Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгоно
3 жил өмнө   435
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.03.16) хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Эхлээд “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
 
 
 Уул уурхайн экспортоос хэт хамааралтай байгаа Монгол Улсын “хүрэн” эдийн засгаа солонгоруулж, аялал жуулчлал болон худалдаа, үйлчилгээний салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгааг төслийн танилцуулгад тэмдэглэжээ.
 
    Иймд аялал жуулчлалын салбарт нэн шаардлагатай байгаа олон улсын стандартад нийцсэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээнүүдийг бий болгохыг зорьж “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн 1000 га газарт аялал жуулчлалын цогцолбор, мэдээлэл технологийн кластер, олон улсын санхүү, бизнесийн үйлчилгээний төв бүхий эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар төлөвлөсөн байна.
 Татварын таатай орчинд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болсноор эдийн засаг, нийгмийн үр өгөөж өгч, 50.0-60.0 мянган ажлын байр шинээр бий болж, “Халамжаас-Хөдөлмөрт” шилжих Засгийн газрын бодлого хэрэгжихэд томоохон хувь нэмэр болно хэмээн төслийн танилцуулгын үеэр Сангийн сайд хэллээ.
 
    Эдийн засгийн чөлөөт бүсийг амжилттай хөгжүүлснээр Хөшигийн хөндий рүү таталцал бий болж, шинжлэх ухаан, инновацад суурилсан их дээд сургуулиудын хотхон бий болж, “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хангасан, үндэсний өв соёл, уламжлалыг хадгалсан  ухаалаг, эко суурьшлын бүсийг байгуулах нөхцөл бүрдэх аж.
    Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150.0 мянган иргэн, 50.0 мянга орчим өрх шилжин суурьшиж, Улаанбаатар хотын замын түгжрэл 15 орчим хувь, 1мкв талбайд оногдох хүн амын нягтрал 20 хувиар буурах тооцоолол гарсныг төслийн танилцуулгад дурдав.
 
 
  Мөн Өмнөх чөлөөт бүсүүдийн хувьд үйлчлүүлэгч багатай, төвлөрөл үүсэх боломж хомс байршил нь сул тал болж байгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээл багатай, замын дэд бүтцийн зангилаа уулзварууд нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдгаас бизнесийн үйл ажиллагааны төвлөрөл үүсэх боломж хомс байсан гэдэг дүгнэлтийг судалгааны дүнд гаргасан гэдэг хариултыг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол өгсөн юм.
 
 

 
    Одоогоор Хөшигийн хөндийд 31 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байгаа бөгөөд өнөөдөр Байнгын хорооны хуралдаанд хэлэлцэж буй нь ердөө 1000 га газар дээрх бүтээн байгуулалтын асуудал бөгөөд нисэх буудлыг дагасан аялал жуулчлалын бүс, худалдаа үйлчилгээ, шинжлэх ухаан, мэдээлэл технологи дээр суурилсан, санхүү, бизнес төвүүдийг байгуулснаар амжилттай ажиллах боломжтой хэмээн үзэж байгаа гэв. Аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, төлбөр, таавар, бооцоот тоглоомын дагалдах үйлчилгээг хуульчилж оруулж ирсэн, эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Халамжаас-хөдөлмөрт шилжих” бодлогод нийцүүлэн залуучууд очиж ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, ажлын байрыг олноор бий болгох хөгжлийн концепц болно хэмээн төлөвлөөд байгааг мөн тэрбээр хариултдаа дурдсан. Бүтээн байгуулалтыг амжилттай болгохын тулд нэн тэргүүнд хөрөнгө оруулалтын механизмыг тодорхой болгох, тогтвортой байдлын гэрээ байгуулах замаар  аж ахуйн нэгжүүдээ дэмжих, санхүүгийн нөөц, бололцоод тулгуурлан, нээлттэй ил тод, дуудлага худалдааны зарчмаар газар олгох зарчмуудыг баримталж ажиллана гэв. Аялал жуулчлалын урсгалыг идэвхжүүлэх зорилгоор казино байгуулах, үүний тулд холбогдох хуулийн төслийг боловруулахаар төлөвлөөд ажиллаж байгаа юм байна. Монгол Улсад жилд дунджаар 550 мянган жуулчин ирдэг ба салбараас олох орлого нь ДНБ-ий 3 хувьд  хүрэхтэй үгүйтэй, гэхдээ 16.600 ажлын байрыг бий болгодог байсан нь цар тахлын улмаас бүрэн зогсоод байгаа гэх тоо баримтыг мөн дурдсан.
 
Төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0