Эдийн засагч Л.Наранбаатар ЕТГ-ын дарга асан, АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдыг Авлигатай Тэмцэх Газар, Тагнуулын Ерөнхий Газар болон прокурорын байгууллагад өгч шалгуулах гэж буй талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэрээ: "Страто" компанийн гүйцэтгэх захирал А.Баттүшиг нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой нь бизнесийн хамааралтай. З.Хишигтогтох нь А.Баттүшигтэй хоёр нэг компани хамтран эзэмшдэг төдийгүй нэг оффист ажилладаг.
"Страто" нь 2018 оны тавдугаар сард 1.5 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулсан бол ТЭЗҮ нь тухайн оны арванхоёрдугаар сард гарсан байдаг. Хувь эзэмшлийн хувьд гэвэл 50 хувь нь Хятадын компанийнх, харин 37 хувь нь А.Баттүшигийнх. 37 хувь бол хяналтын багц бөгөөд компанийн бүх зүйлийг удирдана гэсэн үг шүү дээ. Энэ компани сард Тавантолгойн ордоос 50 мянган тонн нүүрс авч угаадаг.
Үүнийг тооцож үзвэл жилд 1.5 сая тонн нүүрс угааж бэлдэхэд 740 орчим тэрбум төгрөг болно. Одоогоор үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, жилд 4.5 сая тонн нүүрс угаадаг болохоор бэлтгэж байгаа юм билээ. Хэрэв ингэвэл жилийн орлого нь 2.1 их наяд төгрөг болно.
Мөн Ардчилсан Хүчний Холбоог З.Энхболд, З.Хишигтогтох, М.Тулгат нар үүсгэн байгуулсан. М.Тулгат нь 2013 онд "Хишиг арвин" компанийн Гүйцэтгэх захирлаар нь томилогдсон.Энэ компани нь 2013 оноос хойш хамгийн багадаа 3 их наяд төгрөгийн орлогыг "Эрдэнэс Тавантолгой"-гоос олсон. Үүнд аудит хийлгэх шаардлагатай.
Түүнчлэн "Суруга Монгол" компанийн захирал хар тамхины хэрэгт холбогдсон явдал. Япон улсын иргэн уг хэрэгт шалгагдан, гэм буруугүй нь тогтоогдож, нутаг буцахдаа компаниа Монголын нөлөө бүхий этгээдүүдэд шилжүүлсэн байдаг.
Түүний эзэмшиж байсан газарт УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн "Хүннү" орон сууцны хороолол баригдсан. Уг хорооллын таван байрны наймдугаар давхрууд бүхэлдээ З.Энхболдын дүү З.Хишигтогтохын нэр дээр байна. Нийт 4-5 тэрбумын үнэлгээтэй орон сууцууд. Энэ баримт байсаар байгаа тул шалтгааныг нь хууль хяналтын байгууллагууд тогтоох ёстой" гэв.
Мөн эдийн засагч Л.Наранбаатар: "Хэрвээ З.Энхболд мэтийн эдийн засгийн алуурчдыг өөгшүүлээд байвал би УИХ-д нэр дэвшинэ. Ингэхдээ З.Энхболд хаана нэр дэвшинэ, тэр газарт нь очиж нэр дэвшинэ." хэмээсэн юм.
А.ЦЭЛМЭН
З.Энхболдыг авилга, албан тушаалын гурван гэмт хэрэгт холбоотой гэв |
|