УИХ-ын чуулганы өнөөдөр /2018.04.13/-ийн хуралдаан 50,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
"ЦАЛИНГИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ИНФЛЯЦИТАЙ УЯЛДУУЛАХ БОЛОМЖТОЙ"
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт горимын санал гаргасан.
УИХ-ЫН ГИШҮҮН М.БИЛЭГТ:
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хойшлуулах горимын санал гаргаж байна. Хөдөлмөрийн хуульд үйлдвэрчний эвлэлийн тухай оруулах гэж байгаа бол Үйлдвэрчний эвлэлүүдийн хуулийг эхлээд өөрчлөх нь зүйтэй. Тэдний хууль БНМАУ-ын үед баталсан анхны хувилбараараа явж байна. МҮЭХ өнөөдөр БНМАУ-ын үед батлагдсан анхны хувилбараараа өнөөдрийг хүрсэн. Энэ хуулийнхаа жагсаал, цуглаан гэх заалтыг хэрэгжүүлдэг. Бусдыг шантаажилж орлого олдог байгууллага болсон. Тиймээс энэ хуулийг хойшлуулж, дахин чамбайруулах шаардлагатай байна” гэсэн санал гаргалаа.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ:
-Энэ хууль зөвхөн өнөөдөр хэлэлцэгдэж байгаа хууль биш. Олон жилийн өмнө хэлэлцэгдэхээр УИХ-д оруулж ирсэн ч тодорхой шалтгаанаар орж ирэхгүй яваад байсан. Байнгын хорооны зүгээс 100 хувийн саналаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Тиймээс МҮЭХ-той холбоотой заалтуудыг ажлын хэсэг байгуулан санал солилцож байгаа учраас байнгын хороо болон ажлын хэсгийн түвшинд ярилцаж, шийдэх нь зүйтэй гэсэн бодолтой байна” гэлээ.
Гэвч горимын санал дэмжигдээгүй учраас ийнхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэлсэн юм. Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан юм. Үүний дараа гишүүд асуултдаа хариулт авч, саналаа илэрхийллээ. Тухайлбал,
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:
-Хөдөлмөрийн хуулийг шинэчлэн найруулж орж ирж байгаа нь цаг үеэ олсон гэж бодож байна. Хөдөлмөрийн хөлс, хөдөлмөрийн үнэлэмжийг хуульд хэрхэн тусгасан бэ. Зах зээл бодит хөдөлмөрийн үнэлэмжийг тогтоох, бодит үнэлэмж зах зээлтэйгээ нийцэж байгаа юу гэсэн асуулт асуулаа. Үүнд
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ:
-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга орж ирж байгаа нэг өөрчлөлт нь цалин, хөлсний асуудлыг шинэчлэн тогтоох, ижил үнэлэмжтэй ажил гүйцэтгэж байгаа ажилтан ижил хэмжээний цалин авах, инфляцийн түвшинтэй холбогдуулж цалингийн доод хэмжээг тогтоох зэрэг зохицуулалтуудыг оруулж өгч байгаа. Хөдөлмөрийн хуулиар ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын харилцааг ижил түвшинд байлгах зэргийг шинэчилсэн найруулгад тусгаж өгсөн.
