Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ж.Энхбаяр нарын таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?
5 жил өмнө   638
УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногийн даваа гаригт хуралдаж эхэлснээр улс төрийн үйл явцууд өрнөх нь ээ. Ээлжит бус чуулганаар УИХ-ын таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокуророос оруулж хэлэлцүүлэх асуудал улс төр, хуулийн хүрээнд яригдаж эхэллээ.
 
Албан бус эх сурвалжийн мэдээллээр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Н.Оюундарь болон Х.Болорчулуун нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа оруулахаар ээлжит бус чуулганыг хүлээж байгаа аж.
 
Одоогоор УИХ-ын нэр бүхий 23 гишүүн ЖДҮХС-аас зээл авсан асуудлаар АТГ-т шалгагдаж буй. Тэднээс тавынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокуророос  өнгөрсөн намрын чуулганд оруулсан. Ингэхдээ ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг шалгахад гишүүнийх нь бүрэн эрх саад учруулж байна гэж үзэж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан,  Л.Энхболд, Б.Ундармаа,  Б.Батзориг нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавьсан. Гэвч УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр энэ асуудлыг шалгах боломжтой гэж Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, чуулганы хуралдаанаар үзэн, дээрх таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.  Харин одоо эдгээр таван гишүүний хувьд ЖДҮХС-аас зээл авсан асуудлаар яллагдагчаар татах дүгнэлтэд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэдгийг хуулийн байгууллагаас мэдэгдэж буй.
 
Тэгвэл энэ удаад дахин таван гишүүний асуудлыг оруулж ирж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа ээлжит бус чуулган эхлэнгүүт хүргүүлэх сурагтай. Тэднийг  ЖДҮХС-аас зээл авсан асуудлаар шалгахад мөн л бүрэн эрх нь саад учруулж байна гэж үзжээ. Гэхдээ тэдний зарим нь ЖДҮХС-гаас зээл авснаа хүлээн зөвшөөрдөг бол зарим нь үгүйсгэсэн тайлбарыг өмнө нь өгч байв. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувьд “Газар буудай” ХХК-иараа дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан бөгөөд ЖДҮХС-ийн дуулиан үүсэх үед авсан зээлээ буцаан төлсөн юм.
 
 
  • УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийнх нь “Рэд стар клуб” ХХК  ЖДҮХС-аас 800 сая төгрөгийн зээл авч, мөн л эргүүлэн төлсөн.
  •  
  • УИХ-ын гишүүн Х.Болорчулууны “Дорнод гурил” ХХК 950 сая төгрөгийн зээл ЖДҮХС-аас авсан гэгдэх бөгөөд тэрбээр үүнийг үгүйсгээд байгаа юм.
  •  
  • УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хувьд "Өгөөдэй Ази" ХХК-д зээл авч өгсөн гэх мэдээлэл гарч байсан ч тэрбээр үүнийг үгүйсгэсэн.
  •  
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хувьд ЖДҮХС-аас зээл авч өгсөн компаниасаа 120 орчим сая төгрөгийн хахууль авсан гэсэн үндэслэлээр тус тус шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байна.
 
 
УИХ-ын ээлжит бус чуулган гуравдугаар сарын 18-нд эхэлнэ. УИХ-ын байнгын хороодын үйл ажиллагаа энэ долоо хоногоос эхэлж байгаа юм. Иймээс эрх баригчид ЖДҮ-чдээ дахин хамгаалаад үлдэх үү, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх үү гэдэг нь ирэх өдрүүдэд өрнөх ээлжит бус чуулганаас тодорхой болно
 
ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN Ш.ЧИМЭГ
Ж.Энхбаяр нарын таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0