Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Аэросити, Майдар хот байгуулах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
4 жил өмнө   392
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэлээ.
 
Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан бий болсон агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, нийслэлийн дагуул болон бусад хотуудыг хөгжүүлэх үүднээс Аэросити, Майдар хот шинээр байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Шинэ хотыг байгуулснаар Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарна. Мөн хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирна гэж Засгийн газар үзэж байгаа аж.
 
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Аэросити хотын нэрийг “Тулуй хот”, Н.Энхболд “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөх санал гаргасан байна. Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэг хийх үед анхаарахыг УИХ-ын дарга Г.Занданшатар чиглэл болголоо. Ийнхүү тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжлүүллээ.
 
Чуулганаар Коронавируст халдвар (COVID-19) -ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Аэросити, Майдар хот байгуулах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0