Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Ерөнхийлөгчийн Элчин сайд нарт тавьж болох "хориг"
7 жил өмнө   807
Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны хуралдаанаараа зарим улсад суух Элчин сайд нарын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, Шведийн Вант улсад суух Элчин сайдаар О.Энхцэцэг, Япон улсад суух Элчин сайдаар Д.Батжаргал, Канад улсад суух Элчин сайдаар Я.Ариунболд, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад Элчин сайдаар Н.Тулга, Австралийн холбооны улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэр, Тайландын вант улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарь нарыг тус тус томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжиж, энэ тухай саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн юм. Ерөнхийлөгч Засгийн газрын саналтай танилцаад УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлдэг, УИХ дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгч эцэслэн томилж, Итгэмжлэх жуух бичигт нь гарын үсгээ зурдаг хуулийн зохицуулалттай.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн даруйдаа Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад Элчин сайдаар суугаа С.Баяр нарыг эгүүлэн татах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Засгийн газар Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авч дараагийн хүмүүсийг нь томилуулахаар саналаа гаргасан нь энэ.
 
Мөн одоогоос жилийн өмнө томилогдсон ч Ерөнхийлөгч дэмжээгүй хоёр Элчин сайдын асуудлыг хэлэлцээд өөр улсад томилуулахаар болсон юм. Тодруулбал, Засгийн газар Канад улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарь, Япон улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэрийг томилуулах саналаа өөрчилж Австрали, Тайланд улсад томилуулах санал гаргасан. Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг өмнө нь Япон, Канад улсад суух Элчин сайдаар томилохыг дэмжихгүйгээ байгаа илэрхийлж, дараагийн хүмүүсийг нь яаралтай оруулж ирэхийг Ерөнхий сайдаас хүсч байлаа. Тэрээр албан бичигтээ “Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Канад улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарийг тохоон томилох тухай асуудлыг УИХ-ын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн. Гэвч Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал гуравдагч хөрш орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих төвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна. Иймд эл асуудалд анхаарч Элчин сайдад томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу ойрын үед шинээр санал болгоно уу" гэсэн юм. Ерөнхийлөгч уг саналаа өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-нд Ерөнхий сайдад илгээж байлаа. Энэ бүхнээс үзвэл Ерөнхийлөгч Элчин сайд нарыг яаралтай томилуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа бололтой. Гэвч Засгийн газар саналаа хүргүүлээд 10 хонож байгаа Ерөнхийлөгч Засгийн газрын саналыг дэмжиж байгаа эсэхээ илэрхийлсэнгүй. Энэ нь дэмжихгүй байсаар байтал улсыг нь өөрчлөөд дахин оруулж ирсэн нэр дэвшигч Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нартай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн Ерөнхийлөгч Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжиж байгаа эсэхээ илэрхийлэх, УИХ-д өргөн барихгүй процедур нь хуулийн хугацаагүй ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3-т “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн дэмжлэг авч чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр санал оруулна. Өмнө нь олонхийн дэмжлэг авч чадаагүй нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилох буюу дахин нэр дэвшүүлэхийг хориглоно” хэмээн заажээ. Түүнээс биш Засгийн газар саналаа танилцуулснаас хойш дэмжих эсэхээ төдийн хугацааны дотор илэрхийлнэ, төдий хугацаанд багтааж УИХ-д өргөн барина гэсэн заалт алга. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч УИХ-аар дэмжигдсэн Элчин сайд нарыг эцэслэн томилохгүйгээр ямар ч хугацаагаар хойшлуулж болдог шигээ нэр дэвшигчдийн асуудлыг хэчнээн ч хугацаагаар хойшлуулж болох хууль эрх зүйн үндэслэлтэй ажээ. Товчхондоо таалагдаагүй нэр дэвшигчиддээ цаг хугацаагаар хориг тавих эрхтэй юм байна. Тиймээс Засгийн газраас өргөн бариад буй Элчин сайдад нэр дэвшигчдийн асуудал хэрхэн шийдэхийг цаг хугацаа л харуулах нь.
 
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN  
Ерөнхийлөгчийн Элчин сайд нарт тавьж болох "хориг"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0