Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Тендерээс мөнгө завших боломжгүй боллоо
5 жил өмнө   21184
Төсвийн уутнаас сул асгарсан мөнгөний багагүй хэсэг нь тендер нэрээр үгсэн хувилддаг хэсэг бүлэг этгээдийн халаасанд ордог. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ авах тухай хуулийг өөрчлөх гол шалтгаан болж байна.  Авилга ашиг сонирхлоос ангид нээлттэй ил тод байх ёстой тендер өнөөдөр хар захын хэмжээнд хүрснийг хууль тогтоогчид хүлээн зөвшөөрч байгаа юм.
 
Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж баталлаа.
 
Тендерийн харилцааг зохицуулсан бие даасан хуулийн зохицуулалт 2005 онд батлагдсан. Батлагдсан цагаасаа хойш нийтдээ 23 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд энэ удаагийнх 24 дэхь удаагийн өөрчлөлт юм.
 
 
Хуулийн төслийг өнгөрсөн оны 5 дугаар сард  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар /тухайн үед/ өргөн барьж, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын Д.Оюунхорол ажилласан юм.
 
 
Энэ нэмэлт өөрчлөлтөөр 
 
− худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, 
− үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийг дэмжих, 
− тендер шалгаруулалтын зохион байгуулалтыг хурдан шуурхай болгох, 
− авилга ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, 
− олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх 
− байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, 
− худалдан авах ажиллагаанд цахим систем ашиглахыг боловсронгуй болгох, 
− гэрээний үүргээ биелүүлээгүй этгээдийг тендерт оролцох эрхийг хязгаарлах хар жагсаалт бүртгэх, 
− олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах тогтолцоог нэвтрүүлэх зохицуулалтуудыг  тус тус оруулжээ.
 
Эдгээрээс  цахим болон ногоон худалдан авалтыг дэмжихээс гадна дотоодын үйлдвэрлэгчдийг онцгойлон дэмжих зохицуулалт тусган нь анхаарал татаж байгаа юм.  Өмнө нь ийм төрлийн зохицуулалт байсан ч худалдан авалтын багцыг ангилж өгөөгүйгээс үүдэн дотоод үйлдвэрлэгчдэд боломж тун хомс байжээ. 
 
Жишээ дурдахад 2017 онд гэхэд төр 1,4 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн, ердөө 46,7 тэрбум төгрөгийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэгчдээс хийсэн байна.
 
Энэ хүү заалтыг тусгаж өгсөн нь дотоодын үйлдвэрлэгчдээс хийх худалдан авалтыг нэмэгдүүлэх томоохон боломжийг бий болгожээ. Мөн гэрээний үүргээ биелүүлээгүй этгээдийг тендерт оролцох эрхийг хязгаарлах хар жагсаалт бүртгэх заалт оруулж өгсөн нь хариуцлагажуулах нэгэн том алхам байлаа.
 
Үүнээс гадна үнэлгээний хорооны гишүүдийн 50-с доошгүй хувийг мэргэжлийн холбоодын удирдлагуудаас бүрдүүлэхээр шинэ хуулинд зохицуулсан байна. Энэ зохицуулалт тендерийн баталгаа гарган нийт төсвийн 20-30 хувийг халаасалдаг төрөөс төрсөн тэрбумтангуудыг цэгцэлнэ гэж үзэж байгаа юм.
 
 
А.ЦЭЛМЭН
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Тендерээс мөнгө завших боломжгүй боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0