Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Н.Номтойбаяр: Г.Батхүү агсны хэрэг дээр намайг яллагдагчаар татаагүй
4 жил өмнө   707
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2019.12.12/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон зээлийн асуудал болон Г.Батхүү  агсаны хэрэгтэй  холбоотой мэдээлэл гарах болсонтой холбогдуулан тайлбар өгч байна гэдгийг тодотгосон юм.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯР:
 
-Намайг яллагдагчаар татсан тогтоолд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа Засгийн газраас батлагдсан нэг төсөлд 5 сая хүртэлх төгрөгийн зээл олгодог. Энэ тогтоол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед батлагдсан Засгийн газрын тогтоол. Энэ тогтоолд нэг иргэнд таван сая хүртэл төгрөгийн зээл олгохоор тусгасан байсан. Орон нутгийн шинж чанартай төсөл хөтөлбөрт санхүүжилт олгодог тогтоол. АТГ-ын мөрдөн байцаагч буруу хууль, тогтоомж үндэслэн намайг буруутгасан байна. Мөн төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татах тогтоолд тусгасан байна. Хоёр жилийн хугацаатай  эргэн төлөгдөх зохицуулалттай тогтоол бий. Энэ тогтоолын дагуу зээл олгогдоод, гэрээ байгуулаад зээл олгосон. Энэ төслийг шалгаруулах хуралдаанууд болоогүй, хуурамч хурлын тэмдэглэл бичиж шийдвэр гаргасан гэсэн үндэслэлийг дурджээ. Түүнээс гадна Хөдөлмөр халамжийн дэд даргатай бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 8 этгээдэд давуу байдал үүсгэсэн гэсэн байна. Салбартай холбоотой олон санал ирдэг, тэр бүгдийг харьяа байгууллагад нь шилжүүлдэг. Нэр дурдаад байгаа гишүүдийн зүгээс ямар нэг албан бичиг юм уу, зохион байгуулалттай зүйл хийгээгүй. Тэгэхээр АТГ-ын яллагдагчаар татсан тогтоолд дурдсан бүх мэдээлэл ор үндэслэлгүйгээр намайг гүтгэсэн. Бүгд нотлох баримттай байна, хуулийн байгууллага дутуу судалсан байна. АТГ өнөөдөр яаж ажиллаж байна вэ. Нэг бол АТГ-ын ур чадварын асуудал уу, эсвэл улс төрийн асуудал уу гэдгийг цаг хугацаа тогтооно. Хүний нэр төрд халдаж, гэмт хэрэгт гүтгэж байна. Би өөрөө АТГ-ын удирдлагатай уулзаж, энэ бүх мэдээллээ өгнө гэж хэлсэн. Мөн намайг гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хөөцөлдөж байна гэсэн мэдээлэл бий, надтай уулз.
 
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 
 
 
– Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваад ямар нэг байдлаар та үүрэг чиглэл өгсөн үү?
 
-Энэ ямар нэгэн зохион байгуулалттай, надтай ярьсан зүйл байхгүй. Намайг тушаал гаргасан гэж яриад байгаа сайд тушаал гаргадаггүй. Хэрэгжүүлэгч агентлагийн дарга нь сонгон шалгаруулах комиссоо томилоод сонгон шалгаруулалт хийсний дараа би баталгаажуулалтыг нь хийсэн.
 
-Таны жолооч хар тамхины хэргээр шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байна?
 
-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд ажиллаж байгаад халагдсан жолооч хар тамхи зөөвөрлөж байгаад баригдаад, ял авсан гэсэн мэдээлэл сонссон. Миний жолооч байхдаа биш дараа нь шүү.
 
-Хоёр ч удаа сонгогдлоо. Ер нь гишүүд албан бус байдлаар бие биенээсээ ахуйн чанартай зүйл гуйдаг. Б.Нямдаваа гэдэг хүн албан бус байдлаар таныг хэлсэн гэдгийг нотолсон гэсэн?
 
