Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Хуучин улс төр шинэ онтой золгосон 7 хоног
5 жил өмнө   420
Дэлхий нийт хуучин оноо үдэж, шинэ оноо угтсан долоо хоног өнгөрч байна. Бүтэн сар баяр тэмдэглэсэн монголчуудын шинэ жил өндөрлөж, цагаан сартай залгажээ.  Телевизээр цагаан сарын рекламууд хөвөрч, харин Монголын төрд юу ч өөрчлөгдсөнгүй. Хуучин онд өрнөсөн улс төр шинэ онд яг л хэвээрээ үргэлжилж, ам.долларын ханш өсч, мах магнаг болсон гээд эдийн засагт дотоод шалтгаантай шинэ хямрал дохиолж эхлэв.
 
ТЭГ ЗОГСОЛТ
 
Шинэ он гарсан хэдий ч Монголын төр тэг зогсолттой хэвээр байна.  МАН-ын энэ хүү зодоон хэр удаан үргэлжлэхийг таашгүй бөгөөд эрх баригчдын хагарал улс орны эдийн засаг, аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж эхэллээ. Шинэ онд хуучин оны улс төр хэвээр үргэлжлэх нь Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээнээс сонсогдож байна. Ямар ч төр нь гацалттай хэдий ч иргэд нь шинэ оноо төв талбайдаа угтсан юм.
 
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСӨЛ
 
УИХ-ын 40 гишүүн спикерээ эсэргүүцэн ажил хаялт зарлаад удаж байгаа юм. Байнгын үйл ажиллагаатай байх ёстой Монголын парламент нэгэнтээ гацсан тул Ерөнхийлөгч УИХ-ын тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, Тамгын газрын дарга З.Энхболдоор өргөн бариулсан нь энэ долоо хоногийн гол сенсааци байв.  Уг хуулийн төсөлд "УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төслийг өргөн мэдүүлснээр УИХ хэлэлцэн, ёсоор болгосон бол чөлөөлнө" гэсэн заалтын суулгаж өгсөн юм.  Гэвч, үүний ард Монголын парламентын дархлаа сулрах эрсдэл байгааг сануулах улстөрчид харин цөөхөн байна.
 
МАХ МАГНАГ БОЛОВ
 
Махны үнэ тэнгэрт хадсан нь амралтын өдрүүдийн шүүмжлэл дагуулсан нэг сэдэв байлаа. Сар шинийн өмнөхөн махны үнэ өсдөг ч, энэ жилийн хувьд хэтэрхий өндөр байгаа нь хятадуудын худалдан авалттай холбоотой гэсэн албан бус мэдээлэл цацагдаж буй. Гэвч, зөвхөн мах бус өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн буюу гурил, сүү, талхны үнэ өссөн.  Мах болоод бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь хятад ченжүүдээс илүү Монголын эрх баригчид тэр тусмаа МАН-ыг буруу. Тэд өнгөрсөн гурван жил  ажил хийхээс илүү албан тушаалын  хэрүүл хийсний үр дүнд  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч,  үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханш унасаар байгаа билээ. Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан эдийн засагт ирэх эрсдлийг шинэ оны өмнө эрх баригчдад анхааруулсан ч харамсалтай нь МАН-ын зодоон эргээд энэ улсыг эдийн засгийн хямралд хүргэж болзошгүй эхний дохио бол мах болоод өргөн хэрэглээний үнийн өсөлт болжээ.  Төрөө хямралаас, иргэдээ ядуурлаас гаргах амлалтайгаар эрх баригч болсон МАН-ынхан харамсалтай нь, идсэн ЖДҮдээ бялуурсан уу энэ тухай ярьж, санаж байгаа хүн алга.
 
А.ЦЭЛМЭН
Хуучин улс төр шинэ онтой золгосон 7 хоног
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0