Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
П.Сайнзориг: Төрийн бус байгууллага иргэд, олон нийтээс дэмжлэг авч ажиллах суурь орчныг бүрдүүлнэ
4 жил өмнө   618

Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаар ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.САЙНЗОРИГТОЙ ярилцлаа. Уг хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгааг хангах, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн эрх зүйн байдал, үйл ажиллагаатай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулах зорилготой юм. 

-Ашгийн төлөө бус буюу төрийн бус байгууллага ямар чиг, үүрэгтэйн талаар тодруулж ярилцлагаа эхэлье.

-Монгол Улсын 1992 оны Үндсэн хуульд иргэдийн эрх чөлөөний асуудлыг баталгаажуулсан байдаг. Үүний нэг нь эвлэлдэн нэгдэх эрх юм. Мөн нийгмийн бүлгүүд ашиг сонирхлоороо нэгдэж, тодорхой салбарын мэргэжилтнүүд хамтран төрийн бус байгууллага байгуулах бололцоог олгож өгсөн. Энэ эрхийг илүү баталгаажуулж дэлгэрүүлсэн хуулийг 1997 онд баталсан нь Төрийн бус байгууллагын тухай хууль юм. Уг хуулийн хүрээнд анх төрийн бус байгууллага гэдэг ойлголт орж ирсэн. Үүний дараа 2002 онд Монгол Улсын Иргэний хуулийг баталсан. Энэ хуулиар ашгийн төлөө бус хуулийн этгээд нь холбоо, сан, хоршоо гэсэн хэлбэртэй байна гэж оруулж ирсэн нь нэр томьёоны хувьд зөрчил үүсэх үндсийг бий болгосон. Тиймээс уг зөрчилдөөнтэй асуудлын талаар ярих зайлшгүй шаардлагатай тулгарсан гэж ойлгож болно.

-Төрийн бус байгууллагын тухай хуульд өнгөрсөн хугацаанд зур­гаан удаа өөрчлөлт, шинэчлэлт оруулсан байдаг. Тэдгээр өөрч­лөлт нь уг хуулийг тухайн үеийн нийг­мийн байдал болон бусад хууль, тогтоомжтой хэр нийцүүлж чадсан бэ?

-1997 оноос хойш Төрийн бус байгууллагын тухай хуульд өөрчлөлт, шинэчлэлт оруулсан ч хууль, эрх зүйн хувьд дорвитой алхам хийгээгүй. Өөрөөр хэлбэл, уг хуульд оруулсан зургаан удаагийн өөрчлөлт бусад хуулийг батлах явцад нэр томьёо солих төдийхнөөр орсон байдаг. Гэтэл Татварын хуулийг дагаж оруулсан өөрчлөлтүүд нь иргэний нийгмийн байгууллагыг дэмжих бус татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хасах байдлаар зохицуулсан. Энэ мэтчилэн уг хуулийн ерөнхий зохицуулалт, тодорхой бус байдал нь Төрийн бус байгууллагын тухай хуулийг зайлшгүй эргэж харах үндэслэл болоод байгаа юм. Мөн 1997 оны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас өнөөдрийнх өөр түвшинд хүрсэн байна. Тиймээс иргэний нийгмийг дэмжих энэхүү хуулиа бид сайжруулах, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулах чиглэлд өөрчлөлт оруулах зүй ёсны шаардлага бий болсон.

-Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын онц­лох зүйл, заалтыг нэрлэвэл?

-Төрийн бус байгууллага, холбоо, сан гэсэн нэрийдлээр зарим этгээд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн зарим нь татвар төлөхөөс зайлсхийх оролдлогыг энэ салбарын халхавчин дор хийж байна. Үүнийг өөгшүүлж, хүлээн зөвшөөрч болохгүй. Нөгөөтэйгүүр төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлж болно гэж бид олон жил ярьсан. Гэтэл энэ чиглэлд дорвитой хийсэн алхам ховор. Тиймээс ерөнхий зохицуулалтыг нь хийж өгч төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломж бүрдэх юм. Ийм боломж салбар, салбарт бий. Ялангуяа спортын салбарт сагсан бөмбөгийн холбоо гэхэд л хоёр хуваагдаад Монгол Улсын тамирчид тэмцээн, уралдаанд оролцох боломжгүй нөхцөл байдал үүсчихээд байна. Иймд дээр дурдсан хуулиар мэргэжлийн холбоо буюу шүхэр холбооны асуудлыг нэлээд тодорхой болгож өгч байгаа. Тодруулбал, тухайн салбарынхаа 45-55 хувийг нэгтгэсэн байдлаар шүхэр холбоог байгуулах ёстой гэсэн шаардлагыг тавина. Өөрөөр хэлбэл, энэ салбарын нэгдэн нийлэх хөшүүргийг бий болгоно гэсэн үг. Ингэснээр салбараа төлөөлж төрийн бодлого, шийдвэр гаргах үйл ажиллагаанд дуу хоолойгоо хүргэж оролцох боломжтой болно. Мөн нийтэд тустай үйл ажиллагааг хуульчлах гэж байгаа юм. Тодруулбал, иргэний нийгмийн буюу төрийн бус байгууллагууд нийгэмд зориулсан, ашгийн төлөө бус ажлыг хийдэг. Энэ үйл ажиллагааг хэрхэн, яаж авч үзэх ёстойг анх удаа хуульчлах гэж байна. Нөгөөтэйгүүр төрийн бус байгууллагын ёс зүй, хяналтын талаар зайлшгүй ярих шаардлагатай. Тэгэхдээ энэ хуулиар ашгийн төлөө бус буюу төрийн бус байгууллагыг төр хянах гэсэн бодол байхгүй. Харин ч Иргэний нийгмийг дэмжих зөвлөлийг анх удаа гаргаж ирэх гэж байна. Ийм институц Европын орнуудад байдаг. Уг институц есөн гишүүнтэй байх бөгөөд иргэний нийгмийн төлөөллийг багтаах юм. Эдний ажиллах нөхцөлийг Монгол Улсын Засгийн газраас хангаж өгнө. Дашрамд, би нэг зүйлийн талаар залруулга хийе. Гадаадын байгууллагын хандив, тусламжийг зөвхөн Иргэний нийгмийн зөвлөлийн дэргэдэх сангаар дамжуулж хуваарилна гэсэн ойлголтыг зарим хүн өгч байна. Энэ бол ташаа ойлголт. Тухайн төрийн бус байгууллагад иргэний зүгээс өгөх хандив нээлттэй хэвээрээ. Гадаадын байгууллагаас  хандив өгөх эрх нь ч нээлттэй. Үүний зэрэгцээ Иргэний нийгмийн зөвлөлд ч хандив өгөх боломжтой. Тэгэхээр хандив, тусламжийг зөвхөн Иргэний нийгмийг дэмжих зөвлөлөөр дамжуулна гэдэг өрөөсгөл ойлголтыг миний зүгээс залруулах нь зөв байх гэж бодож байна.

