Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
МАН: Хамгийн олон санал авсан 76 хүн УИХ-д сонгогдоно
5 жил өмнө   612
МАН-ын бүлгийн өнөөдрийн  /2019.06.03/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. Тус хуулийн төсөл нь УИХ-аас чиглэл өгсний дагуу улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүхэд хянахгүй байх зохицуулалттай хууль юм. Үүнийг эсэргүүцэн Ерөнхийлөгчийн зүгээс хуульд бүхэлд нь хориг тавьсан ч  МАН-ын бүлэг хоригийг хүлээж авсангүй.
 
Хоёрдугаарт хэлэлцсэн асуудал нь  ҮХЦ-ийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор түүний орны хүнийг томилох асуудлыг хэлэлцээд   УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж буй Г.Баясгалангийн нэрийг санал оруулж ирснийг  мэргэжлийн хүн гэж үзээд  бүлгийн гишүүд дэмжсэн байна.
 
Гуравдугаарт, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж буй төслийн талаар ажлын хэсгээс мэдээлэл сонсчээ. Өнгөрсөн онд УИХ-ын даргын даргын захирамжаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах  ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ажиллаж байгаа юм.
 
Энэ талаар ажлын хэсгийн ахлагч мэдээлэл өглөө. Тэрбээр “Бүлэг дээр манай ажлын хэсгийн боловсруулсан төслийн талаарх мэдээлэл сонслоо. Сонгуулийн тухай гурван хуулийг санаачилж өргөн барих ажлын хэсгийг өнгөрсөн онд байгуулсан. Уг ажлын хэсэгт дан ганц МАН-ын гишүүд гэлгүй  УИХ-д суудалтай улс төрийн нам, бие даагчийн төлөөллийг оруулж  УИХ-ын 12 гишүүн болон бусад хуульч, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Өмнө нь 2015 онд УИХ, нийслэл, дүүрэг, Ерөнхийлөгчийн сонгуулийг нэг хуулиар зохион байгуулах  хуулийг баталж байсан. Энэ хуулийн дагуу 2016 оны шат шатны сонгуулиудыг зохион байгуулсан. Цаашид гурван өөр сонгуулийг нэг хуулиар явуулах эрхзүйн боломжгүй байна гэдэг том сургамж авсан. Үүний дагуу энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ, нийслэл, дүүрэг, Ерөнхийлөгчийн сонгуулийг тус бүрийнх нь хуулиар явуулах зайлшгүй шаардлага  бий болсон гэж үзэн өөрчлөлт оруулж байна. Өмнө нь манай улс долоон удаа сонгууль явуулахдаа дөрөвд нь жижиг мажоритараар хийсэн бол гурван удаад нь том мажоритар болон холимог тогтолцоогоор явуулсан байна.
Тиймээс Сонгуулийн хуулийг батлахдаа улсын эрх ашгийг тооцож, ард түмэнд ашигтай тогтолцоогоор явуулах нь зөв гэж үзсэн. Өнөөдрийг хүртэл Сонгуулийн хуулийг батлахдаа эрх барьж буй намын талд баталдаг байсан. Цаашид ард түмэнд ашигтай байх талаас Сонгуулийн хуулиа өөрчлөх  нь зөв гэж ажлын хэсэг үзээд  дөрвөн хувилбар дээр ярилцсан.
 
1-рт, том мажоритар
 
2-рт, бүс нэг буюу бүсчилсэн тойрог
 
3-рт, жижиг мажоритар
 
4-рт улс нэг тойрог байх хувилбар оруулж ирсэн. Эдгээр дөрвөн хувилбараас аль нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлоготой нийцэх вэ гэж үзээд Монгол улс нэг тойрог байх нь зүйтэй гэдэг шийдвэрт хүрсэн. Өнгөрсөн хугацаанд жижиг тойргоор явуулсан сонгуулийн үр дүн  улс орны эдийн засгийн чадавхыг сулруулж байсан. Тойргийн, жалгын систем дээр үндэслэж хөрөнгө оруулалтыг хэдэн хэсэг хуваадаг байсан. Иймээс цаашид тогтвортой хөгжихийн тулд 76 гишүүн нэг тойргийн системээр ажиллах нь зүйтэй гэдэг үүднээс дээрх шийдвэрт хүрсэн" гэлээ.
 
Хууль  тогтоомжийн тухай хуулиудын дагуу хэлэлцүүлэг, үнэлгээг хэдэнтээ зохион байгуулж  зөвхөн Засгийн газраас л санал авах үлджээ. Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ажлын хэсэг улс төрийн 26 нам, төрийн бус байгууллага найман байгууллага, төрийн байгууллага /УБЕГ, СЕХ гэх мэт/-ыг оролцуулсан хэд хэдэн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, 230 гаруй санал ирснээс  135 саналыг нь хүлээж авах боломжтой гэж үзсэн байна.
 
Ямартай ч тухайн улс төрийн нам хамгийн дээд тал нь 76 хүнийг нэр дэвшүүлэх боломжтой бөгөөд сонгогч зөвхөн нэг хүнийг дугуйлах юм байна. Тухайлбал,  700 хүн нэр дэвшинэ гэж тооцоход хамгийн олон санал авсан эхний 76 хүн  УИХ-д сонгогдох аж.
 
МАН: Хамгийн олон санал авсан 76 хүн УИХ-д сонгогдоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0