Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
УИХ-ын отгон чуулган өнөөдөр цахимаар нээлтээ хийнэ
4 жил өмнө   1191
Дэлхийн улс орнуудад аюулын харанга дэлдээд байгаа covid-19 буюу коронавирусийн халдварт өвчнөөс үүдэж УИХ-ын хаврын чуулган өнөөдөр цахимаар нээлтээ хийнэ. 2016-2020 оны парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн хаврын чуулганыг эрх баригч МАН 73-уулаа хаах гэж байна. Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд үйл ажиллагаандаа зохицуулалт хийж өнөөдөр /2020.04.06/ 12.00 цагт УИХ-ын хаврын чуулганы нээлтийг чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, нийт таван танхимд цахимаар явуулна. Нээлтийн дараа УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл, Байнгын хорооны үйл ажиллагаа дэгийн дагуу явагдана. Цахимаар хуралдахтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамгийн түрүүнд хэлэлцэж эхэлнэ. Энэ дэгийг хэлэлцсэнээр чуулганы хуралдааныг цахим хэлбэрээр явуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Үүний дараа Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг цахимаар хуралдуулах дэгийн дагуу зохион байгуулж явуулах юм.
 
Отгон чуулганаар хэлэлцэх бас нэг чухал асуудал нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн коронавирусийн халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батална. Тодруулбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэлцэн батална.
 
МАН-ЫН БҮЛЭГ ЦАХИМААР ХУРАЛДАНА
 
Нэгэнт хаврын чуулган цахимаар хуралдах учраас нам, эвслийн бүлэг ч мөн адил цахимаар хуралдана. Тухайлбал, МАН-ын бүлэг Ардын их хурлын танхим буюу их танхимд хуралдана. Энэ танхим нь 800 хүний суудалтай. Ингэхдээ гишүүд хооронд хоёр метр зайтай байх болон бусад аюулгүй нөхцөлийг бүрэн хангаж хуралдах гэнэ. Харин Ардчилсан намын зөвлөл хувьд цөөн гишүүнтэй учир цахимаар хуралдахгүйгээр танхимдаа гишүүд хоорондоо зайтай суух байдлаар хуралдах боломжтой гэнэ.
 
ЭРХ БАРИГЧИД 73-УУЛАА ОТГОН ЧУУЛГАНАА ХААНА
 
Хаврын чуулганаар хэлэлцэх хэд хэдэн чухал асуудал бий. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийг гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөх. Бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд МАН-ынхан хоёр гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бол хаврын чуулганы эхэнд бас нэгэн гишүүнийхээ бүрэн эрхийг чөлөөлөхөөр болж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Батзориг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас зээл олгосон асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Түүний хэрэг хуулийн байгууллагаар эцэслэгдээгүй ч тэрбээр гэнэт гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтээ Баасан гаригт өгсөн, тиймээс энэ долоо хоногийн чуулган, байнгын хорооны хуралдаанаар Б.Батзоригийг чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэх болов уу.
УИХ-ын отгон чуулган өнөөдөр цахимаар нээлтээ хийнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0