Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
“Авдар”-ын хишиг
4 жил өмнө   1975
-Байна уу, эмээ?
-Байна аа, за миний хүүхнээр сонин сайхан?
-Тайван даа, охин нь ажил дээрээ л байна. Нутгаар цас их оров уу?
- Цас яахав, гайгүй. Тэтгэврийн зээлгүй болох нь гээд буурлууд л бөөн баяр  байна.
-Өө тийм үү, Та зээлтэй юү?
-Үхэхдээ үр хүүхдээ өртэй үлдээгээд яахав гээд эмээ нь сүүлийн хэдэн жил зээл аваагүй. Төрөөс биднийг ингэж харахыг нь мэдсэн бол аваад авдартаа хийчихдэг байж уу гэж бас бодож сууна…гэхчлэн бид хоёрын яриа үргэлжлэв
    Авдар гэснээс  айл бүрт нэг нарийн нандин эд юмсаа хадгалдаг хээтэй хээгүй, тоногтой, арслантай модон авдар байдаг. Тэр авдар цоожтой. Түлхүүр нь өрхийн “эрх мэдэлтэн”-үүдэд байдаг. Миний хувьд хүүхэд байхад авдарт байх нандин юм нь чихэр, ёотон л байсан. Аргал түүж, хурга хариулж, хөр, цас дөхүүлж байж авдрын “хишиг” хүртдэг байлаа.  Харин аав, ээжид бол даавуу даалимба, баадантай хурган дээл, торгоны өөдсөнд ороосон хэд гурван элэгдэж сэмэрсэн 20, 50, 100-ын дэвсгэрт нь манай эд хөрөнгө байсан болов уу.
 
 
    Харин Монгол Улсын “авдар” нь байгалийн баялаг гэж сүүлийн 30 гаруй жил ярилаа. Зүгээр ч нэг яриагүй. Сүүлийн 10 гаруй жил баялгаас хишиг, хувь хүртэх тухай яриа эрчимжиж, иргэн бүрт баялгийг тэгш хуваарилах арга замыг сүүлийн гурван парламент эрэлхийлж, маргаж мэтгэж улстөржсөн. Учир нь дээрх “авдар”-ын үүцийг задлах эрх нь УИХ-д бий. Шийдэж чадахгүй байсан учир нь Үндсэн хуульдаа “гар хүрч” чадахгүй 30 шахам жил болов. Тэгвэл энэ удаагийн парламент Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийж чадлаа. Амаргүй ажил болох нь бүтэн зургаан сарын хэлэлцүүлгээс харагдсан. Өргөн барьсан хуулийн төслийг “өлгийдөх” гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, УИХ дахь парламентад суудалтай, суудалгүй намын төлөөлөл, бие даагч, ТББ-ууд, ард түмний төлөөлөл, УИХ-ын Тамгын газрын албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ 2019 оны хавар, зун, намрын турш хуралдав. Хуулийн төслийн хамгийн их маргаан дагуулж, цаг хугацаа авсан заалт нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  6.2 буюу байгалийн баялгийг ард түмэнд тэгш, хүртээмжтэй хүргэх, байгалийн баялгаа эдийн засгийн зөв эргэлтэд оруулах заалт байлаа. 
 
   Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ оны босгон дээр ахмадуудад “Авдар”-ын хишиг тараах Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гарсан тухай дуулгасан. Өөрөөр хэлбэл, стратегийн орд газраас тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай “бэлэг” байлаа.  
 
Ахмадуудаа ачилж байгаа бол тэгш хүртээмжтэй байхыг хүсэв
 
  УИХ дээрх “бэлэг”-ийг “гардуулах”-ын тулд Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцэв. Иргэд шинэ оноо угтах мөчөөс эхлээд тэтгэврийн зээл тэглэхээр боллоо гэсэн ойлголттой болсон. Гэтэл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга байгалийн баялгаас ахмадууддаа барьж буй “бэлэг” гэж хэлсэн нь тэгш хүртээмжтэй байх зарчмыг хөндсөн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 6.2 дахь заалт биеллээ оллоо гэж харахад хүргэлээ. УИХ-ын гишүүд ч хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн мөчөөс зээлгүй ахмадууд яах вэ гэсэн асуудлыг хөндсөн. 
 
Улсын хэмжээнд нийт 229 мянган ахмад 763 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй бол 194 мянган ахмад тэтгэврийн зээлгүй. Тэтгэврийн зээлтэй ахмадуудын 90 хувь нь буюу 207 мянга нь зургаан саяас доош төгрөгийн зээлтэй бол 10 саяас дээш зээлтэй 5000 орчим ахмад байна.
 
Иймээс хуулийн төслийг хэлэлцүүлэхээр УИХ-аас гарсан ажлын хэсэг зургаан саяас доош төгрөгийн зээлтэй иргэдийг 100 хувь чөлөөлөх, зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгох шийдвэр гаргаж, чуулганаар хэлэлцүүлэв. Парламентад суудалтай намын төлөөлөл ахмадуудаа өрийн дарамтаас гаргах зөв шийдвэр гэж харж байгаа ч нэг сая төгрөгийг үнэт цаас хэлбэрээр бус бэлэн мөнгөөр тараах, эсвэл бүх ахмадуудад тэгш хэлбэрээр 2.5 сая төгрөг олгох зэрэг олон санал гаргаж хэлэлцлээ.  
 