11:09 2018-04-13
"ЦАЛИНГ УР ЧАДВАР, АЖЛЫН ОНЦЛОГТОЙ НЬ УЯЛДУУНА"
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, хариулт үргэлжилж байна. Тухайлбал,
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Хөдөлмөрийн хуулийг дагаж жендерийн тэгш байдлыг хуульд хэрхэн зохицуулж байгаа вэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс яг ижил түвшний ажил эрхэлж байгаа боловч өөр цалин авах тохиолдлууд олон байна. Түүнээс гадна эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт ажиллаж байгаа ажилчдын
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:
-Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой дагалдан ажиллах, хүний оронд ажиллаж байгаагаас бусад тохиолдолд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах зохицуулалт оруулж байгаа. Хөдөлмөрийн харилцаа үүсч эхэлсэн цагаас эхлэн хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах ёстой гэдэг зарчим барьж байгаа. Түүнээс гадна одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар эр, эмэгтэй хүнд ижил хэмжээний цалин хөлс олгон гэсэн зохицуулалт бий. Үүнийг ижил хэмжээний ажил гүйцэтгэж байгаа ажилтнууд ижил хэмжээгээр цалин олгоно гэж өргөжүүлж оруулж өгсөн. Ер нь бол ур чадвараас хамаарч цалин, хөлс олгодог тогтолцоо руу орох нь зүйтэй гэсэн шинэ зохицуулалтуудыг хуульд тусгаж байгаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүмүүсийн хэдэн хувьд энэ хууль хамаарах вэ. Хувийн хэвшил, төрд ажиллаж байгаа хүмүүс, хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүсийн цалингийн тогтолцоонд ямар бодит дэвшил гаргах вэ. Монгол хүн нэг цагт оногдох цалин хөлсний хэмжээгээр маш багад тооцогддог. Гэх мэт хууль өргөн барихын өмнө хийгдсэн судалгаанууд байна уу. Түүнээс гадна хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд маш их цаг хугацаа алддаг, хоёр хуулиар зохицуулагддаг.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:
-Монголд 1,2 сая ажиллагсад бий. Үндэсний статистикийн холбооноос гаргасан судалгаагаар 400 орчим мянган хүн албан бус секторт ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн үг. Төрийн албан хаагчид, эмч, багш гээд бүгд ижил цалин авдаг тогтолцооноос салах цаг болсон. Ажлын онцлог, ажлын байрны нөхцөлөөс шалтгаалж цалингийн тогтолцоог өөрчлөх шаардлага тулгарч байгаа. Тиймээс эрүүл мэнд, багш нарын цалингийн тогтолцоонд өөрчлөлт оруулахаа судалгаа хийгээд эхэлсэн. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулна. Түүнээс гадна хөдөлмөрийн тухай хуультай холбоотой маргаантай асуудлыг шийдвэрлэх зохицуулалт хийх ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга ажилгүйдлийг бууруулах чухал үүрэгтэй гэж ойлгож байгаа. Мэдээж ажилгүйдэл эдийн засгийн өрөөсгөл бүтэц, эдийн засгийн нөхцөл гэх мэт олон чухал нөлөөлөл бий. Энэ оруулж ирж байгаа шинэчилсэн найруулгад тулгамдаж байгаа асуудлыг шийдэж байгаа юм шиг хэрнээ шинэ асуудлуудыг хөндөж, улам хүндрэл бий болгохоор харагдаж байна. Тухайлбал, Хөдөлмөрийн хуулийн хамрах хүрээг өргөтгөж байна. Гэхдээ дадлагажигч, түр ажиллагч, цагийн ажилтан зэрэг хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалах биш, ажлыг нь багасгаж байгаа юм биш үү. Ажлын байрны уян хатан биш зохицуулалтыг тусгаагүй байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:
-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар ажлын байрыг нэмэгдүүлэхтэй холбоотой тодорхой асуудлыг хөндөж байна. Залуучууд сурч, боловсрохын зэрэгцээ ажил эрхэлдэг болох, бүрэн бус цагаар ажиллаж байгаа хөдөлмөрийн хөлсийг нь шинээр зохицуулж өгсөн. Хөдөлмөрийн харилцааг хэрэгжиж эхэлсэн л бол цалин урамшууллыг олгохоор тусгасан. Дагалдан болон туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтныг гурван сар хүртэл хугацаагаар дагалдуулж, туршина гэж хуульд тодотгож өгсөн. Өмнөх хууль ажилтны эрх ашгийг илүү их хамгаалсан хууль гэж аж ахуй нэгжүүдээс гомдол их ирдэг. Бид аль болох хоёр талын эрх ашгийг тэгш байдалтайгаар оруулж ирж байгаа.
