Цөөн үгээр:
МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт “Ковид-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимураг хүлээн авч уулзлаа
2 сар өмнө   213
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт “Ковид-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура, Японы ХӨСҮТ-ийн захирал Т.Вакида нарыг хүлээн авч уулзлаа.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар “Ковид”-19 цар тахлын үед манай улсад дэмжлэг туслалцаа үзүүлж, ялангуяа өсвөр насны хүүхдийг вакцинжуулж байгаад талархал илэрхийлэв. Тэрээр хичээл сургуулийн үйл ажиллагааг зохицуулах, эмчилгээнд хэрэглэх эм, эдийн засгийн цаашдын төлөв байдлыг хэрхэн төсөөлж,  цар тахлын дараа ард иргэдийг аль болох түргэн энгийн амьдралд эргэн оруулах ямар стратеги төлөвлөгөөтэй байгаа талаарх Япон Улсын туршлага, үйл ажиллагааг сонирхлоо.
 
Япон дахь дельта вирусын тархалт, вакцины дархлаажуулалтын үр нөлөө, эмийн хэрэглээ, хүндээр өвдсөн өвчнүүдэд чиглэсэн эмчилгээний тухай тодруулж, мэдээлэл авав. Японы ХӨСҮТ манай эмч, ажилтнуудыг сургалтад хамруулж, дадлагажуулах зэргээр дэмжлэг үзүүлж ирсэнд талархаад, манай ХӨСҮТ-өөс тус төвд илгээгээд буй SARS-CoV-2 вирусын генийн өөрчлөлтийг шинжлүүлэх ажлыг түргэтгэж өгөхийг хүссэн юм.
 
Японы тал тус улсад хэрэглэж буй гол эмнүүд хөнгөн шинж тэмдэгтэй өвчинд илүү үр нөлөөтэй байгаа, мөн цар тахлын эсрэг эм шинээр бүтээж байгаагаа танилцуулж, дельта вирусын тархалт нийт тохиолдлын 30-40 хувьтай тэнцэж байгаа, халдварын тархалтаас сэргийлэхэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихын сацуу хавьталд орсон иргэдийн бүртгэл мэдээллийг нарийвчлан гаргаж байгааг танилцуулав. Япон Улс эмнэлгийн ажилтнууд, өндөр настнуудаа вакцинд хамруулсан, халдвар албан байгууллага, ажлын байранд их гарч байгаа, түүнчлэн айл өрхийн нэг гишүүн өвдөхөд бусад нь халдвар авч байгаа нь урьд нь түгээмэл байгаагүй тул урьдчилан сэргийлэхэд  анхаарч байгаа талаар ярьжээ.
 
Сайд Я.Нишимура цаашдын төлөв амаргүй байна гээд Монгол Улс цаг алдалгүй вакцинжуулалтаа шийдсэнийг дурдаад, Японд энэ оны 10-11 дүгээр сард багтааж хүн амынхаа 60 орчим хувийг вакцинд хамруулахыг зорьж байгаа, үүний дараа эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх боломж нэмэгдэнэ хэмээжээ. Халдвар хамгааллын дэглэмийн тухайд, Токиод оройн 20.00 цагаас хойш зоогийн газрыг ажиллуулахгүй байгаа. PCR шинжилгээнд өдөрт 100 мянган иргэн хамрагдаж, түргэвчилсэн оношлуурын хувьд хариу нь 15 минутад гардаг шуурхай багцыг өргөн ашиглаж байгааг дурджээ.
 
Талууд мэдээллээ цаашид тогтмол солилцож, хамтарсан судалгаа хийх зэргээр улам нягт хамтран ажиллахаар ярилцсаныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээллээ.
МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт “Ковид-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимураг хүлээн авч уулзлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0