Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
“Хү” хамтлагт “Чингис хаан” одон гардууллаа
4 жил өмнө   1158

XVII жарны Шарагчин гахай жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн нэгний шар луу хэмээх энэ өдөр, Их Эзэн Чингис хааны эснэн мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний морин цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн Их танхимд “Чингис хаан” одон гардуулах ёслол боллоо.

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Хүннү рок чиглэлээр бүтээл туурвидаг “The Hu” буюу “Хү” хамтлагт олгохоор болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргасныг цугласан зочид, төлөөлөгчдөд уншиж сонордуулав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “ХҮ” ХАМТЛАГИЙГ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОН – “ЧИНГИС ХААН” ОДОНГООР ШАГНАХ ТУХАЙ ЗАРЛИГТ:

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой – Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монголын их эзэнт гүрэн, өвөг дээдсийнхээ суу алдар, бахархалт түүх, үндэсний уламжлалт урлагийнхаа дундаршгүй өв соёлыг орчин үеийн хөгжмийн хэмнэл, хөг аялгуунд нийцүүлэн “Хүннү рок” хөгжмийн шинэ урсгалыг бий болгож, эх хэлээрээ туурвисан уран бүтээлээ дэлхий дахинаа сурталчлан түгээж, Монгол Улс, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж буйг үнэлж, рок хөгжмийн “Хү” хамтлагийг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон -“Чингис хаан” одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жаазанд тусгайлан суулгасан “Чингис хаан” одонг “Хү” хамтлагийн төлөөлөл болгон продюсер Б.Дашдондогт гардууллаа.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ТЭРГҮҮН ЗЭРГИЙН “ЧИНГИС ХААН” ОДОНТ “ХҮ” ХАМТЛАГИЙН ПРОДЮСЕР Б.ДАШДОНДОГ:

Дээд хөх тэнгэр,

Ивээлт өвөг дээдэс,

Их Эзэн Чингис хаан минь ээ,

Мөрийн зэрэгт хүргэгдэж

Төрийн хэрэгт өргөгдсөндөө

Мөхөс би талархаж, нэгэнтээ мэхийн ёсолъё.

Эрхэм хүндэт, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Танаа,

Эрхэм хүндэт, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Танаа,

Эрхэм хүндэт, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Танаа

Мэргэн сайд, сэцэн түшмэд Та бүхэндээ хоёронтоо мэхийн ёсолъё.

Эрхэмсэг монгол соёлын дээд оршихуй, төр ёсны алдар хүндэтгэлийг хүлээсэн номын мэргэд, урлагийн зүтгэлтнүүд, нэр цуутай хамтран зүтгэгчид ээ,

Эрч хүч, хөдөлмөр зүтгэл, бяр чадлаа гайхуулж Монголыг дэлхийд тамгалсан спортын дэвжээнд гялалзагч хүчтэнүүд ээ,

Анд найз нар аа,

Элэг нэгт монгол ахан дүүс Та бүхэндээ гурвантаа мэхийн ёсолъё.

Чонос удмын Баярмагнай овогтой Дашдондог миний бие Та бүхэндээ өвлийн тэргүүн сарын шинийн нэгний бэлгэт сайн өдрөөр “Хү” хамтлагийнхаа эрч хүчтэй, эрэлхэг цоглог залуучууд болон удам сударт ах дүүсийнхээ нэрийн өмнөөс Их Эзэн Чингис хааныхаа мэлмий гийсэн Монгол бидний бахархлын өдрийн мэндийг хүргэж, мэндчилж байгааг минь тогтоон соёрхоно уу.