12:30 2018-04-13
“НИЙТЭЭР АМРАХ ӨДӨР АМРАЛТЫН ӨДӨР ТААРВАЛ НӨХӨЖ АМРААНА”
УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг нийт гишүүдийн 75.6 хувийн саналаар дэмжлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт, тодруулга авч, саналаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
-Монгол Улс олон улсын хөдөлмөрийн конвенцийн шаардлагыг нийцүүлж, хуулиа оруулж ирж байна гэж харж байна. Нөгөө талдаа хуулийн зорилго аж ахуй нэгж, ажилчдын хоорондын дотооддоо журмаар зохицуулах боломжуудыг нээсэн байна. Нөгөө талдаа ажил олгогч, ажилчдын хоорондын маргаан 89 хувьтай явж байна. Өөрөөр хэлбэл, ажил хаялтыг уриалсан, тэр боломжуудыг нэмэгдүүлсэн хэд хэдэн заалт байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ нь эмх замбараагүй байдалд турхирах вий гэсэн болгоомжлол байна. Түүнээс гадна шүүхийн практикт маргааны олонх нь ажилтны зөв гэсэн шийдвэр гаргадаг. Үүнийг хуулиар зохицуулалт хийх нь зүйтэй. Насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэх асуудлыг хэрхэн зохицуулсан бэ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:
-Хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлыг сонирхлын, эрхийн маргаан их байдаг. Гэхдээ маргааныг аль болох хуулийн хүрээнд зохицуулах асуудлыг тусгаж байгаа. Мөн ажил хаялттай холбоотой асуудлыг өргөжүүлээгүй. МҮЭХ-оос ажил хаялтыг хязгаарлаж байна гэх шүүмжлэлтэй хандаж, түр ойлгож чадахгүй байгаа. Цаашид энэ талаар ажлын хэсгийн хэмжээнд ярилцана. Сонирхлын маргааны үед ажил хаях, эрхийн маргааны үед ажил хаялт зохион байгуулж болохгүй гэх зохицуулалт оруулсан боловч МҮЭХ зөвшөөрөхгүй байгаа. Харин хүүхдийг 15 наснаас хөдөлмөр эрхэлж болно гэсэн заалт оруулж. Харин 13 нас хүрсэн хүүхдийг хөнгөн ажил хийх, дадлагажих тодорхой жагсаалтын дагуу хөдөлмөр эрхлэх зохицуулалтыг оруулж өгсөн.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Хамгийн явдалтай хууль бол Хөдөлмөрийн хууль байдаг. Нийгмийн бүх давхаргын эрх ашиг хоорондоо харшилддаг. Ажил олгогч, ажилтны эрх ашгийг тэнцвэржүүлэх вэ гэдэг анхаарлын төвд байдаг учраас маргаан дагуулж байгаа. Монголд үйлдвэрчний хөдөлгөөн 1920-иод онд байгуулагдсан ч өнөөгийн МҮЭХ-г төлөвшүүлж чадаагүй байгаа бид. Энэ парламент зөв тэнцвэрийг зохицуулах шаардлага байна. Ажил амралтын цагийн нийлбэрийн харьцааг бусад орны жишигтэй ижил байна уу. Хүмүүсийн дунд амралт их байна гэх шүүмжлэл яваад байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:
-Ажил амралтын цагтай холбоотой өөрчлөлт оруулаагүй. Долоо хоногийн ажлыг цаг 40 цагаас илүүгүй, ердийн өдрийн цагийн ажил долоон цаг гэж байгаа. Нийтээр амрах өдөр амралтын өдрүүдэд таарсан бол ажлын нэг өдөр нөхөж амардаг байх зохицуулалт оруулж өгсөн. 12 жилийн дунджаар үзэхэд нийтээр амрах өдөр жилд гурав өдөр нь амралтын өдөртэй давхацдаг юм билээ. Тиймээс ийм зохицуулалт оруулж өгсөн. Нийтээр амрах өдөр долоо хоногийн амралтын өдөр таарвал дараагийн ажлын өдөрт шилжүүлдэг амардаг туршлага олон оронд байдаг. Нөгөө талаар олон амралтын өдөртэй буюу 14 хоногоос дээш бүх нийтийн амралтын өдөртэй 127 орноос Монгол Улс эхний 30-д багтаж байгаа гэсэн судалгаа байна. Тиймээс энэ асуудлыг ажлын хэсэг дээр дахин ярилцана.