Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Б.Баттөмөр: Чанаргүй зээлтэй ААН-үүдийн эцсийн өмчлөгчийг олж, дансыг нь царцаана
3 жил өмнө   398
Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан. Уг ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.  
 
Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр "Ажлын хэсэг энэ сарын 8-наас хойш ажиллаад урьдчилсан дүгнэлтээ гаргасан. Цаашдаа шалгах зүйл их байна. Шалгалтын явцад 800 гаруй хуудас материал цуглаад байна. Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 68.9 хувь нь буюу нэг их наяд 874 тэрбум төгрөг нь Засгийн газрын баталгаагүй олгогдсон. 31.1 хувь буюу 845 тэрбум төгрөг нь Засгийн газрын баталгаатай. Монгол Улс 2023 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Хөгжлийн банканд 63 тэрбум, мөн оны аравдугаар сарын 23-нд 1.6 их наяд төгрөг буюу 500 сая ам.долларын бондын өр төлнө. Мөн арванхоёрдугаар сард нь "Самурай" бондын эргэн төлөлтийг хийнэ. Эдгээр эргэн төлөлтүүдийг хийхэд Хөгжлийн банкнаас олгосон зээл хүрэлцэхгүй. Тиймээс Засгийн газрын нуруун дээр их хэмжээний ачаалал ирнэ. Хөгжлийн банкны эрсдэлийн сан 585 тэрбум төгрөг байсныг Монголбанкнаас гаргасан тооцооллын дагуу 1.3 их наяд төгрөг болгож нэмэгдүүлсэн. Хөгжлийн банк 2012 оноос зээл олгож эхэлсэн. Нийт 7.4 их наяд төгрөгийн зээл олгосон. Үүнээс одоогийн байдлаар 3.2 их наяд төгрөгийн зээл нь чанаргүй болчихоод байна. 1.2 их наяд төгрөгийн зээл нь чанартай гэсэн ангилалд байна. Нийт зээлийн 84.1 хувь нь зориулалтын дагуу зарцуулагдаж байна.
 
Зээлийн хугацаа хэтрэлтийн тухайд 1-2 жилээр хугацаа нь хэтэрсэн 462, 2-3 жилийн хугацаа хэтэрсэн 482 тэрбум, гурваас дээш жилийн хугацаа хэтэрсэн 1.1 их наяд төгрөгийн зээл байгаа. Анхаарал хандуулах ёстой таван зээл бий. Үүний нийт дүн нь 209 тэрбум төгрөг.
 
Барьцаа хөрөнгийг авч үзвэл нийт зээлийн 59.9 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн 39 зээл барьцаа хөрөнгө хангаагүй, 46.1 буюу 1.4 их наяд төгрөгийн зээл барьцаа хангалттай гэж үзсэн.
 
Хөгжлийн банкны асуудлыг гаргаж тавьснаас хойш 21 аж ахуйн нэгж 48.9 тэрбум төгрөгийн зээл төлсөн. 
 
Ажлын хэсэг Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчныг сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Мөн бүх зээлийн зарцуулалтыг газар дээр нь очиж нэг бүрчлэн шалгаж үзэх шаардлага гэж үзлээ. Барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоохын тулд мөрдөн шалгах баг үүсгэнэ. Чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлүүдийн компаниудын эцсийн өмчлөгчийг тогтоон, шаардлагатай бол дансыг нь царцаана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөнө. УИХ ирэх сарын 15-нд нээлтээ хийнэ. Одоогийн ажлын хэсгийг хянан шалгах түр хороо болгон өргөтгөх саналаа бид УИХ-ын чуулган нээлтээ хиймэгц өргөн барина. Мөн хяналтын сонсгол зохион байгуулна" гэлээ.
 
 
Б.Баттөмөр: Чанаргүй зээлтэй ААН-үүдийн эцсийн өмчлөгчийг олж, дансыг нь царцаана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0