Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд ХҮН-ыг оролцуулахгүй байх шийдвэрийг цуцлахыг шаардлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд “ХҮН дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцож байгаа. Харин нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох эрхийг шударга бус нэг шүүгчийн шийдвэрээр зогсоосон.
Бид иргэдийн сонгогдох, сонгох эрхэнд битгий халд гэсэн олон мянган хүний гарын үсэг цуглуулсан. ХҮН сонгуульд оролцож ялж, ялагдах нь чухал асуудал биш. Харин ардчилсан сонгуультай байх уу, үгүй юү гэдгээ шийдмээр байна. Манай намыг дотоод зөрчилтэй, бичиг баримтын бүрдэл дутуу байсан гэх мэт мэдээлэл гарч эхэлсэн.
Нийслэлийн сонгуулийн хорооноос ХҮН-ын бүрдүүлсэн бичиг баримт нь бүрэн бөгөөд хууль ёсных гэдгийг мэдээлсэн. Харин Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр манай намыг сонгуульд оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн.
Тагнуулын ерөнхий газраас шүүхэд нэмэмжлэл гаргасан С.Бямбадэлгэрийн ашигласан тамга нь хуурамч гэдгийг мэдэгдсэн. Тэгэхээр хуурамч тамгатай нэхэмжлэлийн дагуу гаргасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр биш. Тиймээс Захиргааны хэргийн шүүгч Насандэлгэрээс захирамжаа хүчингүй болгохыг шаардаж байна. Хэрвээ захирамжаа цуцлахгүй бол аравдугаар сарын 8-нд олон нийтийн жагсаал зохион байгуулж, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэлээ.
А.Цэлмэн
ХҮН: Шүүхийн шийдвэрийг цуцлахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ |
|