ЧУУЛГАН: ЭЛЧИН САЙДЫН ТОМИЛГООГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ын чуулган эхэллээ. Хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Тодруулбал:
1. Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг,
2. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг,
3. Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,
4. Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд нарыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр саналд тусгасан байна.
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД 200 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УИХ-ын чуулган хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Энэ төсөлд эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 6.1 хувь, ажилгүйдлийн түвшин 7.5 хувиас ихгүй байна гэж заажээ.
Монгол Улсын Засгийн газар татварын орчинг шинэчилж, хялбар энгийн болгох, шударга өрсөлдөөнийг урамшуулах, хөрөнгийн зах зээлийг татварын бодлогоор дэмжих, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийн зардлыг бууруулах, элэгдэл тооцох хугацааг багасгах, татварын өр төлөх хугацааг сунгахаар төлөвлөн ажиллаж байна хэмээн сайд танилцуулгадаа дурдсан.
Мөн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахаас гадна эдийн засгийн өсөлтийн үр шимийг олон нийтэд хүргэх, хүртээмжтэй өсөлтийг бий болгоход анхаарч байгаа аж.
Энэ асуудлыг хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн М.БИЛЭГТ “Эмч нарын цалинг нэмэх боломж байгаа эсэх”-ийг тодруулсан юм. Үүнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Монгол Улсын эдийн засгийн нөхцөл хүнд байсан. Одоо л амьсгаа авах чадвартай болж байна. Эмч эмнэлгийн ажилчид цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа. Энэ шаардлагын дагуу цаашид үр ашигтай, хэмнэлттэй, менежменттэй шинэчлэл хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагад төсөвлөсөн санхүүжилтийг өөрсдөө захиран зарцуулаад, хэмнэсэн мөнгөөрөө цалин нэмэх байдлаар асуудлыг шийдэж болно” гэж хариулав.
Харин Ё.БААТАРБИЛЭГ “Манай байнгын хорооноос оруулсан 11 саналыг бүгдийг нь унагасан. Гэтэл яг адил зарчмаар оруулж ирсэн Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжсэн. Засгийн газар яагаад хөтөлбөрт тусгасан асуудлаа дэмжихгүй байгаа юм бэ. Дараа жил ийм зарчмаар үндсэн чиглэл явахгүй шүү” гэж сануулав.
УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:
-Агаарын бохирдлыг бууруулах 216 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн. Үүний 147 тэрбум төгрөг нь 2012-2016 онд хийгдсэн. Зарцуулалтыг харахаар 175 мянган зуух аваад өгчихсөн. Дээр нь олон улсын байгууллагаас авсан 3,3 тэрбум төгрөг авчихсан. Зарцуулалтыг нь харахаар агаар.мн сайт хийсэн нэрээр 327 сая төгрөг, судалгаа хийсэн нэрээр 30,40 сая төгрөг, хийгээр халаалт шийдэх нэрээр 1,9 тэрбум, Цэвэр агаар сангийн дотоод зардалд 932 сая төгрөг байна. Цэвэр агаар сан үр дүнгүй ажилласан тул татан буулгасан шүү дээ. Одоо энэ бүх асуудлаа цэгцэлж хариуцлага тооцож болдоггүй юм уу.
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:
-Утааг бууруулах бодлогоо нарийн гаргаагүй. Үүнээс болоод олон зүйлд самгардаад үр дүнд хүрээгүй. Хамгийн буруу шийдвэр бол түүхий нүүрсийг ууталж зарсан явдал юм. Тиймээс ирэх оноос түүхий нүүрсний хэрэглээг зогсоож байгаа. Үүнээс гадна нам даралтын зуух болон 100 мянган айлд индукцийн арга нэвтрүүлнэ. Энэ ажилд 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гарах байх гэж тооцоолж байгаа.
Ийнхүү УИХ-ын гишүүд үг хэлсний дараа зарчмын зөрүүтэй санал хураав. Энэ үед бүх гишүүд тойрогтоо төсөв хуваарилуулах сонирхолтой байсан учраас УИХ-ын чуулган нэлээд сунжирч, цаг сунган хуралдсан юм.
Үүгээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. Үдээс хойш 15.00 цагаас үргэлжлүүлэн хуралдана.
“2018 ОНД 1,1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХҮҮ ТӨЛСӨН” ГЭВ
УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Төсвийн хүрээний мэдэгдэл гэж хэдэг тоо л ярьсан. Төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрээд байгаа. Өрийг харахаар төсөвт ирж байгаа ачаалал их байна. 2018 онд 1,1 их наяд төгрөг, 2019 онд 865 тэрбум төгрөг, 2020 онд 723 тэрбум төгрөгийн хүү төлнө. Нөгөө талаас төсвийн зардал 2 их наяд төгрөгөөс буухгүй байна. Төсвийн чадал нь ийм л байна шүү дээ. Эмч, багш нарын цалинг нэмэх тал дээр бүгд нэг ижил байр суурьтай байгаа. Гэтэл жагсаал хийж байгаа хүмүүс дээр Ерөнхийлөгч нь очоод “цалин нэмэх боломж байна” гэж хэлээд үймүүлээд байна шүү дээ. Бодит байдлаа хэлээч. Энэ танхимд орж ирээд бүгд өөр зүйл ярих юм. Төрийн албан хаагчийн цалин нийт 1,8 их наяд төгрөг болдог. 2019,2020 онд цалин нэмэх боломж байна уу?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-2019 оны төсвийг энэ оны эхнээс хийгээд явж байгаа. Эрүүл мэндийн салбарын асуудлыг ойлгож байна. Бид нар Эрүүл мэндийн даатгалын санг Тэтгэврийн сангаас салгасан. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын санд жил бүр 40 тэрбум төгрөгийн үлдэгдэл гарна. Хоёрдугаарт, томоохон эмнэлгүүд санхүүгээ өөрсдөө захиран зарцуулах эрх мэдлийг өгч байгаа. Ингэснээр тухайн эмнэлэг өөрсдөө нэмэлт орлого олох боломжтой болох юм.
ЖДҮ-ИЙН ТАТВАРЫГ 1 ХУВЬ БОЛГОХ ХУУЛЬ САНААЧИЛЖЭЭ
УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдааны үед төсвийн хүрээний мэдэгдлийг үндсэн чиглэлтэй уялдуулах шаардлагатайг гишүүд хэлж байсан юм.
Үүний дараа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан бөгөөд төсөлд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгох, уг хуулийн үйлчлэлд хамаарч буй аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа жилд 1 удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг байхаар төсөлд тусгажээ. Мөн жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулахаар төвлөрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн борлуулалтыг дэмжихтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байна.
Одоо хэрэгжиж буй хууль дахь тунхаглалын шинжтэй жижиг, дунд үйлдвэрийн дэмжлэгийн талаарх бодлого, үндсэн чиглэлийн талаарх заалтуудыг өөрчлөн найруулж, хуулийн үйлчлэх хүрээг нарийвчлан тогтоож, ажил олгогч нарын ажлын байр шинээр бий болгох сонирхлыг эдийн засгийн хөшүүрэг ашиглан нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгасан болохыг Ж.Ганбаатар гишүүн танилцуулав.
УИХ-ын чуулган үргэлжилж байна.
А.ЦЭЛМЭН
ЖДҮ-ийн татварыг 1 хувь болгох хууль санаачилжээ |
|