Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлэл хүргэн, саналыг нь сонсохоор гишүүд тойрог, орон нутагтаа ажиллаж байна.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөлтэй өнгөрөгч лхагва гарагт /2019.06.19/ уулзаж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хүргэн, тэдний саналыг сонсжээ.
Уулзалтад Баянзүрх дүүргийн 1,3,7,2,21,27 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцсон байна. Уулзалтын эхэнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хуулийн төслийн танилцуулгыг хийсэн юм.
Иргэдийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа гагцхүү хэд хэдэн заалтыг чангаруулах хэрэгтэй гэв. Тухайлбал УИХ-ын гишүүдийг эгүүлэн татдаг хариуцлагын тогтолцоог Үндсэн хуульдаа тусгах хэрэгтэй. Засгийн газрын сайд нар УИХ-ын гишүүн давхар суудалгүй буюу дан дээлтэй байх ёстой гэв. Мөн дүүргийн Засаг дарга нарыг иргэд сонгож, хариуцлага алдвал эгүүлэн татдаг болгох хэрэгтэй гэж үзсэн байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлэл хүргэн, саналыг сонсох уулзалт Баянзүрх дүүргийн 2,21,27,1,3,7 хороо тус бүрд үргэлжилж байна.
А.ЦЭЛМЭН
ИРГЭД:Давхар дээлгүй Засгийн газартай байх ёстой гэв. |
|