Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
УИХ ДАХЬ ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН БҮЛГЭЭС САНААЧИЛАН “СУВИЛАГЧДАА СОНСЪЁ” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
6 жил өмнө   1658
Олон улсын сувилагчдын өдрийг угтан УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс санаачилан  “Сувилагчаа сонсъё” хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яам болон “Сувилахуйн амьдрал төв” ТББ-уудтай хамтран зохион байгууллаа. 
Монгол улсын эрүүл мэндийн салбарын ачааны хүндийг үүрэлцэж яваа ч нэр нь гардаггүй баатарлаг үйлстнүүд бол сувилагчид юм.
Дэлхийн боловсролын холбооноос хийсэн судалгаагаар хамгийн хэрэгцээтэй 100 мэргэжлийн жагсаалтын хоёрдугаарт сувилагчын мэргэжил эрбэлэгдэж байна. Сувилагч гэдэг хүн төрөлхтөнд ямар чухал мэргэжил болохыг энэ судалгаа илтгэж байгаа юм. 
Харин Монгол улсад сувилагч мэргэжлийн үнэлэмж хэр байна вэ. Сувилагчдын цалин бага, ажлын байр нь стандартаас давсан ачаалалтай зэрэг олон шалтгааны улмаас залуу боловсон хүчнүүд мэргэжлээрээ ажиллахаас халширч худалдаа наймаа эрхлэх, гэрээр хүүхэд харах, өндөр настан асрах, Солонгос улс руу гурван сараар явахыг илүүд үзэж  байна. Сувилагч мэргэжилтний хомсдлыг бууруулах, ажил мэргэжлийнх нь үнэлэмжийг хэрхэн яаж сайжруулах вэ гэдэг асуудлаар Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын сувилагчдын төлөөлөл болон холбогдох төр захиргааны байгууллагууд хамтдаа хэлэлцэх юм байна. 

УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Оюунхоролын хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 
 

Эрүүлийг хамгаалахын нэгэн багана болсон 

Энхийн манаанд цэрэг шиг зогссон,

Хөлийн хурдаар ажлаа амжуулсан,

Гарын хурдаар ажлаа бүтээдэг,

Даруухан намтраараа өөрийгөө гоёсон

Нэр нь гардаггүй баатарлаг үйлстнүүд

Эрхэмсэг сувилагч бүсгүйчүүддээ удахгүй болох олон улсын сувилагчийн баярын мэндийг өргөн дэвшүүлье ээ.

Олон улсын сувилагчын өдрийг угтан УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг ЭМЯ болон “Сувилахуйн амьдрал төв” ТТБ-тай хамтран Монгол улсын эрүүл мэндийн салбарын ачааны хүндийг үүрэлцэж яваа та бүхнийхээ  санал бодол, тулгамдаж байгаа асуудлыг сонсохоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Дэлхийн боловсролын холбооноос хийсэн судалгаагаар хамгийн хэрэгцээтэй 100 мэргэжлийн жагсаалтын хоёрдугаарт сувилагчын мэргэжил эрбэлэгдэж байна. Сувилагч гэдэг хүн төрөлхтөнд ямар чухал мэргэжил болохыг энэ судалгаа илтгэж байна.

Харин Монгол улсад сувилагч мэргэжлийн үнэлэмж хэр байна вэ. Хамгийн их ачаалалтай ажилладаг ч цалин багатай, эмнэлгийн дунд мэргэжилтэн, эмчийн туслах гэдэг ерөнхий ойлголт одоог хүртэл явсаар байна. 

Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 11 мянга гаруй сувилагч бараг 100 хувь эмэгтэй. Энэ салбарт өрх толгойлсон эмэгтэйчүүд ч олноор ажилладаг.

Өнөөдөр авч байгаа 450 мянган төгрөгний цалингаараа өрх гэрээ, үр хүүхдээ өвч тэгш авч явахын төлөө зүтгэж,  цалингаас цалингийн хооронд өр тавьж амьдарч байгаа.  Дийлэнх нь цалингийн  зээлтэй, орон сууцны зээлтэй.

