Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ерөнхийлөгч юутай ирсэн бэ!
5 жил өмнө   1769
БНХАУ-ын дарга Си Жиньпин 2014 онд Монгол улсад төрийн айлчлал хийх үеэр олимпын аварга Н.Түвшинбаярыг дагуулан хамгаалалтын урсгал сөрөн гүйж эсэргүүцлээ илэрхийлж байсан өнөөгийн Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга урд хөршид Төрийн айлчлалаар саатаад байна. 
 
Си Жиньпиний урилгаар хувь заяаны хатуурхал ч гэмээр тавилантай нүүр тулж давахгүй гэсэн даваагаа даваад ирж буй Ерөнхийлөгчийг дэмжигчид хийгээд эсэргүүцэгчид нь юутай ирэх вэ гэсэн хүлээлтээр угтаж байна. 
 
Ямартай ч төрийн тэргүүний маань урд хөршид хийсэн айлчлалын талаар Ши ЖиньПин болон түүний гэргийтэй авахуулсан зургаас өөр мэдээлэл сонсогдсонгүй. 
 
 Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын Хятадад хийсэн айлчлал үр дагавар багатай байсан уу, эсвэл үйл явдлыг нь хэвлэлийнх нь алба олон нийтэд олигтойхон хүргэж чадаагүйтэй холбоотой  байж болох. 
 
Төрийн тэргүүний айлчлалын үеэр  хэд хэдэн  хэлэлцээрт гарын үсэг зурж, /Энд дарж үзнэ үү/ Хятадын зүгээс мөнөөх   хөрөнгө мөнгө санхүүжилтээр дэмжихээ илэрхийлсэн нь Монголын хувьд шинэ мэдээ биш.
 
Товчхондоо, Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалаар Хятадын Засгийн газраас буцалтгүй тусламж өгөхөөр болсон, Налайх-Чойрын замыг барих, ган төмөрлөгийн цогцолборыг байгуулах төсөлд гарын үсэг зурсан  зэрэг нь урьд өмнөх олон удаагийн яриа хөөрөө, харилцан айлчлал, АСЕМ зэрэг томоохон хурал зөвлөгөөний үеэр яригдаж шийдэгдсэн зүйлүүд.
 
З.Энхболд даргын “Хятадын тусламжийн мөнгийг Буянт-Ухаагийн спорт цогцолборын орчимд Азийн хүүхдийн наадам болон Зүүн Азийн олон төрөлт спортын наадмын тамирчдыг хүлээж авах барилга байгууламжийн дутагдаж байгаа хэсгийг байгуулахад зарцуулна. Юу хийх нь манай Засгийн газрын эрх. Юу хийхээ дотроо ярилцаад Хятадын даргад мэдэгдэж байгаа. Дутагдах спортын төрөл байхгүйгээр бүх төрлийн спортын барилга байгууламж, зочид буудалтай байхаар төлөвлөж байна” гэсэн яриа нь МАН-ынханд ад үзэгддэг АСЕМ-ын үеэр Монголд өгөхөөр тохиролцсон буцалтгүй тусламжийг авахаар болсон тухай. Өөрөөр хэлбэл, АСЕМ-аар Монголд өгөхөөр тохирсон буцалтгүй тусламжийг авах бичигт Х.Баттулга явж очоод гарын үсэг зурсан хэрэг.
 
Түүнээс Хятадын дарга Х.Баттулга Ерөнхийлөгчид саймширсандаа ч онцгойлон өгч байгаа бэлэг биш гэсэн үг.  Энэ мөнгийг Хятадын татвар төлөгчид Монголын ард түмэнд өгсөн болохоос Х.Баттулга гэж хувь хүнд өгөөгүй.
 
Тиймээс З.Энхболд даргын хэлээд байгаа  тамирчдад зориулсан зочид буудал барихад зарцуулах нь эдийн засгийн хувьд үр ашиг багатай. Тэгээд ч энэ мөнгийг юунд зарцуулах нь манай Засгийн газрын эрх юм бол шүү дээ. Монголд спортын ордон, тамирчдад зориулсан зочид буудлаас илүүтэй эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө мөнгөөр дутсан, гацсан өч төчнөөн асуудал бий.
 
Буцалтгүй тусламж гэхээрээ юу дуртайдаа зарцуулж, юу дуртайгаа барина гэсэн үг бас биш юм..
 
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр орны Гадаад харилцааны сайд нарын зурсан гэрээ хэлэлцээрээс харахад Монголд ган үйлдвэрлэх төсөл хэрэгжинэ гэдэг үлгэрийн далай. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа Ерөнхийлөгч Х.Баттулга “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” барина гээд Чингис бондын хөрөнгөөс 14 тэрбум төгрөг аваад бас л “дашийн шог” болчихсон худлаа биш.
 
Түүнчлэн Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай Монгол Улсын “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК болон БНХАУ-ын Синостийл Экүйпмэнт энд Инженерийн (SINOSTEEL) ХК хоорондын гэрээнд Монгол Улс гурав дахь удаагаа  гарын үсэг зурж байна. Ч.Сайханбилэгийн, У.Хүрэлсүхийн, Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал гээд төрийн, албан ёсны айлчлал болгоноор зурагддаг нэг эрчим хүчний төсөлтэй болж орхисон. Энэ мэт айлчлал болгоноор яригддаг "мөнхийн" гэрээ хэлэлцээр цөөнгүй бий.
 
Албан мэдээндээ жагсаасан, айлчлалынх нь үеэр зурагдсан гэрээ, хэлэлцээрээс харвал Ерөнхийлөгч ганзага дүүрэн мэт, гэвч бодитоор өнгийгөөд харвал хов хоосон богцтой л ирж.
 
Ерөнхийлөгч юутай ирсэн бэ!
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0