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Ажилтны эрх ашгийг маш сайн хамгаалсан хууль байна. Энэ олон шаардлагыг хэн дааж шинээр ажлын байр бий болгох вэ. Тэнцвэртэй хандсан гэж байгаа нь ямар заалт байгаа юм бэ. 100, 500, 1000-аас дээш ажлын байр бий болгож байгаа хүмүүсийг хөдөлмөрийн хуулиар яаж дэмжих зохицуулалт оруулж байгаа юм бэ. Ямар ямар хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна вэ. Цалин хөлс тавьж үзээгүй, нэг ч татвар төлж үзээгүй хүмүүс боловсруулсан хууль учраас дэмжих боломжгүй.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:
-Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай олон жил зөвлөмж авч ажиллаж байгаа. Зөвхөн зөвлөмжөөр бус Монголын хөрсөнд буусан, ажил олгогч, ажилтны эрх үүргийг тэнцвэржүүлэхэд онцгой анхаарч ажиллаж гэж бодож байна. Энэ хууль өөрөө аль аль талын эрх ашгийг тэнцвэржүүлэх зорилготой. Ажил олгогч, МҮЭХ зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтарч, санал солилцож, саналыг нь тусгахыг хичээж, ажлын хэсгийн хүрээнд ойлголцоогүй саналуудаа тусгахаар ажиллаж байна. Ажил хаялтыг өргөжүүлсэн зүйл байхгүй гэдгийг дахин хэлмээр байна. Зөвхөн сонирхлын маргааны үед ажил хаялт хийх зохицуулалт оруулж өгсөн. Аль аль талынх нь эрх ашгийг тусгах гэж хичээсэн гэж бодож байна.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуульдаа тусгаж болохгүй юм уу. Энэ нь ажил олгож байгаа, ажилтанд нь ч ашигтай байдаг.
Ажлын хэсэг:
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагаар тогтоодог. Засгийн газар дангаараа тогтоож ирсэн. Сүүлд 2011 онд ажил олгогчдын төлөөлөлтэй олгож байгаа. Хуульд тодорхой тоо тогтоож болдоггүй. Тодорхой хүчин зүйлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтоодог. Энэ хавар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох асуудлыг ярилцана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авахтай холбоотой тухай албан байгууллагын ажлын нөхцлийг сайжруулах төсөл явж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
-Хөдөлмөрийн тухай хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Гишүүдийн гол хэлж байгаа зүйл ажлын байр бий болгоход Хөдөлмөрийн хууль чухал үүрэг гүйцэтгэдэг. Ер нь сүүлийн 20 жил ажлын байрыг олноор бий болгож байсан туршлага байна уу. Мөн нийт ажиллах хүчний 50 гаруй хувь нь албан бус салбарт ордог. Албан бус салбарт ихэвчлэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байдаг. Энэ төсөлд албан бус салбарын ажилчдыг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулахаар оруулж ирсэн байна. Энэ талаар тодорхой тайлбар хэлнэ үү
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:
-2006-2007 онд Засгийн газар 80 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно гэж төлөвлөгөө гаргаж, 75 мянган ажлын байр бий болгосон байсан. Энэ үе нь хамгийн их ажлын байр бий болгож байсан.
Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй эсэхээр санал хурааж, дэмжлээ.
Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
13:08 2018-04-13
"УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙГ 50-60 ХУВИАР БУУРУУЛСАН"
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Нөгөөтэйгүүр хуулийн төсөлд учир дутагдалтай зүйлүүд байна. Ус хэрэглэх, ашиглах хоёр ойлголт бий. Ус бохирдуулсан, ашигласан усаа шууд байгальд хаях зэрэг аж ахуй нэгжүүдэд ус бохирдуулсан ч хариуцлага ухамсарлаж байгаа тохиолдолд зохицуулалтыг яаж хийж байна вэ. Усны асуудал маш чухал учраас олон нийтийн дунд хэлэлцүүлэх, эрдэмтэн судлаачдаас санал авч, хуулийн төслөө цогцоор нь урт настай хууль болгож батлах нь зүйтэй юм байна.
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор байгаль орчинд ямар ээлтэй зүйл гарах вэ. Ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувь бууруулж байгаа нь ямар учиртай юм бэ. Жишээлбэл, арьс, ширний үйлдвэрүүд ус хамгийн их бохирдуулдаг юм бол төлбөрийг багасгах нь буруу юм биш үү. Хууль бусаар ус бохирдуулсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ.
Ажлын хэсэг:
-Нэмэлт өөрчлөлт оруулснаар ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг бууруулж, аж ахуй нэгжүүдэд ирэх эдийн засгийн дарамтыг багасгаж байгаа юм. Хуульд өөрчлөлт оруулснаас дунджаар аж ахуй нэгжүүд ус бохирдуулсны төлбөрт жилд 3,3 сая төгрөгийн төлбөр ногдохоор байгаа юм. Татвар нэмэхгүйтэй уялдуулан эдийн засгийн дарамт багатайгаар төлбөр тооцоог авахаар боловсруулсан. Хуулийн төсөлд аж ахуй нэгж байгууллагуудад бохирдлыг шатлалтайгаар гаргаж, өөр өөр төлбөрийн жагсаалттай. Өөрөөр хэлбэл, ус бохирдуулсан бодис нь хортой байх тусам төлөх төлбөрийг нь нэмэгдүүлээд явах юм. Энэ хуулийг өмнө нь огт хэрэгжүүлж байгаагүй учраас нэмэлт өөрчлөлт оруулаад, хэрэгжилтийг нь сайжруулах шаардлагатай байгаа юм.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:
-Энэ бол тулгамдсан бөгөөд эмзэг асуудал болсон. Ер нь бол гадаргын гүний усны нөөц эрс багассан. Улаанбаатар одоогийн хэрэглээгээр бол 25 жилийн нөөцтэй. Нийслэлийн иргэд нэмэгдэхийн хирээр нөөцийн хугацаа багасна. Тэгэхээр энэ хуулийг олон талаас нь бодож, батлах нь зүйтэй. Одоо ажлын хэсэг байгуулж, хэлэлцүүлгийн явцад асуудлуудаа ярилцаад явах нь зүйтэй юм. Энэ нь зөвхөн ус бохирдуулсны төлбөрөөс гадна газар тариалангийн бүс нутгийн усалгаатай газар нутагт хамаарах асуудал юм шүү.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай 2012 онд батлагдсан ч дагалдах журам батлагдаагүй, аж ахуй нэгжүүдэд дарамт учрах байсан учраас өнөөдрийг хүртэл хууль хэрэгжихгүй, төлбөр авч чадахгүй байсаар иржээ. Ийнхүү Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 56,5 хувийн саналаар дэмжигдлээ.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойш 15.00 цагт УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх буудлын хөрөнгө оруулалт, ашиглалтад оруулахтай холбогдсон асуудлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох юм.
А.ЦЭЛМЭН
УИХ-ын чуулганы өнөөдрийн хурлаар |
|