Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Н.Оюундарь: Үндсэн хуулийн нутгийн удирдлагатай холбоотой зохицуулалтыг хэсэгчилсэн байдлаар өөрчлөх хэрэггүй
5 жил өмнө   550
УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.
 
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Энэ удаагийн өөрчлөлтийн төслийг хэр сайн болсон гэж харж байгаа вэ?
 
-Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан мөрдөөд 27 жил болсон байна. Энэ хугацаанд нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд зарчмын шинэчлэлүүд хийсэн. Гэхдээ улс орны хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөөний баталгаажилтыг урагш ахиулахын тулд Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий болсон гэж үзэж байна. Үе үеийн УИХ-ын бүрэлдэхүүнээс Үндсэн хуульдаа зохих нэмэлт, тодотгол хийх санал санаачилга гарч байсан.
 
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хийснээр, Үндсэн хуульд 2,000 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийг засаж залруулж, байгалийн баялаг ашигласны үр өгөөж ард түмэнд хүрч оч их нөхцөл боломжийг нээж өгч, парламентын ардчиллыг зөв голдрилд оруулах юм.
 
Мөн ард түмний засаглах эрхийг ханган УИХ-ын хяналт, хариуцлагыг дээшлүүлж, төрийн эрх мэдлийн хяналт тэнцвэрийг оновчтой болгож, гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа байх ёстой шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах, улсын болон орон нутгийн харьяалалтай хотын эрх зүйн байдлыг тодорхой болгож, нутгийн өөрөө удирдах ёс боловсронгуй болж, сум, дүүргийн Засаг даргыг иргэд өөрсдөө шууд сонгодог болгох нэмэлт, өөрчлөлтүүд орсон байгаа.
 
Энэхүү нэмэлт өөрчлөлтийн үндсэн агуулга нь бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулж, шударга ёсыг бэхжүүлэх, хяналт тэнцвэр, тогтвортой байдлыг хангана гэж харж байна.
 
-Энэ удаагийн өөрчлөлтөөр институт хоорондын эрх мэдлийн зөрчил арилах болов уу. Уг нь анх Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлахаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьсан. Харин одоо дахин сонгогдох эрхийг нь хязгаарлаж, бүрэн эрхийг нь хугацааг нэмсэн байна?
 
-Парламентын засаглалтай улсад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд эрх мэдэлтэй байх уу, тэр зарчмаар л явах хэрэгтэй. Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүндээ хэн байх вэ гэдгийг шийдвэрлэдэг, төсвөө мэддэг болох, тэднийхээ өмнө хариуцлага хүлээдэг болох, УИХ-аас Ерөнхий сайдыг сонгоход хариуцлагатай ханддаг болох, гүйцэтгэх эрх мэдлийг илүү тогтвортой ажиллах боломж бүрдүүлэх, эргээд  УИХ-аас гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулах өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй.
 
Давхар дээлийн асуудлыг бүрэн хориглох эсвэл УИХ-ын гишүүдийнхээ тоог нэмэх шаардлага, судалгаа байгаа. Ерөнхийдөө эрх мэдлийн хуваарилапт, ард иргэдийн төлөөллийг төгөлдөржүүлэх, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын засаглалын тогтолцооны гажуудлыг арилгах, улс төрийн эрх ашгаас ангид байдлаас Үндсэн хуулиа хэлэлцэх хэрэгтэй.
 
Эдгээр цөөхөн асуудлыг л шийдэх хэрэгтэй. Үгүй бол ардчилалд хүмүүс хоорондоо маргалдаад шийдвэр гаргаж чаддаггүй, хариуцлага хүлээдэггүй гэсэн ойлголт нийгэмд газар авч сүүлдээ дарангуйллын дэглэмтэй болох санаа цөөн хүнээс гарахад хүргэж байна.  Гадаадын парламентууд ардчилалтай ч эдийн засгийн хувьд хамгийн сайн хөгжиж чадсан улсуудад гүйцэтгэх эрх мэдэл нь тогтвортой, хариуцлагатай байдаг. Энэ жишгийг авч парламентын засаглалаа бэхжүүлэх хэрэгтэй.
 