Ардын нам мөрийн хөтөлбөртөө нааж Ач санах тухай хуулийн төслөө дурдсан бол Ардчилсан нам иргэдээ өрийн дарамтаас гаргах тухай ам нээж, Шинэ нам бүх иргэдэд ижил тэгш зээлээс чөлөөлөх тухай цуурав. Гэхдээ л Үндсэн хуулийн байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх заалт хэрүүл маргаантай ч “амь” орж байгааг олонх нь хэлж байлаа. 
 
 
Шавхагддаг байгалийн баялгийг хүний нөөц рүү хөрөнгө оруулах нь хөгжил
 
  Улс орны суурь хөгжлийг дээш татах, гацаж байгаа гацааг засч сайжруулах Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-ыг хөндөн хэлэлцэхдээ улс орны эдийн засгийн тулгуур салбарын хөгжилтэй уялдуулан тал бүрээс нь судалсан болохыг хэлэлцүүлгийн шатанд онцолж байсан. 
 
   70 гаруй орны Үндсэн хууль дахь байгалийн баялгийн талаар зохицуулалтыг харьцуулан судлаад Үндсэн хуулийн 6.2 дугаар заалт нь хамгийн оновчтой бөгөөд үүнтэй холбоотой ямар нэг хүндрэл гарахгүй гэж үзсэн байна. 
 
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд УИХ-аар дэмжигдсэн байгалийн баялагтай холбоотой дөрвөн чухал өөрчлөлт орсныг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналын хувилбар боловсруулах үүрэг бүхий эрдэмтэн, судлаачдын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга О.Мөнхсайхан онцолсон. Тэрбээр “Байгалийн баялаг ашиглах төрийн бодлого ямар зарчмаар явахыг Үндсэн хуульд тодруулсан. Үндсэн хуулийн 6.2-т байгалийн баялгийг ашиглахдаа урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлах, дээрээс нь байгалийн баялаг ашигласны улмаас үүсэх нөлөөллийн талаар иргэд мэдэх эрхтэй болсон. 
 
Цаашлаад одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хуульд газар, түүний хэвлий доорх баялаг “төрийн өмч мөн” гэж заасан. Ерөнхийлөгч бол төрийн өмч гэдгийг нийтийн өмч болгох санал ирүүлсэн. Нийтийн өмч гэхээр хэтэрхий ерөнхий, бас эзэнгүй болчих учраас УИХ-ын гишүүд “төрийн нийтийн өмч” гэдэг нэрээр томьёолсон. Агуулга нь одоогийн хуульд байгаа шиг “төрийн нийтийн өмч”-ийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах асуудлыг УИХ шийднэ. Үүнийг нь тодотгож өгсөн заалт. Харин төрийн өөрийн өмчийг заавал УИХ биш төрийн байгууллагууд нь өөрсдөө шийдээд явдаг. Мөн, нийтийн ашиг сонирхлын үүднээс байгалийн баялгийг ашиглана шүү гэдгийг онцолж “нийтийн” гэдэг үг оруулсан. 
 
Гуравдугаарт, Ерөнхийлөгч болон УИХ-ын 20 гаруй гишүүн “Стратегийн ордыг ашиглаж, татвар төлсний дараах ашгийн 51 хувиас доошгүй нь төрд ногдоно” гэдэг утгатай заалтыг Үндсэн хуульд оруулахыг шаардсан. Энэ заалтыг оруулсан бол эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой байсан учраас гишүүд татгалзсан. Харин УИХ дэмжсэн томьёолол нь “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалт юм” гэсэн. 
 
Юуны өмнө, байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэдэг зарчимд нийцүүлж стратегийн ордыг ашиглах ёстой. Байгалийн баялгийн нөөц, түүний олборлолтын асуудал манай орны эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдралын халуун сэдэв. Цаашид ч тийм байх болов уу.  Байгалийн их нөөц баялгаа хэрхэн зөв ашиглахаас манай орны хөгжлийн ирээдүй ихээхэн шалтгаална. 
 
Гэхдээ шавхагддаг байгалийн баялаг болох газрын тос, нүүрс, зэс, алт зэрэг нь ашигласны хэрээр буурч байдаг нөөц. Шавхагддаг байгалийн баялгийг тогтвортой удаан хугацаанд ашиглах боломжгүй боловч түүнээс олсон орлогыг эдийн засаг урт хугацаанд тогтвортой хөгжихөд ашиглаж болно. Байгалийн шавхагддаг баялгаас олсон орлогыг өөр хэлбэрийн баялаг руу тухайлбал биет капитал, хүний нөөц рүү хөрөнгө оруулалт хийх замаар шилжүүлэх нь тогтвортой хөгжлийн гол суурь байхыг эдийн засагчид хэлж байгаа юм.
 
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР 
 
 
 
“Авдар”-ын хишиг
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0