-Төрийн бус байгууллагын нэрийг барьж ашиг олдог байдлыг энэ хуульд хэрхэн зохицуулахаар тусгасан бэ?

-Төрийн бус байгууллагын нэрээр халхавч хийж ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах байдал нийгэмд хавтгайрсан. Тиймээс төрийн бус байгууллагуудад авч байгаа хандив, тусламжаа нээлттэй байлгаж, гишүүддээ тайлагнах шаардлага тавина. Мэдээж  хуулийн дагуу татвараа тайлагнаад явна. Дээрээс нь гишүүд болон олон нийтэд санхүүгийн асуудлаа нээлттэй байлгах жишиг рүү орохгүй бол гадна дотнын байгууллага төрийн бус байгууллагыг санхүүжүүлж, Монгол Улсын эрх ашигт сөргөөр нөлөөлөх зарим үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг цэгцлэх нэг алхам нь төрийн бус байгууллагууд санхүүгээ ил тод байлгах явдал юм.

-Статистикийн мэдээгээр Монгол Улсад 18 мянга гаруй төрийн бус байгууллага байна гэдэг.  Гэтэл эдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь хэд билээ. Хуулиар эдгээр  төрийн бус байгууллагын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх буюу идэвхтэйг яаж тодруулахаар тусгасан бол?

-Төрийн бус байгууллагын хувьд 23 мянга орчим байна. Энэ нэг талдаа сайн үзүүлэлт мэт боловч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь хэд билээ гээд харвал асуудал бий. Тиймээс хуулийн гол зорилго нь нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа төрийн бус байгууллагууд иргэний нийгмийн талбар дээрээ үлдээсэй. Эдгээр байгууллага төрийн дэмжлэгийг аваасай гэх агуулга нь хуулийн гол чиглэл юм. Мөн Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль хүчин төгөлдөр болбол хоёр жилийн хугацаанд төрийн бус байгууллагын шинэчилсэн бүртгэл хийх талаар тусгасан.

-Уг хуулийн төсөл одоо ямар шатандаа явж байна вэ?

-Хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас дэмжээд УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Ойлголцлын зөрүүнээс болоод энэ хуулийг буруугаар ойлгосон зүйл олон нийтийн дунд байна. Хамгийн гол нь Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль нь нэг талаараа төрийн бус байгууллагуудын орлого олох үйл ажиллагааг дэмжиж байгааг ойлгох хэрэгтэй.

-Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийг хэрэг­жүүлс­ний ач холбогдол юу вэ?

-Нэгдүгээрт, Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулна. Нийгмийн сайн сайхны төлөө  үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ашгийн төлөө бус, цэвэр үлдэх боломжийг энэ хуулиар бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн тодорхойгүй байдал энэ салбарынханд чөдөр тушаа болчихоод байгаа учраас үүнийг залруулъя гэж байгаа юм. Хоёрдугаарт, ашгийн төлөө бус байгууллагад төрийн зарим үүргийг шилжүүлэх талаар олон жил ярьж байна. Үүнийг ажил хэрэг болгох орчин, нөхцөлийг бий болгоно. Цаашид мэргэжлийн холбоо гэж юуг нэрлэх, татварын ямар хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нь тодорхой болно. Гуравдугаарт, нийтэд тустай үйл ажиллагааг хуульчлан баталгаажуулж татварын хүрээнд болон төрөөс дэмжлэг үзүүлэх нь суурь үзүүлэлт юм. Дөрөвдүгээрт, төрийн бус байгууллага иргэд олон нийтээс дэмжлэг авч ажиллах суурь орчин бүрдэнэ гэж харж байгаа.  Тодруулбал, иргэний нийгэм, төрийн бус байгууллагын гол концепц нь иргэд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж үйл ажиллагаа явуулах буюу тэдгээрийн хандив тусламжийн хүрээнд ажилладаг болгох явдал юм.

 

Б.СЭЛЭНГЭ

Эх сурвалж: Монголын үнэн сонин

 

 

 

П.Сайнзориг: Төрийн бус байгууллага иргэд, олон нийтээс дэмжлэг авч ажиллах суурь орчныг бүрдүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0