Төсөлд хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх гэсэн парламентын засаглалтай улсын Ерөнхийлөгчид төдийлөн байдаггүй бүрэн эрхийг нь хассан байна. Ерөнхийлөгч энэ хоёр эрх мэдлээрээ дамжуулан Засгийн газартай давхардуулсан, заримдаа зөрчилдсөн бодлого санаачилж, гүйцэтгэх эрх мэдэл рүү хэт орж, эцэстээ хэн нь хариуцлага хүлээх нь тодорхойгүй болгоод байгаа. 
Түүнчлэн, төсөлд Ерөнхийлөгч шүүгчдийг томилдгийг нь ёсчилдог болгосон байна. Уг нь Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн шүүгч томилох эрх мэдлийг маш тодорхой заагаад өгсөн байдаг ч энэ нь сүүлийн 25 жил зөрчигдөөд явж байгаа.
 
Яагаад гэвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно гэсэн байдаг. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно гэж байгаа юм. 
 
Томилно гэж байгаа нь үүрэгдүүлсэн утгыг хуульд илэрхийлдэг. Татгалзах эрхгүй гэсэн үг л дээ. Шүүхийн ерөнхий зөвлөл, Дээд шүүхээс гараад ирсэн нэрийг Ерөнхийлөгч томилох л үүрэгтэй, татгалзах эрхгүй гэсэн үг. Гэтэл сүүлийн 25 жил Ерөнхийлөгч татгалзаж ирсэн гэх мэт доголдолтой олон асуудлыг шийдэх нь зүйтэй юм.
 
-Орон нутагт намчирхлыг арилгахаар сум, дүүргийн Засаг дарга нарыг иргэд сонгох зохицуулалт оруулж байгаа юм билээ. Ингэснээр ИТХ, Засаг дарга хоёрын дунд эрх мэдлийн зөрчил гарах болов уу гэсэн болгоомжлол байна?
 
-Сумын Засаг даргыг орон нутгийн иргэд сонгоно гэвэл хариуцлага тооцох боломжгүй. Багийн даргыг сумын Засаг дарга томилдог нь зөв.
 
Одоогийн тогтолцоогоор жалга довын үзэл гарах, ах дүү хамаатан ихтэй хүн багийн дарга болдог. Баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно гэж төсөлд тусгасан байгаа. Сум, дүүргийн Засаг даргыг томилдог боллоо гээд баг, хорооны Засаг даргын томилгоо улс төрөөс ангид болохгүй. 
 
Тэнд ялсан намын хүмүүсийг л томилно. Ер нь харьцангуй бага судлагдсан, яаж хөгжүүлэх тап дээр зөвшилцөл үүсээгүй, хаа хаанаа сайн ойлгоогүй байгаа нэг институц бол нутгийн удирдлага. Товчхондоо нутгийн удирдлагатай холбоотой зохицуулалтыг хэсэгчилсэн байдлаар ингэж өөрчлөх хэрэггүй гэж хэлмээр байна.
 
-Хууль, шүүхийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зохицуулалтуудыг хэр чамбай болсон гэж үзэж байгаа вэ?
 
-Шүүх эрх мэдэл бол өөрөө улс төрөөс хараат бус бие даасан салбар. Шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаална гэдэг нь их өргөн хүрээтэй ойлголт. Хамгийн гол нь зөв, шударга ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм. 
 
Шүүхэд итгэх иргэдийн итгэл буурсантай холбогдуулан, шударга ёсны баталгаа болсон шүүх эрх мэдлийг хараат бус байлгах нөхцөлийг хангахаар Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийн асуудлаа хариуцдаг, шүүгчдэд хариуцлага хүлээлгэдэг. Шүүгчдийн хариуцлагын зөвлөлийг байгуулж ажиллуулахаар, энэ нь олон нийтийн төлөөллөөс бүрддэг байхаар төсөлд тусгасан байсан. Жишээ нь, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тавыг УИХ-ын холбогдох Байнгын хороод томилгооны сонсголд оруулж, нийт гишүүний гуравны хоёрын саналаар зөвхөн нэг удаа дөрвөн жилийн хугацаагаар томилдог байхаар тусгасан. 
 
Мөн шүүгчдэд тавих шаардлагыг өндөржүүлж, насны босгыг нэмэгдүүлж, Дээд шүүхийн шүүгчээр ажиллах хугацаатай болох зохицуулалт орсон. Үүнээс гадна Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд тавигдах шаардлагыг өндөржүүлж, улс төрчид орж ажиллах асуудлыг зогсоохоор холбогдох зохицуулалтуудыг тусгасан нь харьцангуй сайн болсон гэж харж байгаа.
 
