Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхэлснийг мэдээллээ
4 жил өмнө   352
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн тул Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан болон Зөвлөлдөх зөвлөл, Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр  /2020.05.25/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
 
Үндсэн хуулийн эхийг баригч Д.Лүндээжанцан "Монголын ард түмний төртэйгөө байгуулсан нийгмийн гэрээ буюу Монгол Улсын Үндсэн хууль бүрэн бүтэн болж чадлаа. 1992, 2000 онд оруулсан өөрчлөлтүүдээ засаж нийгмийн эрэлт, хэрэгцээ шаардлагын дагуу зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг хийж өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.
 
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өнгөрсөн жилүүдийн алдаа, оноог цэгцэлж, Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлалыг баяжуулан тодотгосны үндсэн дээр төрийн эрх мэдлийн харилцан, хяналт тэнцвэрийг хангасан зохицуулалтуудыг хийж чадсанаар улс орныг өнөөдрөөс эхлэн дараагийн 20-30 жилүүдэд яаж удирдаж зохион байгуулах, яаж хөгжүүлэх, иргэдийнхээ аж амьдралыг хэрхэн дээшлүүлэх вэ гэдгийг тогтоож чадлаа. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хийж чадсанаар 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн долоон өөрчлөлтийг засч залруулж, байгалийн баялгийн үр өгөөж ард түмэнд очиж, тэдний аж амьдралд бодитой дэмжлэг болж, дундаж давхаргыг өсгөж, улс орноо ядуурлаас  гаргах замыг нээж өглөө. Мөн парламентын ардчиллыг зөв гольдрилд оруулж, ард түмний засаглах эрхийг сайжруулж, төрийн эрх мэдлийг  хяналт, тэнцлийг оновчтой болгосон. Урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар бий  болгож, хүний эрх, эрх чөлөөг  хангалаа. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсонгүй болгоход чиглэсэн өөрчлөлтүүдийг хийлээ.
 
 
Ирэх дөрвөн жилд засаглалын реформ, эрхзүйн хувьсгалын он жилүүд болно. Үндсэн хуулийг дагалдан гарах 40 гаруй  хууль ард түмний хүсч буй шударга ёс, төрийн байгууллын хариуцлага, төсвийн байгууллагын ил тод байх зарчмуудыг   амьдрах эрхзүйг бий болгоно. Иймд шинэ дэвшилтэт үзэл санаа, үйл хэрэг аль болох зөв хэрэгжиж, ач тусаа улс орны хөгжилд аль болох хурдан өгөхийн төлөө дараагийн төр засаг хичээн ажиллах үүрэг хүлээж байгааг ухамсарлан ойлгох хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Монгол Улс, Монголын ард түмэнд ач тусаа өгнө.
 
Үндсэн хуулиас хамааралгүй иргэн, ААН гэж байхгүй. Үндсэн хууль бол Монголын ирээдүйн чиг зүгийг зааж байгаа луужин. Зөв зүгт энэхүү луужингаа дагаж,  Үндсэн хуулиа дээдэлж, мөрдөж сахицгаая" гэлээ.
 
Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт  өнөөдөр /2020.05.25/ 12.00 цагт буюу 17-р жараны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөгдөж эхэллээ.
 
А.ЦЭЛМЭН
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхэлснийг мэдээллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0