 гэр бүл монголын бүх баялгийг хувааж идээд дуусах уу” гэлээ. 
 
Үүний дараа Ё.Баатарбилэг гишүүн УИХ-ын дарга М.Энхболдоор үг хэлүүлэх санал гаргажээ. Ингэснээр МАН-ын дарга асан, УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн байна.
Тэрээр хэлсэн үгэндээ:
Би намын даргыг өгөхөд хууль хяналтын байгууллагуудын хүрээнд энэ асуудлаа шийдчихсэн, хүлээлгэж өгсөн.  2016 оны  зургадугаар сарын эхээр энэ яриа хөөрөө гарч. Энэ яриа хөөрөө гарсан байсан ч бид 65 суудал авч, амжилт гаргаж байсан. Аравдугаар сарын 19-нд орон нутгийн сонгууль болоход бас л “60 тэрбумын” яриа гарсан. Гэхдээ бид 21 аймгийн 234 суманд, нийслэлийн есөн дүүргээс зургаан дүүрэгт бас ялалт байгуулсан. Өнөөдрөөс хойш бүх үйл явдлуудыг нам хэрэв сонгуульд амжилт гаргахгүй бол “60 тэрбум”-аас боллоо гэдэг үнэлэлт дүгнэлтийг өгөөд байгааг би гайхаж байна. Өнөөдрийн Монгол улсын Ерөнхийлөгч “60 тэрбум”-ыг цэгцэлнэ гэж ярьж, сонгуульд ялж, ялалт байгуулсан. Өнөөдөр манай нөхдийн дундаас бас “60 тэрбумын” асуудлыг ярьж байна. 2016 оны зургаадугаар сараас хойш 11 сар хүртэл гурван удаа 2017 оны наймдугаар сараас эхлээд 12 дугаар сар хүртэл хууль хяналтын байгууллага хянаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, үүсгэсэн хэргээ хэрэгсэхгүй болгосон. Хүний нэр төрд халдсан байна гэдэг үнэлэлт дүгнэлт гаргасан, дүүргийн болон шүүх прокурорын шийдвэрүүд гарсан байсан. Энэ бол би МАН-аас 60 тэрбум гэдэг яриаг салгаж хууль эрхзүйн үндэслэл нь тавигдсан гэж ойлгож байна. Бидний нүүрэн дээр батга мэт наалдсан байсан энэ зүйл биднээс салах боломж бололцоо байсан. Харамсалтай нь бид өөрсдөө аваад хаячихсан тэр хатиг, батгаа эргүүлж өөрснөө авч нүүрэндээ наасан. Одоо өнөөдөр энэ зааланд сууж байгаа хүмүүс тэр 60 тэрбумын схемээр хэн нь хэнд хэдэн төгрөг өгөөд албан тушаалд томилогдсон юм бэ, тэрийгээ ярих хэрэгртэй. Би бол нэг ч хүнийг тэр 60 тэрбум гэж яригдаж байгаа схемээр, хүнээс мөнгө төгрөг авч ийм ажил албан тушаалд томилоогүй гэдгээ өмнө ч хэлж байсан, одоо ч бас хэлж байна.
Намын шийдвэр гарлаа ажлаа өгч байсан, Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцлоо гээд би намын даргад нэр дэвшилгүй, дараагийн хүнд нь тамгыг гардуулж шилжүүлж явсан. Би яг өөрийн амрыг хараад энэ хэл амнаас хол байя гэж бодвол энэ албыг өгөхөд надад болохгүй зүйл гэж үгүй, гэхдээ өнөөдөр цаг нь биш. Өнөөдрийн парламентын үйл ажиллагаанд үүсээд байгаа нөхцөл байдал, Монгол улс парламентын засаглалтай хэвээрээ байх уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөх гээд байгаа энэ нөхцөл байдал, манай намын дотоод нөхцөл байдал, энэ ЖДҮХС-аас зохион байгуулалттай гэж хэлж болохоор зээл авсан, тэр нь олон түмний бухимдлыг төрүүлээд байгаа энэ цаг үед бол хүндрэл бэрхшээл асуудлаас зугатааж байгаа мэтээр өргөдлөө өгөөд явахыг би буруу гэж бодож байна. Харин өнөөдрийн энэ нөхцөл байдлыг дагуу ёс журмын дагуу асуудлууд шийдэгдэж, төр засаг үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдсэн үед асуудал өөр байна. Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд би бас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хэлэлцэгдэж байгаа зарим нэгэн асуудал дээр байр суурь ганцаардах явдал ч байгаа. Үүнийг бодох ёстой асуудал гэж би боддог. Ингээд та бүхний ажил үйлсэд амжилт хүсье гэв.
 
Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "УИХ-ын даргыг огцрууллаа гээд бидний хүсээд буй хариуцлага, шударга ёс, сахилга бат хэзээ ч тогтохгүй. Би УИХ-д 2012 онд та бүхний дэмжлэгтэйгээр сонгогдсоноос хойш улс төрийн тогоонд тодорхой хэмжээгээр чанагдаад явж байна. Хоёр даргын илтгэлийг сонсоход зарим нь үнэн байсан бол огт худлаа зүйл ч байна. Өчигдөр хийсэн хэвлэлийн бага хуралтай холбогдуулаад надад хариуцлага ногдуулах нь дээ гэж харж байна. Түүнд хүндэтгэлтэй хандаж байна. Бага хурлын гишүүдийн зарим нь М.Энхболд даргыг чөлөөлөх зорилготой ирж байна. Гэтэл  Бага хурлын бүх гишүүнд хэд, хэдэн эргэлзээ байна. Үүгээр У.Хүрэлсүх, М.Энхболд дарга хоёр байр сууриа илэрхийлмээр байгаа юм. Сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулга түүний зөвлөх Н.Алтанхуяг нартай У.Хүрэлсүх даргын үг, үйлдэл яг нийцээд явж байгааг би ажигласан. Үйлдэл, үгийн холбоос нь. Энэ эргэлзээнд хариулт өгнө үү гэжээ.
А.ЦЭЛМЭН
 
 
МАН-ын бага хурал дээр У.Хүрэлсүх, М.Энхболд нарын хэлсэн үг
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Баяр-Өлзий [202.126.89.85] 5 жил өмнө
    Цэцэрлэгийн хүүхдүүд шиг юу болоод байна вэ.Ардын нам хуваагдах гээд байна уу.Цаана чинь дэлхийн улс төрийн байдал маш хурц байгаа үед юуны чинь цагаан сар наадам гэгч баймаар.Төрийн түшээд шиг юм үзсэн хүн шиг байгаач.Энхболд дарга ийм хэрүүлийг сонсоод байхаар орооно гэдэг болж байна даа.Монголын эрх ашгийг бодоод жаахан эх захтай байгаач.Төрийн эрх барих дээд байгууллага нь хэн билээ.Ёс ёмбогор Төр төмбөгөр гэдэгсэн.Туул баргүй ч болдоо.Хайран Төр.