Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүхийн Наурызын баярын мэндчилгээг хүргэж байна.
3 жил өмнө   484
УИХ-ын гишүүн, Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд асан, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүхийн Наурызын баярын мэндчилгээг хүргэж байна. 
 
Улс үндэстнийхээ хөгжил дэвшил, өв соёлын түүхийг бүтээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан азай буурал ахмадууд аа, уудам дэлгэр эх орондоо болон дэлхийн улс орнуудад ажиллаж, амьдарч буй нийт казах иргэд ээ
 
Ертөнц дэлхий өвлийн нойроос сэрж, үржил шимийн улирал эхэлж, өдөр шөнө тэнцдэг тэгш сайн өдрийг бэлгэдэн тэмдэглэдэг, эх дэлхийг гийгүүлэн тэтгэгч Нарны баяр - Наурызыг тохиолдуулан Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, хотол олноороо эрүүл энх, амар амгалан байж, хийморь цогтой, урам зоригтой амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог казах түмний түүх, соёлын өвөрмөц тусгал болсон хүндэтгэлт баяр Наурызыг тохиолдуулан Та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилж байгаадаа баяртай байна.
 
ЮНЕСКО 2009 онд Наурызыг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 оны Ерөнхий Ассамблейн чуулганаараа “Олон улсын наурызын өдөр”-ийг дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн билээ. Энэ нь “Наурыз” бол нийт хүн төрөлхтний баяр гэдгийг зарлан тунхагласан хэрэг юм.
 
Дэлхийн 40 гаруй орны 400 гаруй сая хүн ёслон тэмдэглэдэг энэхүү баярын өдөр казах түмэн маань айл хотол, ахан дүүсээрээ амар мэндээ мэдэлцэж, ахмад буурлуудынхаа ерөөл сургаалыг сонсож, “Наурызын өдөр дайснаа хүртэл уучил”, “Мууг сайнаар дайл” гэсэн өвгөдийн сургаалыг ёсчлон биелүүлж, ёс төгөлдөр баясан цэнгэдэг, эв нөхөрлөл, ёс зүй, хүмүүжлийн чухал ач холбогдолтой, үндэсний соёлын нэгэн чухал зан үйл юм.
 
Монгол Улсын төр, засаг ч энэ өдрийг казах түмний өв соёлыг хадгалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хүндэтгэн эрхэмлэх, үйл бүтээлээ дүгнэн цэгнэх, хөгжил дэвшлийн ирээдүйг угтан тодорхойлох утгаар тэмдэглэсээр ирсэн билээ.
 
Үндэсний соёл, түүх, ёс уламжлалаа эрхэм сайхнаар өвлөн хадгалж, хөдөлмөр тэмцэл, бүтээн байгуулалтын гайхамшигт түүхийг бүтээж, төрөлх нутгийнхаа төдийгүй улс орныхоо нэрийг дуурсгасан төр, нийгмийн зүтгэлтэн, урлаг соёлын алдартан, хөдөлмөрийн сайтууд, эрдэмтэн мэргэд казахчуудын дундаас олон арваар төрөн гарснаар бид ямагт бахархдаг.
Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүхийн Наурызын баярын мэндчилгээг хүргэж байна.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0