Жил бүрийн хавар Тавантолгой төслийг хөдөлгөх асуудлыг ярьдаг ч ажил хэрэг болж, амжилттай хэрэгжсэн нэг ч зүйл алга. 2010 оноос хойш бүтэн найман жил Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг үе, үеийн Засгийн газар ярьж ирлээ. Харамсалтай нь хөдөлгөж чадсангүй.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Тавантолгойн төслийг хөдөлгөнө гэж хэдэнтээ ам гарсан. Тодруулбал, тэрээр БНХАУ-д айлчлахаасаа өмнө хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө Тавантолгой төслийг БНХАУ-тай хамтран хөдөлгөнө гэдгээ илэрхийлсэн. Тэрээр “БНХАУ бол Тавантолгойг хөдөлгөх бүрэн боломжтой бөгөөд сонирхож байгаа. Өнөөдөр Монгол Улс Тавантолгойн баялгаа БНХАУ руу л гаргана. Тиймээс бид тэдэнтэй хамтран ажиллах ёстой” гэж байсан.
Засгийн газрын зүгээс Тавантолгой төслийг хөдөлгөх 2-3 хувилбарыг дэвшүүлж байгаа юм байна. Хувилбарт, Тавантолгой төсөлд Монголын үндэсний үйлдвэрлэгчид буюу компаниудыг оролцуулж хамтран ажиллах. “Эрдэнэс-Тавантолгой”, БНХАУ-тай хамтран ажиллах талаар хувилбарууд дэвшүүлж байгаа аж.
Засгийн газраас Тавантолгойг хөдөлгөх шийдлээ ирэх даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцүүлнэ гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гаригт Эдийн засгийн чуулганы бэлтгэлтэй танилцах үерээ илэрхийлсэн. Тэрээр, Тавантолгойн асуудлыг бүлгээр хэлэлцүүлж, уг төслийг хөдөлгөх үү, үгүй гэдэг дээр улс төрийн шийдвэр гаргах ёстой. Олон жил ярьж байгаа энэ асуудлыг нэг талд гаргах ёстой” гэдгээ илэрхийлжээ.
Хэрвээ МАН-ын бүлэг Засгийн газраас дэвшүүлж буй Тавантолгой төслийг хөдөлгөх хувилбарыг дэмжвэл УИХ хэлэлцэх боломжтой. Түүнчлэн, ирэх даваа гаригт болох Монголын эдийн засгийн чуулганд төрийн гурван өндөрлөг оролцох бөгөөд энэ үеэр Монголын Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой төсөл дээр ямар байр суурь баримталж байгаа нь тодорхой болж магадгүй юм.
А.ЦЭЛМЭН
МАН бүлэг Тавантолгойн асуудлыг хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргана |
|