Өлзий учралт бэлгэт сайн энэ өдөр Төрийн сүлд, Есөн хөлт их цагаан тугийнхаа оршихуй дор Мөнх тэнгэрийн ташуур Эзэн Чингис хааныхаа нэрээр адислагдсан дэлхийд цор ганц эрхэм дээд шагналыг хүртэж, “Хү” хамтлагийнхаа нэрийн өмнөөс хүлээн авч байгаадаа туйлын баяртай байна. Яг энэ түүхэн мөчид “Хү” хамтлагийн маань хөдөлмөрч, авьяаслаг, даруу төлөв залуус маань Монгол угсаатны цаглашгүй их түүх, өв соёл, үндэсний урлаг, эх сайхан орноо сурталчилж, нэр алдраа цуурайтуулан, дэлхийн үзэгчдийг дуу хуураараа байлдан дагуулсаар байна.

Энэ хүртэл бид ганцаараа байгаагүй. Хайрт хань, гэр бүл, хамтлагийн менежерүүд, найз нөхөд гээд хүч хөдөлмөр, хүнлэг сэтгэл, тус дэмээрээ энэ амжилтыг хамтдаа бүтээсэн хүн нэг бүрд гүн талархлаа илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Гардахыг нь би гардавч, гавьяаг нь Та бүхэн хамтдаа хүртэх ёстой юм шүү.

Их цадигт өвгөдийнхөө түүхгүйгээр бид хэн сэн билээ?

Их оюунт өвгөдийнхөө үнэн сургаалгүйгээр бид бас хэн сэн билээ?

Өнөөгийн дэлхий дахины соёл иргэншлийн үндэс суурь болсон төрт улс, хууль цааз, худалдаа арилжаа, шуудан холбоо, гүрэн дамжин зорчих алтан гэрэгэ, соёлын өв болсон анхны найрал хөгжим зэрэг улс орнуудын оршин тогтнол, бүрэн эрхийн баталгаа болсон үндэс суурь гээд олон зүйлсийг бидний өвөг дээдэс, монголчууд бид хүмүүн төрөлхтөнд нээн өгсөн билээ.

Бид эв эеийг хичээж, эвлэлдэн нэгдэж чадваас өвөг дээдэс шигээ оюун санаагаар хүчирхэг улс гүрнийг дахин цогцлоож чадна гэж би боддог.

Тойроод гарахгүй, туулаад өнгөрөх энэ богинохон амьдралдаа ирээдүй хойч үеийнхээ төлөө чадах бүхнээ хийгээд, өвөг дээдсийнхээ үйл хэрэг, хүсэл мөрөөдлийг нь бага ч болтугай урагшлуулахын төлөө бид амьдрах ёстой.

Би Та бүхэндээ энэ цаг дор Их Эзэн Чингис хааны билигт сургаалаас өөрийн хэлэх дуртай нэгэн эшлэлийг хэлэхийг хүсэж байна.

“Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсэж байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсэж байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их сууринд суумагц, Өнөөдөр улсын хэргийг орхиж, Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй” гэж айлдсан Суут Богд Чингис хааны мэргэн сургаал, үг бүр цаг элээх тутам амьд байж, үнэнийг сургасаар, амьд зарлиг нь алтнаас ч үнэтэй болохыг ухаарч байгаагаа хэлэх нь зүйтэй байх. Жил бүрийн энэ цаг дор Эзэн хааныхаа сургаал зарлигийг хэлэлцэж, үр хойчистоо захин үлдээж байх санаачилгыг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн энэ өдөр, Богд дээдсийнхээ өндөр их алдраар соёрхсон, Монгол төрийн тэргүүн эрхэм дээд одонг улсынхаа төрийн тэргүүнээс гардан авсан энэ цаг мөчид миний бие гаргаж байна.

Хөрст дэлхийд дээд хөх тэнгэрийн дор

Хүчирхэг болохыг дахин харуулан

Өвөг дээдсийнхээ үзэл санаа

Өв соёл оюуныг дахин мандуулахын төлөө бүх хүчээ зориулан

Хойч үедээ хүчирхэг Монголоо уламжлуулан үлдээж, ухуулан сэргээж явахаа Төрийн сүлд, Есөн хөлт их цагаан тугийнхаа өмнө амлан тангараглая.

Мөнх тэнгэр биднийг ивээг” гэлээ.

 

“Хү” хамтлагт “Чингис хаан” одон гардууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0