Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Манай улс БНХАУ-тай хиллэдэг хилээ маргаашнаас хаахаар боллоо
4 жил өмнө   417
Засгийн газар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг авах зорилгоор ээлжит бусаар хуралдлаа. Тус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, генерал Ж.Бямбасүрэн нар мэдээлэл хийлээ. 
 
Ц.Ганзориг: -Маргаашнаас эхлээд БНХАУ, Монгол Улс хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсож байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 6000 монгол иргэн урд хөршөөс орж ирсэн байна. Харин маргаашнаас эхлээд хил 100 хувь хаагдана гэж ойлгож болно. Урд хилээс нислэг болон төмөр замаар аль ч улсын иргэн нэвтрэх боломжгүй болно. Монгол Улсын иргэдийн хувьд хүндэтгэх шалтгаан байвал Консулын газар, Элчин сайдын яаманд хандах хэрэгтэй. Зайлшгүй авч ирэхээр болсон тохиолдолд тусгай нислэгээр авч ирж, тусгаарлана. 
 
Ж.Бямбасүрэн: -Замын-Үүд, Гашуунсухайт боомт, Буянт-Ухаа боомтын агаарын хилийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа. Хоёрдугаар сарын 1-нээс боомтуудаар БНХАУ-ын иргэд болон тус улсаар дамжиж ирсэн бусад орны иргэдийг нэвтрүүлээгүй. Маргаашнаас хойш Монгол Улсын иргэдийг хилээр нэвтрүүлэх асуудлыг Гадаад харилцааны яам хариуцна. 
 
-Онгоцны тийзээ захиалсан иргэдийн асуудлыг яах вэ?
 
Ж.Бямбасүрэн: -Өнөөдөр хамгийн сүүлийн нислэг үйлдэгдэнэ гэсэн үг. Маргаашнаас эхлээд нислэг зогсоно. Шаардлагатай тохиолдолд онгоц нисгэх асуудлыг Засгийн газар тухай бүрд нь хэлэлцэн шийдвэрлэнэ. Өнгөрсөн хугацаанд БНХАУ-д байсан иргэддээ мэдээлэл хүргэснээр олон хүн хилийн боомтуудаар орж ирсэн. Харин одоо үлдсэн хүмүүсээ авах асуудлыг Гадаад харилцааны яам хариуцана гэсэн үг. Засгийн газрын шийдвэр гарсан учраас Монгол Улсын иргэд ч БНХАУ руу болон тус улсаар дамжин явах боломжгүй болж байна. Ард иргэдийн дунд БНХАУ-ын иргэд бөөнөөрөө орж ирсэн гэсэн мэдээлэл гарсан. Хоёрдугаар сарын 1-нээс хойш БНХАУ-ын иргэдийг нэвтрүүлээгүй.
 
А.ЦЭЛМЭН
Манай улс БНХАУ-тай хиллэдэг хилээ маргаашнаас хаахаар боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0