-ЖДҮ-гээр бол маш тодорхой болсон. Хоёр сарын дотор 49 гишүүн зээл авсан нь ашиг сонирхлын зүйл байсан. Энэ асуудал ЖДҮ-тэй адилхан зүйл биш.  Иргэдтэй уулзаж байхад ийм төсөл хэрэгжүүлэх гэсэн юм гээд саналаа надад өгдөг.
 
-Та яллагдагчаар удаа дараа татагдлаа. Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотой гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэсэн?
 
-Би яллагдагчаар татагдсан зүйл байхгүй. Г.Батхүү агсны хэрэг дээр намайг яллагдагчаар татаагүй. Өнгөрсөн таван сараас хойш нийт 22 мэдээллийн хэрэгслээр 195 IP хаягаас над руу дайрч, нэр цохож холбогдуулсан. Хуулийн байгууллага яллагдагчаар татаж, дуудсан зүйл байхгүй. Энэ хэргийг хянаж байгаа прокурортой би албан уулзалт хийсэн. Энэ асуудалтай миний бие ямар нэг байдлаар шалгагдаж байгаа юу, өөр хэн нэгэн зүйл шалгагдаж байгаа юу гэж асуусан. Би гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Хаана таарч, манай өрөөгөөр ороод гарсан гээд би бүгдийг нь хэлсэн. Одоогоор энэ хүн нас барсантай холбоотойгоор нэг ч хүнийг яллагдагчаар татаагүй гэж хуулийн байгууллага хэлсэн. Намайг гурван удаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө хоёр удаад нь худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татсан. Зориудаар худал мэдүүлэг өгсөн гэдэг нь “Танай өрөөнд архи уусан байхад уугаагүй гэж” зориудаар мэдүүлсэн гэсэн. Манай өрөөнд архи уугаагүй, ходоодноос нь олдсон архи миний өрөөнд байсан архитай адилхан эсэхийг судлаагүй. Шүүх шинжилгээний дүгнэлтийг харахад тархины цус харвалттай гэж гарсан байсан. Бүх зүйл нь тодорхой байхад намайг дайрч, холбож байгаа учраас аргагүй эрхэнд би мэдээлэл хийж байна. Хуулийн байгууллага тодорхой мэдээлэл өгч, цэг тавих хэрэгтэй байна.
 
–Та худал мэдүүлэг өгсөн юм уу, өгөөгүй юм уу?
 
-Худал мэдүүлэг гэдэг нь зориудаар гэж яриад байгаа. Нийтдээ 200 гаруй хүн гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь би гэж хэлсэн.  Яллагдагчаар татсан гэдэг нь хүн нас барсан асуудлаар биш худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татсан.  Шүүх шинжилгээний дүгнэлтэд тархины цус харвалт байсан гэдэг мэдээлэл УИХ дээр ирсэн. Ер нь анхнаасаа намайг үл бүтэх, хөгийн зүйлсийг нааж байх нь хэн нэгэнд сонирхолтой байх шиг байгаа юм.
 
–Улс төрийн зорилготой гэж яриад байна. Яагаад?
 
-Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайдыг дуудаж 10 гаруй гишүүн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө авсан асуудал байна гэсэн мэдээлэл гарсан гэж ярьсан гэсэн. Засгийн газрын хуралдаан дээр яригдсан гэхээр нь би Ерөнхий сайдтай уулзах хүсэлт өгсөн ч уулзаагүй. Намрын чуулган эхэлсний дараахан нэг УИХ-ын гишүүн өнөөдөр болж байгаа процессыг согтуудаа гишүүдэд хэлсэн гэж би сонссон. Яг тэр хүний согтуудаа ярьсан яриа нь өнөөдөр биелээд байгаа учраас би улс төрийн асуудал гэж хардаж байгаа юм. Хуулийн байгууллагын удирдлагад хандаж хэлэхэд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д өргөн барьчих. АТГ, цагдаа, прокурор яаж ажиллаж байгаа хармаар байна. Тэд ичихгүй бол би ичихгүй.  Би хэрэг хийгээгүй учраас түдгэлзэхгүй.
 
Ц.Оргил
 
Н.Номтойбаяр: Г.Батхүү агсны хэрэг дээр намайг яллагдагчаар татаагүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0