-Нэг нам үнэмлэхүй олонх байхдаа Үндсэн хуулийг өөрчлөх нь гэсэн шүүмжлэл нэлээд байгаа. Үүнийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
 
-Бид  1924 онд Азид анх удаагаа Үндсэн хууль баталсан ард түмэн. Энэ удаагийн парламентын түүхэн үүрэг бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах явдал юм. Гэхдээ УИХ-д нэг улс төрийн хүчин дийлэнх олонхыг бүрдүүлж буй энэ үед өөрчлөлт оруулахгүй бол олон намтай, цоохор парламентын үед зөвшилцөлд хүрч, Үндсэн хуулиа өөрчилж чадахгүй юм байна гэдгийг өнгөрсөн дөрвөн жилд бид хангалттай харсан шүү дээ. 
 
Гэхдээ Үндсэн хуулийн төслийг бүхий л улс төрийн намын төлөөллийг оролцуулан, хэлэлцэх ёстой. Түүнээс өмнөх парламентуудад ч энэ талаар яриад үр дүнд хүрч чадаагүй. Тийм учраас боломжит хугацаа нь энэ хаврын чуулган болж таарч байна.
 
УИХ-ын 76 гишүүний 57-гоос дээших нь дэмжиж байж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг. Одоогийн байдлаар 67 гишүүн дэмжиж гарын үсэг зураад байна. Тиймээс хуульд заасан хязгаараас дээш тооны гишүүний дэмжлэгтэйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах болов уу гэж харж байна.
 
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр давхар өөр хуулийн төсөл хэлэлцэхгүй. Хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэх шаардлагатай байсан хуулийн төслүүд байсан уу?
 
-Байсан. Гэхдээ нэгэнт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн учраас бусад хуулийн төслүүдийг хойшлуулах байх.
 
-Эрх баригчид улс орны хөгжлийн бодлогыг хамаарахгүйгээр өөрсдөдөө ашигтайгаар сонгуулийн тогтолцоог өөрчилдөг байдал олон жил үргэлжиллээ. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтоохоор оруулж байгаа нь буруу жишгийг арилгахгүй нь гэсэн шүүмжлэл байна. Энэ зохицуулалтыг та дэмжиж байгаа юу?
 
-Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тодорхой зааж өгөх саналууд гарсан хэдий ч яг ийм агуулга бүхий заалтыг төсөлд тусгаагүй байсан. Харин УИХ-ын ээлжит сонгууль явуулахаас нэг жилийн өмнө УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг Үндсэн хуулиараа хориглохоор заасан.
 
Ингэснээр сонгуулийн тухай хуулийг дөрвөн жил тутам өөрчилдөг байдлыг халж, сонгуулийн тогтолцоо, эрх зүйн орчин тогтвортой байх нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж харж байна.
 
-Ер нь, манай улсад сонгуулийн ямар тогтолцоо, тойргийн аль хуваарилалт нь илүү тохиромжтой вэ?
 
-Сонгуулийн тогтолцоо бол ард иргэдийн сонголтыг үнэн зөв илэрхийлж чаддаг, хөрөнгө мөнгөний нөлөөллөөс ангид байх нь оновчтой. Дэлхийн улс орнуудад сонгуулийн үндсэн гурван том тогтолцоо бий. Мажоритар, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн, холимог гэсэн гурван том тогтолцоо байдаг. 
 
Манай улс бүх хувилбарыг бид туршаад үзчихсэн. Тэгэхээр бид энэ бүгдээсээ сургамж аваад нэг систем дээр тогтмоор байгаа юм. Миний хувьд манайд илүү тохирох систем бол пропорциональ систем гэж бодож байна. Энэ нь улсын хэмжээгээр нэгтгэгдээд намын рейтингээрээ суудлаа хуваарилна. Нам дотроо жагсаалтаа гаргахдаа намын нэр дэвшигчдийн авсан саналын тоогоор эрэмбэлнэ. Намын даргад таалагдсан нь УРДУУР жагсдаг биш бүх төлөөллийг оролцуулан жагсаадаг. 
 
Тэр жагсаалтынхаа төлөө намын дарга хариуцлага хүлээдэг. Олон санал авч чадах, нэр дэвшигчээ олж дэвшүүлэхийн төлөө намууд өрсөлдөх, ингэснээрээ танил тал, хэсэг бүлэг фракц, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн нөлөөнд нам автахгүй байх бололцоо бүрдэнэ. Европын ихэнх орон томсгосон тойрогтой, пропорциональ системээр сонгуулиа явуулж байна.
 
Б.ЦЭНД
Н.Оюундарь: Үндсэн хуулийн нутгийн удирдлагатай холбоотой зохицуулалтыг хэсэгчилсэн байдлаар өөрчлөх хэрэггүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0