Гэхдээ сувилагчид маань ядуу зүдүү гэж гараа тосож суусангүй, нуруугаа бөгтийтөл зүтгэж, эрүүл энхийн манаандаа сэтгэл гаргаж ажилладаг юм аа.

Төрийн үйлчилгээний албанд 20-30 жил ажлаад тэтгэвэрт гарахдаа манай сувилагчид юутай гарч байгаа вэ. Тухайн салбарт ажилласан жилээсээ хамаарч авдаг 36 хүртэлх сарын тэтгэмжээ аваад цалингийн зээл, банкны өрөө дараад өргүй үлдчих юмсан гэсэн бодлыг л ихэнх нь тээж яваа.

Өнөөдрийн энэ хэлэлцүүлгийн гол зорилго бол сувилагчдынхаа өмнө тулгамдаж байгаа олон олон асуудалд гарц шийдлийг олох явдал юм.

  • нэг сувилагчид оногдох өвчтөний тоо стандартаас бараг 2 дахин илүү хэрнээ хөдөлмөрийн үнэлэмж бага
  • илүү цагийн хөлс олгогдоггүй, санхүүжилт хүрэлцээгүйгээс болж илүү цагаа биеэр амрахаас өөр гарцгүй болдог байна.
  • нэг сувилагч илүү цагаа биеэр амрахаар үлдсэн сувилагч 2 дахин ачаалалтай болох нь мэдээж шүү дээ
  • өнөөдөр сувилагчид цалин нэм гэхээсээ илүүтэй ажил хөдөлмөрөө зөв шударгаар үнэлүүлэхийг л хүсч байгаа.
  • сувилагчыг ажлын байран дээр нь чадавхжуулах, орчин үеийн цахимжсан тоног төхөөрөмжийг эзэмших чадавхид сургаж чадаж байна уу,
  • ажлын байрны эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцлийн чанар хангагдаж байна уу, ажлын байрнаасаа халдвар авч В, С вирусээр өвдсөн, улаан бурхан, сүрьеэгээр өвдсөн тохиодол хэр байна вэ.
  • сувилагчдын нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гээд олон асуултанд хариулт хүсч байгаа.
  • бүх шатанд эрүүл мэндийн бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэхэд сувилагч нарыг оролцоог хангаж чадаж байна уу
  • сувилахуйн тусламж үйлчилгээ хүн амын эрэлт хэрэгцээнд нийцэж байна уу,  шаардлагыг нь хангаж байна уу;
  • сувилахуйн дадлагатай, төлөвшсөн, ажиллах чадвартай боловсон хүчнээ тогтоон барих бодлого байна уу, нийгмийн асуудлыг нь хэрхэн шийдвэрлэж байна вэ;

Жилээс жилд хүн амд шинээр бий болж байгаа эрэлт хэрэгцээнд нь нийцсэн, чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх,  шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, сургаж бэлтгэх, мэргэшүүлэх ажлуудыг  төр, засаг онцгойлон анхаарч ажиллах ёстой.

Манай орны хувьд дэд бүтэц сул хөгжсөн өргөн уудам нутаг дэвсгэртэй, ард иргэд маань тархан суурьшсан, хүн амын 80 хувь нь  40-өөс доош насны залуус, ахмад настны эзлэх хувь өсөн нэмэгдэж байгаа зэрэг онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй.

Иймд өнөөдөр та бүхнийхээ дуу хоолойг сонсож, бодлого боловсруулах болон шийдвэр гаргах түвшинд авах цогц арга хэмжээний гарц шийдлийг эрэлхийлэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Амь өрссөн үхлийн өмнө

Ач буяны тэнгэр болж

Үхлээс аварч, дахин төрүүлдэг

Сувилагч тандаа хүн бүхэн баярлаж

Сүм адил зүрхэндээ тахиж явдаг аа.

Эрүүл энхийн манаад нүд цавчилгүй зогсдог

Эрүүл мэндийн салбарын цохиолох зүрх нь болсон та нартаа амжилтын дээдийг хүсэн ерөөе. 

 
УИХ ДАХЬ ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН БҮЛГЭЭС САНААЧИЛАН “СУВИЛАГЧДАА СОНСЪЁ” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0